Оросын газрын тосны экс магнат Михаил Ходорковский Михаил Ходорковский 2003 оноос хойш шоронд хоригдож байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Путины хамгийн том өрсөлдөгч гэгдэж байсан “ЮКОС”-ийн захирал асан ийнхүү 11 жил хоригдоод, суллагдсан даруйдаа Шенгений орнуудын виз авч, одоо Швейцарид амьдарч байгаа юм.
Ингээд түүний үлгэр шиг амьдралын түүхээс сонирхоно уу.
Орос орон тоталитари системээс салж ардчилсан улс болох эхний үед тус улсад олон арван тэрбумтнууд төрөн гарсныг та бүхэн мэдэх билээ. Тэдгээр бизнесменүүдийг хүмүүс олигархиуд гэж нэрлэдэг.
Тэдгээр олигархиуд хэрхэн ийнхүү богино хугацаанд хөлжсөнийг хүмүүс одоо хэр нь гайхдаг. Ийн асар богино хугацаанд тэрбумтан болно гэдэг нь хууль бус аргаар эсвэл бусдыг мөлжиж завших замаар байж болох үзэгдэл гэдэг. В.Путин Оросын ерөнхийлөгч болсноосоо хойш гэмт хэрэгтнүүд тэр тусмаа эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн зарласан.

Автовазийг дампууруулж асар их ашиг олсон Борис Березовский Англид дүрвэж, хэвлэлийн магнат байсан А.Гусинский Израйль руу зугтсан нь үүний тодорхой жишээ юм. Харин үлдсэн хэдэн олигархиуд нь В.Путинээс айж түүний бодлогыг хүлээн зөвшөөрч цагаан туг мандуулан бууж өгсөн. Гэхдээ бүгд азтай байсангүй. ЮКОС-ын эзэн, “Форбс”-д дээрээсээ эхний аравт бичигддэг байсан дэлхийн баячуудын нэг М.Ходорковскийг гай дайрсан юм.
Түүнийг татвараас зайлсхийсэн мөн хууль бусаар ашиг олсон гэх үндэслэлийн дагуу Путины тушаалаар баривчилсан билээ. Сибирийн чанга дэглэмтэй шоронд ял эдэлж байхад нь Францын “Пари Матч” сэтгүүлийнхэн уулзаж ярилцсаныг хүргэж байна.
-Таны жирийн өдрүүд яаж өнгөрдөг вэ, сайн унтаж чаддаг уу?
-Эндэхийн дэглэм маш хатуу, чанга. Би хорь орчим хоригдолтой өрөөнд байрладаг. Бүх хүн дүрэм журмыг биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ миний бие организм, оюун ухаан энэ ачааллыг давж гарч чаддаг. Наранд байхдаа би маш бага унтдаг байсан. Яагаад гэвэл тэнд гэр бүл, сайхан ажил минь байсан болохоор тэр.
-Ер нь энэ шоронд хэдэн хоригдол байдаг вэ? Тэд танд яаж ханддаг мөн танаас мөнгөний чинь талаар асуудаг уу?
-Энэ шорон 200 гаруй хоригдолтой, дундаж нас 25. Тэд хулгай дээрэм, хар тамхи зэрэг янз бүрийн хэргээр ял эдэлдэг. Миний олонд танигдсан нэр хүнд болон нас зэргээс хамаарч хоригдлууд надад хүндэтгэлтэй ханддаг. Харин мөнгөний талаарх асуудлыг энд ярих хориотой.
-Танд нийгмээс тусгаарлагдсан орчинд байх ямар байна? Гэр бүл найз нөхөд гээд хүнд биш үү?
-Энэ мэдээж хүнд л дээ. Гэхдээ байгаа газраа зохицохгүй гээд яах билээ. Намайг бусад хоригдлуудтай байнгын буюу нөхөрсөг харилцаатай байх нөхцөлийг хориглодог. Бас мэдээлэл олж авах нөхцөл боломж хомс. Хамгийн хэцүү нь гэр бүлийнхэнтэйгээ байнга уулзаж чаддаггүйд байдаг.
-Шоронд ямар хоол идэж байна? Согтууруулах ундаа хэрэглэж болдог уу? Гэр бүлийнхэн тань эм болон хүнс хоол авчирч өгдөг үү?
-Би бусад хоригдлуудын адил маш хатуу хяналттайгаар хоёр сард нэг удаа эргэлт авдаг. Мөн шоронгийн дэлгүүрээс ахуйн хэрэгцээний зүйлээ авч болдог. Шоронд каш, төмс бага зэргийн мах, загас, талх гээд энд юу өгснийг нь л иддэг. Харин согтууруулах ундааны зүйл хориотой байдаг.

-Та энд ирээд өвдсөн үү? Бас хордуулах вий гэж айдаг уу?
-Мэдээж эндэхийн эрс тэс цаг агаар, эмнэлгийн нөхцөл байдал үнэхээр хүнд. Харин би эцэг эхийн буян мөн эрүүл чийрэг биеийн ачаар нэг их өвдөөд байдаггүй. Тэгээд ч манай шоронд өвдөж болохгүй дүрэмтэй.
-Таныг завсар зайгүй ажиллаж байгаа гэдэг. Танд компьютер, гар утас, сансрын антеннтай зурагт байдаг уу? Ямар нэвтрүүлэг үзэх дуртай вэ. Сонин уншдаг уу?
-Оросын шоронд компьютер, гар утас, интернет бүгд хориотой. Би жирийн л нэг хоригдол. Манай шоронд 100 орчим хүн бөөнөөрөө үзэж болдог зурагт бол бий. Түүгээр төв телевизийн зарим нэг сувгийг үзэх боломжтой. Гэхдээ би хэвлэмэл материал нэлээдийг хүлээж авдаг.
-Та бол агуу бизнесмен. Та бизнесийн ямар салбарыг бүтээж чадах байсан бэ? Бизнесээс илүү улс төрийн талаар бодож байв уу?
-Миний хувьд өнөөдөр шоронгоос гарах нь хамгийн гол зорилго. Би энэ талаар өмгөөлөгчтэйгээ байнга ярилцаж байна. Гэхдээ бас улс орны ирээдүйн талаар боддог. Мөн Оросын сөрөг хүчнийхний хэвлэлд шоронгийн амьдралын талаар бичиж өгдөг. Энд хэлмэгдсэн, гайхалтай ухаантай маш олон хүмүүстэй би тааралддаг.
-Ойр дотныхон тань таныг суллуулах талаар хэр хөөцөлдөж байна вэ?
-Тэд маань чадах бүхнээ хийж байгаа. Үүнд би маш их талархдаг.
-Таныг ЮКОС-ыг хууль бусаар авсан гэдэг. Энэ үнэн үү?
-Энэ бол худлаа. 1996 он хөрөнгө оруулалт хийх тохиромжтой цаг үе байсан юм. Тэгэхэд олон хүн ЮКОС-ыг зөвөөр үнэлж дүгнэж хараагүй. Үүгээрээ би зөв алхам хийсэн. Харин дараа нь байдал өөрчлөгдсөн.
-Таныг Оросын сөрөг хүчнийхэн болон олон хүн буруугүй гэдэгт итгэдэг. Танд өөрийн итгэл найдварыг олж авах, мөн өөртөө итгэх итгэлээ гээгээгүй гэх үзэл байгаа юу?
-Тиймээ, би өөрийнхөө болон Орос орны ирээдүйн сайн сайханд итгэдэг. Хэзээ нэгэн цагт үнэн ялж сайн сайхан болно гэдэгт итгэж байна. Миний хувьд энэ байдлыг бий болгохын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно.
-Путин, Орос орон, маргаашийн өдөр юу болох бол?
-Путин сөрөг хүчин болон чөлөөт хэвлэлийг бүгдийг нь боомилсон. Тэр ч бүү хэл тэр намайг өөрийнхөө хувийн дайснаараа зарласан. Авлигалд автагдсан улс төрчид өнөөдөр улс орныг удирдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
-Путин урьдын адил залуу үеийнхний шүтээн хэвээр байсаар байна. Хэзээ нэгэн цагт Тунис, Египетэд болсон шиг Оросын хавар болж, залуучууд босох болов уу?
-Боловсролтой, өөртөө итгэлтэй залуучууд түүнийг гаргаж ирээгүй. Тэр зөвхөн чөлөөт ертөнцийн нөлөөнөөс гадуур өөрийн системийг оршин тогтнуулж чадаж байна. Ийм байдлаар удаан үргэлжлэхгүй, улс орон ч хөгжихгүй.
-Зарим хүмүүс баячуудыг ийнхүү шийтгэх хэрэгтэй гэдэг. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Магадгүй, зарим хүн намайг үзэн ядаж байж болох юм. Гэхдээ бүх бизнесменүүд, олигархиуд муу хүмүүс биш. Тэднийг бүгдийг нь хулгайч, дээрэмчин гэж үзэж болохгүй. Ийм үзэл бодолтой орос хүн олон байгаа.
-Гэр бүлийнхэнтэйгээ уулзсаны дараа ямар байдаг вэ?
-Одоогоор надад тэдэнтэйгээ эрх чөлөөтэй уулзахад 5 жилийн хугацаа үлдээд байна. Тэдэнтэйгээ уулзах нь надад маш чухал.Уулзалт дууссаны дараа дахиад 3 сарын дараа уулзана гэж бодохоор үнэхээр хүнд байдаг.
“Тодоос тод гэрэлтчихээд дараа нь унтрах нь асч ядан цогшихоос илvv” - Михайл Ходорковский.
Нэгэн цагт Оросын хамгийн алдартай баян гэгдэж байсан энэ эр өдгөө манай гаригийн хамгийн алдартай шоронгийн хоригдол болжээ. Одоогоос 9 жилийн өмнө буюу 2003 оны 10-р сарын нэгэн нартай өдөр Оросын толгой баяныг онгоцны буудал дээр баривчилж, гав гинж зүүхдээ залилангийн хэрэг үйлдсэн, албан тушаалаа буруугаар ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн шийдвэр биелүүлээгүй, баримт бичиг хуурамчаар үйлдсэн зэрэг үндэслэлүүдээр буруутгасан билээ. Үүнээс сарын дараа Михайл Ходорковский бизнесээ орхин, ЮКОС-ынхоо байгуулсан “Нээлттэй орос” хүмүүнлэгийн байгууллагад ажиллах болсноо зарлаж, харин 2 жилийн дараа буюу 2005 онд түүний бизнесийн хамтрагч Платон Лебедев нарт 9 жилийн ял сонсгож, дараахан нь дээд шүүхээс 8 жил болгон бууруулсан түүхтэй.
Түүний тэрбумаар тоологдох хөрөнгийг Оросын төр хураан авч, харин гэр бүл нь мартагдан хоцорсон байна. Үүнээс хойш 7 жилийн дараа мань эр дахин шүүхийн танхимд орж ирэхдээ нүүрэндээ инээмсэглэл тодруулсан тэр жил бол 2011 оны эхэн үе. Өмнө авсан ял нь дуусахад ердөө нэг жил үлдээд байхад Оросын шүүх түүнд дахин ял тулгахдаа 13.5 жилийн ял оноолоо. П.Лебедев тэр хоёрыг газрын тос олборлогчдоос 824 тэрбум рублийн газрын тос хулгай хийсэн, хууль бус мөнгө угаасан зэрэгт буруутгасан нь энэ. Ингээд өмнө эдэлсэн 7 жилийн ялыг хасаж, 2016 онд суллагдах төлөвтэй хоригдож байна.
Путин ба Ходорковский= 0:5
Өдгөө 49 настай Михайл Ходорковский үнэхээр эр зоригтой, эгэл бус эр бололтой. Шүүхээс 2 дахь удаагаа ял сонсож байхдаа тэрээр нүүрэндээ инээмсэглэл тодруулж орж ирснээс гадна шүүхийн тогтоол уншиж байхад цаасан дээр ямар нэгэн зүйлийг татлан бичээд завгүй сууж байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан билээ. Яг л шүүгчийн хэлэх зүйлийг урьдаас мэдсэн юм шиг үл тоомсорлож байсан энэ эрхэм хожим нь “Би үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлнэ гэдгээ бүр анхнаасаа ойлгож байсан юм шүү” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг.
Уг нь тэрбээр Оросын Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө суллагдах байв. Хэрэв эрх чөлөөтэй болсон бол В.Путиныг “5:0”-дож чадах л байлаа хэмээн хэвлэлүүд бичиж байлаа.
Путинизм
Газрын тосны олигархи энэ эрийг Путинизмын золиос, Путины мөнхийн дайсан гэдэг нь үнэмшиж болох олон үндэслэлтэй. Нөгөө талаас Путиныг зөвтгөх ч олон шалтгаан бий. Газрын тос, байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт давхих Орос орон тоталитари дэглэмээс 80-аад оны сүүл үеэс задрахдаа эх толгойгоо алдаж, их гүрний зовлонг амсаж эхэлсэн юм. Төрийн толгойд байсан цөөн албан тушаалтнууд, сийрэг толгойтой зарим залуу бизнесмэнүүдтэй хамтран Оросын төрийг атгаж эхэлсэн тэр үед чухамдаа улс төр, бизнес дамнасан олигархи хэмээх нэршил гарсан түүхтэй. Ерээд оны тэр үед ердөө хэдхэн жилийн дотор Орос орон байгалийн баялагтайгаа үндсэндээ цөөн олигархиудын гарт орчихсон гэж болно. Тэр үед бизнесмэнүүд хэрхэн татвараас зайлсхийж, төрийн мөнгөөр хөлжиж байсныг хожмоо Путины үед баримтаар дэлгэж тавьсан нь тухайн үедээ сенсаци тарьж байлаа.
Ерөнхийлөгчийн засаглалтай агуу их Орос сүүлийн арав гаруй жил зөвхөн В.Путины таашаалаар, Путины удирдлагаар хөгжиж ирлээ. 1999 оны 12-р сард Борис Ельцинээс Ерөнхийлөгчийн суудлыг залгамжлан авахдаа тэрээр санаанд багтамгүй дэмжлэг авч сонгогдсон. 2004 онд дахин нэр дэвшиж улиран сонгогдсон бөгөөд 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хуулийн дагуу нэрээ татаж, орондоо өөрийн гарын хүн, дотны найз Медведевийг тавьж, өөрөө засгаа тэргүүлэх болсон. Медведевийн сонгуульт хугацаа дууссахад дахин өөрөө сонгогдож, саяхан тангарагаа өргөсөн гээд дэлхийн түүхэнд ховор тохиох улс төрчийн гялалзсан карьерыг Путин үргэлжлүүлж байна. Сонгуулийн үеэр түүнийг эсэргүүцсэн жагсаалыг АНУ-аас тэрбум доллараар санхүүжүүлсэн гэх мэдээ ч байгаа. Ямартай ч газар нутгийн хэмжээ, газрын тосны баялаг бүхий эх орон болоод КГБ-ын тусгай ажилтныхаа ур чадвараар энэ эр дэлхийн том гүрэн Америкийн өмнөөс тэргүүн гудахгүй үзэлцэж буйгаараа яах аргагүй дэлхийн том улс төрчдийн нэг болж байгаа юм.
Оросууд яагаад Путинд тийм их хайртай вэ?
Яагаад гэвэл чухамдаа Путин олигархиудын гарт орж, өр ширэндээ баригдсан төр, өлсөж ядуурсан ард түмнийг хүлээж аваад, чухам КГБ-ын ажилтнаас гарч болох хатуу чанд бодлого, харгис ч гэмээр нударгаар агуу их Оросыг шинэ зуунд муу, муухай бүхнээс нь салгахдаа олигархиудыг нь шоронд хорьж, газрын тос, нефть баялгаа төрийн мэдэлд авч, ингэснээрээ Оросын эдийн засаг, ДНБ огцом өсч, 21-р зуунд Орос гүрэн, Оросын ард түмэн зүдрэх юмгүй амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Чухам үүнийх нь төлөө Оросын ард түмэн Путинд хайртай байхаас аргагүй. Тиймдээ ч тэр сүүлийн 12 жил Оросын төрийг атгаж сууна. Ийм ялалтын төлөө Путин олон зүйл золионд гаргасны нэг нь Михайл Ходорковский. ЗХУ-ын задралаар ашиг олж, баяжсан хүмүүсийг “намнасан” дээрх ажиллагааг олон улсын шинжээчид “Путинизм” хэмээн нэрийддэг. “Путинизм”-ын хоморгонд зөвхөн Ходорковскийгээр зогсохгүй Орост автомашины худалдаагаар тэргүүлдэг Борис Березовский, хэвлэлийн магнат Владимир Гусинский гэх мэт олон хүн өртсөн. Гэхдээ тэдний хувьд барууны орнууд руу дүрвэн гарсныхаа ачаар одоо эрх чөлөөтэй амьдарч байгаа.
Харин М.Ходорковскийн ээлж удахгүй ирнэ гэж хүлээх хүний тоо өдөр ирэх бүр цөөрсөөр байгаа юм. Путины үед Кремлийн удирдагчид эдийн засгийн шинэчлэл хийж, газрын тосны экспортоо төрийн бүрэн хяналтад оруулахын тулд бүх хүчээ дайчилсны үр дүнд өнөөгийн Орос тайван сайхан амьдарч байна гэх хүмүүс ч цөөнгүй. Нөгөө талаар олигархиудыг намнасан нь олигтой үр дүн өгөөгүй, харин ч зарим хөрөнгөтэй бизнесмэнүүдээ харьд алдаж, тэд хөрөнгөө гадагшаа татаж, хилийн чанадаас бизнесээ удирдах болсон гэх нь ч бий.
Яагаад заавал Ходорковский гэж?
Путины мөнхийн дайсан Михайл Ходорковский гэх нь бий. Энэ хоёрт дайсагнах ямар шалтаг, шалтгаан байна вэ? Оросын тэр олон арван олигархиудаас яагаад заавал, зөвхөн Ходорковскийг сонгож, шоронгийн хадаас болгоно вэ гэх зэрэг олон асуулт гарч ирнэ.
Тэд уг нь ажил хэргийн гайгүй холбоотой байв. Гэхдээ Ходорковский Путиныг дургүйцсээр байхад Оросын сөрөг хүчний намуудыг санхүүжүүлж, илт дэмжих болсон нь ийнхүү хэрэгт орооцолдохын цондон болсон гэдэг. Одоо ч гэсэн гандан бууршгүй, гал цогтой Ходорковский сөрөг хүчний “ОХУ-ын Коммунист нам” болон “Яболоко” намыг санхүүжүүлдэг байж болох талтай гэдэг. Чухамдаа дээрх намуудыг тэрбумтан санхүүжүүлсээр байхад Путин өөрийн биеэр эдгээр намын санхүүжилтыг зогсоохыг шаардсан ч Ходорковский хүлээж авалгүй, санхүүжилтээ үргэлжлүүлсээр байв. Тэр угаас хэнээс ч айдаггүй. Тэгээд ч Ходорковский цагтаа Ерөнхийлөгчийн суудалд залрах хамгийн өндөр магадлалтай хүн байсан нь үнэн. Магадгүй тэр үеэс энэ хоёрын дунд үзэн ядалт үүссэн байж болох талтай.
Гэхдээ өөр олон таамаг яригддаг. Путины туслахууд Ходорковскийгээс авлига авдаг байсан нь ч тогтоогдсон гэдэг. Ямартай ч Ходорковский Путин хоёр мөнхийн дайсан болсон нь туйлын үнэн юм. Тиймээс ч улс төрийн шинжээчид одоогийн төр солигдсон үед л Ходорковский суллагдах боломжтой болно гэж үздэг. Ходорковский ч өөрөө Путины “захиалгаар” шоронд сууж байгаа гэж үздэгээ нуудаггүй. Тиймээс “Нэг хэргээр дахин дахин ял тулгана гэж байх уу” хэмээн ёжилж байсан удаатай. Олигархиуд нь түүний хоригдсоны шалтгааныг нэгэнтээ өөрийнх нь хэлсэн “ЮКОС-ыг энэ дэлхийн нефтийн хамгийн том компани болгон хувиргана. Мөн өнөөдрийн засаглалын эсрэг арай өөр зүйлийг гаргаж ирэхийн тулд улс төрд орж ирнэ” гэдгээс үүдэлтэй хэмээн хүлээн зөвшөөрдөг.
ЮКОС-ыг гартаа хэрхэн оруулсан бэ?
ЗХУ 1991 онд задран унасны дараа Борис Ельцин Орос оронд өмч хувьчлалыг идэвхтэй өрнүүлсэн юм. Чухам тэр үед төрийн мэдлийн томоохон нэгжүүдийг хямд үнээр худалдан авсан цөөн тооны баячуудын нэг нь Ходорковский. Тэрээр 1995 онд газрын тосны компани “ЮКОС”-ыг 350 сая ам.доллараар худалдан авсан нь түүний амьдралдаа хийсэн хамгийн ашигтай, амжилттай наймаа байлаа. Энэ цагаас хойш Ходорковский ганцаараа дэлхийн газрын тосны бүтээгдэхүүний гурван хувийг мэддэг болов.
Хүрээндээ шинэ баячуудыг оруулах дургүй, эрх мэдлээ хуваалцахыг хүсдэггүй Оросын газрын тосны луглагаруудын дунд шургалж чадсан цорын ганц хүн нь чухамдаа энэ эр. Тэгэснээрээ хормын төдийд дэлхийн тэргүүн баячуудын рингэнд гарч ирж, бөмбөрцгийн хамгийн нөлөө бүхий эрхэм болж чадсан билээ. Шоронд орохоосоо өмнө тэрээр АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Жорж Буштай уулзаж, ЮКОС”-ын хувьцааны 40 хувийг “ExxonMobil”, “Chevron”-д худалдахаар болж байсан гэдэг. АНУ угаас газрын тос, байгалийн баялагтай улс гүрэн болгон рүү гар сарвайж, дайн дэгдээдэг шалгарсан аргатайг хэлэх үү, одоо ч ОХУ Америкийн хамгийн хөндүүр шүдний өвчин байсаар байгаа билээ.

Ашигтай ажиллаж байх үедээ “ЮКОС” компанийн нийт хөрөнгө 40 тэрбум ам.доллараар тоологдож байсан түүхтэй.
Михайл Ходорковский гэж хэн бэ?
Гуч гаруйхан насандаа эх орноосоо хальж дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад бичигдсэн Михайл Борисович Ходорковский 41-тэйдээ гэмт хэрэгтэн болж, торны цаана суухдаа дэлхийн хамгийн алдартай шоронгийн хоригдол гэгдэх болсон. Тэрээр 1963 онд Москвад химич аав, ээжийн хүү болон мэндэлжээ. 1981 онд Д.Менделеевийн нэрэмжит Москвагийн хими, технологийн их сургуульд элсэн орж, дараа нь салбараа сольж эдийн засгийн тэнхим рүү шилжсэн. Ажил, албын арвин намтар түүхтэй тэрээр хувийн бизнест өөрчлөлтийн салхи сэвэлзсэн 1980-аад оны сүүлчээр хөл тавьж, Оросын анхны хувийн банк “Менатеп”-ийг үүсгэн байгуулсан. Тухайн үед архины үйлдвэрлэлд хийсэн хөрөнгө оруулалтынхаа ашгаар “Менатеп”-ийг хөл дээр нь босгосон гэх яриа бий. Баян бизнесмэний хувиар түүнийг тойрсон хов жив ч их. Ходорковский хилийн чанадаас “хулхи” “Наполеон” коньяк болон Польшид савлагдсан Швейцари цагаан архи оруулж ирсэн, “чанамал” жийнс оёж намын мөнгө “угаадаг” байсан гэхчлэн хөвөрнө. Харин тэрээр “Менатеп”-ынхан энэ олон “домог”-ийг үгүйсгэж технологи нэвтрүүлэлтээс болон компьютерын импортоос орлого олдог байсан гэж ярьсан нь бий.
Оросын анхны хувийн банк байгуулж, улмаар ЮКОС-ыг хэрхэн гартаа оруулж, хэрхэн төрийн мөнгө завшиж, татвараас бултаж байсан гээд яриад байвал үлгэр шиг урт яриа үүсэх учраас ингэсгээд өндөрлөе. Ямартай ч энэ эрхэм эгэл биш энгүй нэгэн гэдэг нь тодорхой. Бизнесмэний хувьд том тоглогч, аз туршигч, эр хүний хувьд үнэнч, найдвартай, багаа авч явдаг жудагтай эр хүн. Хоёр удаагийн гэрлэлтээс 4 хүүхэдтэй. Түүнийг хоригдсноор гэр бүл нь гадагшаа дүрвэсэн.
Эцэгтэйгээ усны дусал мэт адилхан царайлаг, нуруулаг хүү Павел нь өдгөө Нью-Йоркт амьдарч буй. 25 настай, 2003 онд Америк руу дүрвэн гарсан, гэр бүлтэй, нэг хүүхэдтэй. “New Media Internet” цахим төслийн ерөнхийлөгч, Орос дахь иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой байгуулсан Орчин үеийн Оросын хүрээлэнгийн ерөнхийлөгчийн албатай.
Хүү Павел Ходорковский Охин Анастасия Ходорковский

Михайл Ходорковскийн анхны гэргий Элена, ууган хүү Павел нар. 2003 он
Путиныг 3 дахиа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход сөрөг хүчнийхэн жагсаж, сонгуулийг шинэ дүрэм журмаар шударга явуулахыг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд цензур тавихаа зогсоож, улс төрийн хоригдлуудыг суллахыг эрх баригчдаас шаардсан билээ. Энэхүү жагсаалыг Павел Ходорковский удирдсан. Тэрээр энэ үеэр ярихдаа “Бид энэ удаагийн сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байна. Ард түмэн жагсах нь зөв ч жагсаалыг үймээн самуун, хүчирхийллийн шинжтэй болгож болохгүй” гэсэн байна. Тэрээр эх орондоо буцахыг хүсдэг ч аавд нь шахалт үзүүлэх зорилгоор өөрт нь ч улс төрийн дарамт үзүүлж магадгүй гэсэн айдастай явдгаа ярьсан билээ.

Михайл Ходорковскийн 2 дахь буюу одоогийн гэргий Инна, охин Анастасия, ээж Марина нар. 2010 оны 12-р сарын 30. Ходорковский 2 дахиа ял авч, хоригдох хугацаа нь 6 жилээр сунгагдсаны дараа Москвагийн шүүхээс гарч яваа нь
Баримт
1993 онд Давосын чуулга уулзалтын үеэр Михайл Ходорковскийг ирэх зуунд дэлхийн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлж чадах хүний жагсаалтанд оруулж байжээ.
2002 онд түүний хөрөнгө 8 тэрбум еврод хүрсэн байлаа.
2003 оны 1-р сард “EuroBusiness" сэтгүүлийн шинжээчид Ходорковскийг Оросын хамгийн баян хүн гэж зарлав.
Forbes сэтгүүлийн жагсаалтаар 2003 онд Ходорковский Оросын хамгийн баян хүн, харин дэлхийд 26-рт бичигдэж байлаа.
Бидний мөнхийн хөрш, дэлхийн ертөнцийн хувьд том гүрэн Оросын цуутай 2 эр, улс төрч, бизнесмэн хоёрын эл түүх шинэ Оросын нэн шинэ түүх, нийтлэг дүр төрх гэлтэй. Эрхэм ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг явуулсан хэмээгдээд буй, өнгөрсөн 4-р сарын баривчилгаа, одоо өрнөж буй үйл явдлыг дээрх хэрэгтэй жишин ярих хүмүүс ч бий. Ц.Элбэгдорж Путиндлаа гэх мэтээр.
Бодит байдал дээр Орос, Монгол хоёрын нөхцөл байдал тэс ондоо, тэгээд ч Н.Энхбаяр Михайл Ходорковскийтэй адилтгах аргагүй намтар түүхтэй, Ц.Элбэгдорж бол ердөө ч Путин шиг зангарагтай улс төрч, нэр цэвэр хүн биш учраас энэ адилтгал бол хөх инээд хүрмээр эд л дээ. Харин Ц.Элбэгдорж өөрөө нэр цэвэр байгаад үнэхээр эх орныхоо төлөө олигархиуд гэгдээд буй идэж уусан, авилга авсан, хууль бусаар хөлжиж баяжсан нөхдүүдийг шударгаар бүгдийг нь бариад жагсаачихсан бол Монголын ард түмэн энэ насаараа Эби ерөнхийлөгчид хайр зарлах байсан биз ээ.
Бид ч гэсэн шударга төртэй, шударга бизнестэй, эдийн засаг нь үргэлж өсөж дээшилж байдаг улсад амьдармаар байна.
М.САЯН
Сэтгэгдэл (58)