Хүний нэр их утга учиртай байдаг гэдэг. Социализмын үед орос ах, эгч нарын нэр эсвэл тухайн үед алдаршиж байсан жүжигчдийн нэр, тухайлбал, Агиймаа, Ариунаа гэх мэтээр нэрс урсдаг байсан бол зах зээл гарснаас хойш түүхэн эсвэл гүн утга агуулгатай нэрс их өгөх болсон. Нэгэн үеийн Ану, Анударь,Тэмүүжин, Тэмүүлэн гэх мэтийн нэртэй хүүхдүүд олон. Харин сүүлийн үед бүр халиад хачин янзын, заримдаа дуулж, сонсож байгаагүй нэрс олноор сонсогдох болж. Ялангуяа манай олны танил оддын хүүхдүүд мөн ч сонин нэртэй болж байна шүү. Тэдний заримтай нь танилцъя.
Д.Болдын Эзлэн

Хар залуудаа Төрийн соёрхол хүртэж, монгол попоор өвчлөх болсон Д.Болд С.Жавхлангийн араас орж байгаа бололтой. Саяхан төрсөн бяцхан хүүдээ Эзлэн хэмээх сонин янзын нэр хайрлажээ. Охиндоо Эгшиглэн, хүүдээ Энэрэлэн хэмээх утга төгөлдөр нэр өгчихөөд отгондоо юуны учир Эзлэн хэмээн нэр өгсөн нь одоохондоо хариултгүй байна. Эзэрхийл, эзлэн түрэмгийл эсвэл эзэмд гээд байгаа юм бол уу. Юутай ч цорын ганц ийм нэртэй хүүхэд болж байгаа бололтой.
Эбагийн Өөдлөн

Тэгвэл Төрийн соёрхолтын баз хүргэн, хамтлагийнх нь Эба өнгөрсөн оны сүүлээр төрсөн 4 дэхь охиндоо Өөдлөн хэмээх бас сонин нэр өгсөн. Эгч, дүүсийг авч суусан баз хүргэнүүдийн нэрний сонголт нь хүртэл ижилхэн төгсгөлтэй байгааг бодоход ихээхэн ойр дотно бололтой юм гээч.
Хаянаагийн ховор нэртүүд

“Номин талст”-ын Хаянхярваа хүү, охин хоёртой. Том охиныг нь Танхилуун гэдэг бол багыг нь Эрхэтгүн гэдэг гэнэ лээ. Бас л Монголдоо байхгүй гоёмсог нэрнүүд. Ингэхэд багадаа хийдэд шавилдаг байсан Хаянаа тун ч сүсэг бишрэлтэй, амны уншлагатай ламчин гэнэ лээ. Тиймдээ ч хүүхдүүддээ нэр өгөх гэж 2, 3 хуудас нэр бичиж аваад лам багш дээрээ очиж сонгуулдаг гэнэ. Мөн ч их хичээл зүтгэл, мөн ч их сүсэг бишрэл ээ...
Дээгийгийн Зөөлөнсий

“Номин талст”-ын Дэлгэрмөрөн угаас үндэсэрхэг үзэл, философилог яриагаараа алдартай нэгэн. Хил дамнан хэдэн жил захиа зөөлцсөөр нэг юм өөрийнх болгож авсан хайрт Жулиана нь дуучин эрд хожуухан ч гэлээ хөөрхөн охин төрүүлж өгсөн. Дээгий харин хожуу ирсэн охиндоо Зөөлөнсий хэмээх ёстой сонин нэр өгсөн дөө. Ямар нэг гүн, далд утгагүй энэ нэрийг мань хүн тайлбарлахдаа “Гарынхаа алгыг үлээ дээ, тэгэхэд төрдөг нэг тийм гоё зөөлөн мэдрэмж” хэмээн ярьсан. Дээгийд гар үлээх мэдрэмж л тийм их нандин, эрхэм бололтой. Түүн шиг мэдрээд сурчихвал ч...
С.Жавхлангийн гүнжүүд

Үндэсэрхэг үзлээр бүр өвчлөөд, хэтэрч дэндээд буй С.Жавхлан 2 эхнэрийн 3 охинтой. Ууган охиндоо Юм-Агь нэр хайрласан нь Ойрадын их жанжин Галдан бошготын эх Юм-Агасын нэрийг зээлсэн хэрэг. Дараагийн охиндоо Үжингүнж, төрөөд удаагүй багадаа Өдрийнцолмон хэмээх нэр өгсөн гэнэ лээ. Өдрийн цолмон гэж бас байдаг бололтой юм.
Бяцхан Сүндари

Алаг нүдэн гавьяатын хүсэн хүлээн байж дөч гарсан насандаа хайртай залуу, насны ханиасаа олсон охиныг Сүндари гэдэг. Бас л урд хожид дуулдаж байгаагүй ховор сонин гэхдээ маш чамин тансаг нэр гэлтэй. Т.Бархүү, И.Одончимэг гавьяат хоёр багагүй эрэл хайгуулж хийж, сэтгэлээ чилээн байж энэ нэрийг сонгоо байлгүй.
Г.Анхмаагийн Унд-Арга

Нярайлаад удаагүй байгаа “3 охин”-ы Г.Анхмаа охиндоо бас л сонин янзын нэр өгсөн байх юм. Уг нь ч нэр сонин биш л дээ, бичлэг, дуудлага нь их сонин. Жүжигчин Бэкэ, дуучин Анхмаа хоёр анхны охиндоо Унд-Арга хэмээх нэр хайрлажээ.

Сэтгэгдэл (78)