Эх болсон зургаан зүйл хамаг амьтны дундаас тэтгэн дээдэлж явбаас дээш төрөл ахиж бурханы хутаг ч хүрэх, тамтаггүй доройтож явбаас тамын ёроолд ч унах гайхамшигт хувь тавилан гагц хүмүүн заяанд төрсөн та бидэнд заяасныг тэртээх хоёр мянганы чинадад Хутагт Жагарын орны Шагжа овогт хан хөвүүн 2558 жилийн өмнө өөрийн биеэр илтгэн харуулж, дорнын сүсэгтэн олон бүгдээр хүндэтгэн биширч зуун зуун жилээр “Бурхан багш” хэмээх гэгээн алдраар нэрийдэж айлдвар сургаалыг нь сүслэн дагаж ирсэн түүхэн уламжлалтай билээ.
Умраас умарт дэлгэрэх дээдсийн бошигт авралт бурханы шашин Их Монгол орноо гурвантаа мандан бадарч, басхүү бууран доройтсон түүхэн цаг хугацаанд бурханы шашны эрдэм оюуны далайд цэнгэгч ариун номын хуврагууд цөөнгүй тодрон гарсныг буурал түүхийн шарласан хуудас хийгээд буянт буурлуудын аман дамжлагаар улбаалсан домог мэт яриа даяаршлын дажин, дотоод сэтгэлийн хоосролд автсан бидний үед түүртэлгүй хүрэлцэн ирсэн билээ. Бурханы багшийн төрсөн, гэгээрсэн, мөнх бусыг үзүүлсэн энэ сайхан дүйцэн өдөртэй давхцан Бурханы шавь Монгол лам үлгэр домог мэт яригдаж ирсэн бурханы шашны гайхамшигийг үзүүлсэн үйл явдал саяхан Улаанбаатар хотод болж өнгөрлөө.
Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошуу буюу Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын нутаг “Наян Дуутын хүрээ”-ний хувраг Амангаа хэмээн ойрын шавь нар нь авгайлдаг 104 настай буурай 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр насан өөд болсон бөгөөд олон жил Бурханы номонд шамдан суралцаж, бясалгал үйлдэж байсныхаа үрээр өөд болсноосоо хойш 25 хоногийн туршид самади бясалгалд суун Бурхан номын эрдэм чадлыг үзүүлжээ.
Самади бясалгал гэдэг нь хүний бие нь үхэж зөвхөн оюун санаагаа биендээ хурааж гүн бясалгал үйлдэхийг хэлдэг бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа юм. Олны мэдэх Буриадын хамба Итгэлт мөн өдгөө 90 жилийн турш тус бясалгалийн гайхамшгийг үзүүлсээр байна. Самади бясалгалд оршсон хүний бие лагшин мууддаггүй бөгөөд ариун сайхан үнэр ханхлан амь мэт хэвээр даг. Энгийн хүний цогцос гурав хоногийн дотор муудахгүй байж чадахгүй гэдэг нь ойлгомжтой юм.
Амангаа ламтан долоо настай байхдаа төрөлх нутгийн хийддээ шавилан сууж бурханы шашны сургаал номлолд шамдсан бөгөөд 17 настайдаа хийдийнхээ унзадын алба хашиж, Дилов хутагт Жамсранжав гэгээнтэнд шадарлаж ойрын шавь нь болж явсан. Гэвч цөвүүн цагийн эрхээр эгэл амьдрал сонгож, 50 гаруй жилийг үдэн цагаан морин жилийн ардчиллын ач буянаар сэтгэлдээ сүсэлж, ханцуйдаа залбирч ирсэн нандин бүхнээ сүсэгтэн олондоо зориулах завшаан тохиож, “Зүүнхүрээ Дашчойлин” хийдийн хурлын лам, гэсгүй, ловон хүртэлх алба хашиж ирсэн бурханы шашин дахин сэргэх үйл хэрэгт лагшин, зарлиг, таалалаа нэгэн үзүүрт сэтгэлээр огоот зориулсан дээдийн номын хувраг байсан юм.
Амангаа ламтан жанч халснаас хойш 25 хоног бясалгалд суун оршиж, бурханы шашны мөн чанарыг мунхаг шавь нартаа илтэд үзүүлээд 2014 оны тавдугаар сарын 11 хаврын адаг шар луу сарын 12-нд бясалгалаа тайлж ах дүү хамаатан садан, олон зуун шавь нь бурханы шашны зан үйлийн дагуу түүнийг хойдын замд нь үдсэн байна.
Энэхүү гайхамшигт үзэгдэл нь материаллаг хөгжилд шүтсэн шинэ эриний хүмүүн бидэнд дотоод сэтгэлээ нээж, хөгжүүлж чадвал эгэл амьдралааас энгүй их оюун санааны ертөнцөд нэвтрэх боломж гарц байдгийг үлгэрлэн харуулсан тод жишээ болж байна. Тэрхүү гайхамшигт гарц бол бурханы шашны сургаал айлдвар-хувь хүн та өөрөө өөрийнхөө аврал, авралын зам нь бусдыг энэрэн нигүүлсэхүйн сэтгэлд суурилсан гэгээрлийн зам гэдгийг нотлон харуулж буй билээ. Энэхүү гайхамшигтай үйл явдлыг Далай ламд айлтгасан бөгөөд тэрээр бурханы шашны утгыг олж мэдсэн монгол хуваргыг бишрэн хүндэтгэсэн тухай Энэтхэгийн Дарамсала хотоос мэдээ ирсэн тухай ойрын эх сурвалж мэдээлэв.
Энэхүү бясалгалаараа бурханы шашны ном сургаальд суралцагчдад урам өгч, илүү их шамдан суралцахад нь итгэл өгч байгаа бөгөөд бурханы шашинд итгэдэггүй хүмүүст бурханы шашны гайхамшгийг илтэд үзүүлэн бишрүүлсэн үйл хэрэг болоо гэж миний бие үзэж байна. Амангаа ламын амьдралын тухай дэлгэрэнгүй нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд олон хүнд бурханы шашны мөн чанарыг ойлгуулан, танин мэдүүлэх зорилготой юм.
Ачлал нигүүлсэлийн их далайд цуцалт үгүй зорчигч
Агуу дээдсийн үйл хэргийг түүртэл үгүй залгамжлагч
Авралт шашны нарыг арван зүгтээ мандуулагч
Аяа, ариун номын хувраг танаа бишрэн мөргөе.
Уудам цэнхэр Ганга мөрний өндийгөөс анхлан цацарч
Ухаарал хүсэгч төрөлхтөн бүхний гарах гарц болсон
Умраас умарт улбаалан дэлгэрэх дээдсийн бошигтой
Угаас ариун дээдийн ном өнөд орших болтугай
Будда продакшны захирал,сэтгүүлч Ц.Гүрсэд
Сэтгэгдэл (5)