
Эх орондоо 2014 оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн найруулагч С.Бямбын бүтээл “Алсын Удирдлага” кино БНСУ-ын Бусаны олон улсын 18-р кино наадмын “Шинэ давалгаа” уралдааны тэргүүн шагналт, 2014 оны гуравдугаар сарын 20-оос дөрөвдүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулагдсан Вильнюсийн 19 дахь олон улсын кино наадамд амжилттай оролцсон. Тус наадамд нийт дэлхий өнцөг бүрээс сонгогдсон 200 гаруй уран сайхны, богино хэмжээний болон баримтат киног 15 тусгай хөтөлбөрийн хүрээнд толилуулснаас Алсын Удирдлага УСК нь Шинэ Нээлт хөтөлбөрийн хүрээнд Балтын орны үзэгчдэд анх удаа хүрсэн.
Мөн тус кино дөрөвдүгээр сард Бельгийн MOOVE олон улсын кино наадам 40 дахь удаагаа зохион байгуулагдахад дөрвөн удаа үзэгчдийн хүртээл болсноос гадна наадмын шилдэг киног тодруулах уралдаанд нэр дэвшсэн байна. Энэхүү наадамд 2014 оны Роттердамын ОУКН-ын тэргүүн шагналт Han Gong Ju, 2014 оны Берлиний ОУКН-ын Мөнгөн баавгай шагналт Blind massage, мөн наадмын Болор Баавгай шагналт Cienciasnaturales болон 2014 оны Истанбулын ОУКН-ын Туркын Шилдэг Кино шагналт I am not Him болон Торонто, Венец, Хон-Конгын ОУКН-уудад шилэгдэн оролцож байсан билээ. Олон улсад нэртэй бүтээлүүдтэй Алсын Удирдлага эн зэрэгцэн энэ наадамд оролцжээ.
“Алсын удирдлага” Бусан, Сөүл, Роттердам, Гётеборг, Вильнюс, Вашингтон, Бельгийн Муув, Сиетлийн олон улсын кино наадмуудад эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд 6-р сард Чехийн Хүүхдийн, Лондоны Терракота болон Шанхай олон улсын кино наадам, 7-р сараас Мюнхен, Лондон болон Варшавын олон улсын кино наадмуудад мөн оролцох урилгаа албан ёсоор хүлээн аваад байгаа юм.


Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна