Шүүгчид онлайнаар номын дуу сонсож байна

АНУ-ын Тэмплийн их сургуулийн хуулийн профессор Харвел Веллс өнөөдөр Монгол Улсын 107 шүүгчтэй онлайнаар холбогдон  "Компанийн  хувьцаа эзэмшигчийн эрх"  сэдвээр сургалт явуулж байна. Энэ нь шүүхийн сургалтад нэвтрүүлсэн онлайн, зайн сургалтын тоног төхөөрөмжийг ашиглан тив алгасан явуулж байгаа анхны сургалт юм. Энэхүү сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Зүүн Азийн бүсийг хариуцсан төслийн менежер Маргарита Милих нар оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ шүүхийн сургалтын дизайн, хөтөлбөрийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын эрэлт хэрэгцээ, олон улсын нийтлэг жишигт тулгуурлан шинэчилж байгааг онцолсон юм. Тэрээр цааш нь шүүхийн сургалтад хууль хэрэглээний сургалтын зэрэгцээ  шүүгчийн ур чадвар хөгжүүлэх, шүүгчдэд салбар дундын мэдлэг олгох, шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих гэсэн тодорхой чиглэлүүдээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгааг хэллээ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийг хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг нь энэ сургалт юм.

Төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагааны хүрээнд иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон сум, сум дундын шүүгчдэд даатгалын эрх зүй, өрсөлдөөний эрх зүй, дампуурлын эрх зүй, хувьцаа эзэмшигчийн эрх, зээлдүүлэгчийн эрх гэсэн үндсэн таван сэдвээр сургалт зохион явуулна. Сургалт зургадугаар сарын 17-ныг дуустал үргэлжилнэ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025