Хотын түгжрээн дунд саатахгүй рейлбусаар зорчих өдрийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс олон биз ээ. Тэгвэл өнөөдөр Толгойт-Амгалангийн чиглэлд явах шинэ рейлбусыг хүлээн авах юм байна. УБТЗ-ын Төв буудалд хүлээн авах ёслолын ажиллагаа 11.30 цагаас болох юм байна. Зам, тээврийн сайд А.Гансүх, хотын мэр Э.Бат-Үүл, холбогдох хүмүүс оролцоно. “Улаанбаатар төмөр зам”-ын РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой энэ рэйлбус автобус нь нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчино.
Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулж буй юм. Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх сарын 6-наас эхлэн рэйлбус Толгойт-Амгалангийн чиглэлд зорчигчдод үйлчилж эхэлнэ.
Тун удахгүй рейлбусаар салхи татуулан давхих өдөр ирэх нь байна шүү.
Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл байхгүй байна