Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өчигдөр Урьдчилан хорих төвд амьсгал хураасан талаар бид мэдээлсэн.
Талийгаачийн тархи нь хүчтэй өвддөг байсан бөгөөд өмгөөлөгчтэйгөө уулзахаар хүлээж байхдаа гэнэт татаж унаж, урьдчилан хорих төвийнхөн анхны тусламж үзүүлсэн боловч амьсгал хураасан гэсэн мэдээлэл гарсан.
Энэ мэдээлэл түүний амьсгал хурааснаас хойш ердөө 30 гаруй минутын дараа олон нийтийн мэдээллийн сүлжээгээр тархсан. Хэргийн гол нь тэр хүн урьдчилан хорих газар байхдаа амиа алдсан бөгөөд ар гэрийнхэн нь бие нь муу байгаа тул батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан ч прокурор зөвшөөрөөгүй аж. Ар гэрийнхнийх нь хувьд хэрвээ гэртээ байгаад, хэрвээ эмч дуудаад, хэрвээ эмнэлэгт байсан бол гэх мэтчилэн олон нэхэл хатуу асуулт ээрч л байгаа.
Гэтэл өнөөдөр өмгөөлөгчийнх нь хэлсэн мэдээллээр бол урьдчилан хорихын гадаа ирсэн байсан ар гэрийнхэнд цогцсыг нь ч харуулаагүй. “Ядахдаа цогцсыг нь хөрөөгүй байхад харья” гэсэн гэрийнхнийг нь чирж гулдчиж холдуулсаар шүүх эмнэлгийн машинаар цогцсыг нь аваад явчихсан гэнэ.
Д.Амарсайхан агсныг өнгөрсөн арванхоёрдугаар сард баривчлан саатуулсан, тархи нь байнга өвддөг хүнд хэлбэрийн өвчтэй хэмээн батлан даалтад гаргасан ч энэ оны нэгдүгээр сард 7-8 хоног саатуулаад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд мөн дахин баривчилсан аж.
Түүнийг “Петро Чайна дачин Тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг нь нууц данс руугаа шилжүүлэн угаасан байж болзошгүй гэж сэжиглэж шалгаж байсан. Санхүүгийн аудитын компанийн хийсэн шалгалтын дүнгээр 417 мянган баррель буюу 40.5 сая ам.доллар дутсан гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч хэрэгтэн гэж үзэх ёсгүй. Гэтэл манайхан бол хуучны цагдаажсан ойлголтоор ямар нэгэн хэрэгт сэжиглэгдсэн хэнийг ч болов, хамгийн хүнд хэцүү аймшигтай нөхцөлд хорьж цагддаг.
Гэтэл ийн шалгагдаж байсан сэжигтэн амь насаа алдлаа. Түүний биеийн байдал маш муу байгаа гэсэн эмнэлгийн дүгнэлт хүртэл гараад байхад яагаад түүнийг үргэлжлүүлэн хорьсоор байсан юм бол?
А.Алт
Сэтгэгдэл байхгүй байна