Цагдаагийн ТУСГАЙГ анхлан байгуулсан “Цагаан бар”-ын Д.Чинзориг
...Анхны 60 хар гэж алдартай тусгайгийн ажилтнууд Д.Чинзоригийн гараар орсон бөгөөд тэд одоо Америкийн Сенатад хүртэл бие хамгаалагчаар ажиллаж байгаа гэдэг....
Энэ хаврын, магадгүй энэ жилийн хамгийн том дуулиан, хамгийн том үнэгүй хошин шоуг экс ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монголын цагдаа хүчнийхэн хамтарч, нэг шөнө ард түмнээ нойргүй хонуулан байж толилуулсан. Бөөсөнд хутга гэгчээр нэг хүнийг барих гэж 300 цагдаа Оргил рашаан сувиллын гадаах Мянган сорилын байр гэгчид 4-р сарын 13-ны шөнө юу ч болгов доо. Үүгээрээ Монголын цагдаа, хүчнийхэн олон улсын доог тохуу болж, ямархан түвшинд байгаагаа харуулсан гэж болно. Энэ бүхнийг үл өгүүлэн өгүүлэхэд энэ цагийн Монголын шилдэг чекистүүдийн нэг, өдгөө хувийн бизнес эрхэлж, хөшигний цаана амьдарч буй нэгэн нууцлаг ноёнтныг танд танилцуулах гэж байна. Хэрвээ цагдаа хүчний байгууллагадаа тууштай карьер хөөсөн бол өдийд ЦЕГ-ын дарга болчихсон явахаар хэмжээний чадалтай энэ эрийг хэрвээ өнөөдөр цагдаадаа байсан бол Н.Энхбаярыг баривчилдаг шиг хошин шогийн юм хийхгүй, Монголын цагдаа ч ийм хөөрхийлөлтэй дүр төрхтэй байхгүй байсан хэмээн хүчний байгууллагад хамт ажиллаж байсан журмын нөхөд нь өдгөө шогширч сууна. Чухам энэ ярианаас үүдэн бид ноён Д.Чинзоригийг эрэн сурвалжилсан юм.
“Цагаан бар”-ын Д.Чинзориг хэмээн алдаршсан энэ эрхэм манай хилийн цэргийн нэртэй хурандаа нарын нэг Дашням хэмээх эрхмийн ууган хүү. Хар багаасаа цэргийн амьдралын хатуу хөтүүг амт, аз жаргалтай нь эдэлсэн бяцхан хүү угийн цагдаагийн хүн болно гэж мөрөөддөг байсан бөгөөд дунд сургуулиа дүүргэчихээд жил орчим сэргийлэгчээр ажилласныхаа дараа шалгарч, хуучнаар ЗХУ-д Хорооны дээд сургууль буюу Аюулаас хамгаалахын тусгай дээд сургуульд суралцахаар явсан гэдэг. Саадны цагдаа байхдаа л шпагат суучихсан утсаар яриад сууж байдаг байсан ноён Д.Чинзориг анхнаасаа тусгайгийн дээд зэргийн мэргэжилтэн болох нь тодорхой байсан гэж тухайн үед хамт ажиллаж байсан хүчнийхэн одоо хэр нь ярьцгаадаг.
Оросын тусгай алба, тусгай ажиллагаа гэдэг хэзээнээсээ алдартай. Энд суралцаж, ясны тусгай ажилтан болсон ноён Д.Чинзориг эх орондоо ирчихээд хэсэг хугацаанд ажиллахдаа хамуутай төлөг шиг байсан Монголын цагдаа ёстой цагдаа шиг болгосон гэдэг. Одоо мөн хувиараа бизнесэ эрхлээд, үндсэн мэргэжлээсээ хөндийрөөд явчихсан Уугангэрэл хурандаа, Д.Чинзориг хоёр чухамдаа Монголын анхны тусгай анги гэгчийг сургаж, байгуулж байсан нь тэртээ 90-ээд оны эхэн үе. Каратегийн 4 дан, нэг бүстэй ноён Д.Чинзоригийн бэлтгэсэн Монголын анхны тусгай ангийнхан 60 хар хэмээн алдаршсан ёстой шижигнэсэн жаран залуу 66 машины явдал дунд үсрээд буучихдаг хүн биш робот шиг болчихсон залуус байсан гэдэг. Жаран харын ихэнх нь өдгөө Америкийн Сенатад хүртэл хувийн бие хамгаалагчаар ажиллах зэргээр тарж бутарч одсон бөгөөд цагдаадаа үлдсэн нь бас л цөөхөн бололтой.
Харин ноён Д.Чинзоригийн тухайд Монголын цагдаад хоёр том гавьяа байгуулчихаад ид шуугиулж байх үедээ цагдаагаасаа гарч, хувийн бизнес хөөгөөд явчихсан аж. Тэрхүү гавьяа гэдэг нь Төмөр замд дээрэм хийдэг бүлэг дээрэмчдийг халуун үүрэнд нь барьж, тусгай ажиллагаа гэж юу болохын гайхамшгийг харуулсан учраас хорин хэдхэн насандаа Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан цуутай чекист. Энэ тухай “Буу таазанд, буудагч шаланд” хэмээх нэртэй том нийтлэл тухайн үеийн сонинд гарч байжээ. Үүнээс гадна нэгэн элчин яаманд гарсан хэргийг ч цагдаагийн ажилтны ур чадвараар газар дээр нь нам дарж байсан гээд ид шуугиулж байхдаа ажлаасаа гарч, “Цагаан бар” хэмээх секьюрити компани байгуулсан нь манайдаа бас л анхдагч. Өдгөө ГОК-оос авахуулаад Монголын томоохон обьект, том компаниуд аюлгүй байдлаа чухамдаа Д.Чинзоригийн “Цагаан бар”-д даатгадаг гэнэ лээ. Бие хамгаалах урлагийг мөн л өндөр түвшинд эзэмшсэн ноён чекист каратегийн 4 дан, нэг бүстэй бөгөөд энэ нь бие хамгаалах урлагтаа нэлээн дээгүүр зиндааны цол гэж явдаг байна. Өдгөө 50 настай гэхэд оворгүй, бие хаа чийрэг, олны нүднээс далд, нууцлаг амьдардаг энэ эрхэм Монголын нууцлаг толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 3 хүүтэй, нэг хүү нь Америкийн Вашингтоны их сургуульд, нөгөө нь Бээжингийн их сургуульд тус тус суралцдаг байна.
Эх сурвалж: "Гранд сэтгүүл"
Сэтгэгдэл (7)