Солонгосын алдарт жүжигчид, загвар өмсөгч хосууд болох Юу Жи Тэ, Ким Хю Жин нар тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Таван сартай жирэмсэн хэдий ч Ким Хю Жин нөхрийнхөө хамтаар тоосон шинжгүй хэд хэдэн рекламд тоглож улам л үзэсгэлэнтэй харагдах болсныг Солонгосын шар хэвлэлүүд онцолж байна. Хамгийн сүүлд гэхэд хосууд загварын сэтгүүлийн нүүрийг чимж, хэд хэдэн рекламанд тоглоод авлаа.
Тэдний хувийн амьдрал руу хальт өнгийхөд анх загварын шоун дээр танилцаж байжээ. Түүнээс хойш найзын харилцаатай байсан хосууд загварын тайзнаа, кино урлагт ч үргэлж хамтдаа зураг авалтанд оролцож явсаар бие биенээ илүүтэй таниж, дотносон, өдгөө Солонгосын хамгийн сайхан хосуудын эгнээнд шилжээд байгаа юм.

2011 онд хуримаа хийсэн тэд хэдий нас залуу, цус шингэн ч гэлээ хүмүүнлэгийн олон ажилд гар бие оролцож байсан учраас “Дэлхийн зөн”-гийн хүндэт гишүүдээр өргөмжлөгдсөн билээ. Энд онцлохгүй байхын аргагүй нэг зүйл бол тэд хоёул хүмүүнлэг үйлсийг дэмжиж, буяны ажилд идэвхтэй оролцдогоороо Солонгостоо төдийгүй Ази, Европтоо алдартай, үлгэр жишээ хосууд юм.

Хосууд “Дэлхийн зөн” байгууллагад нэгдэж, Непалд цэцэрлэг байгуулах, Гаитийн газар хөдлөлтөд хандив өргөж, тусалсан байдаг. Түүнчлэн “Дэлхийн зөн”-гийн хүндэт гишүүн эл хос хуримныхаа бэлэгний мөнгийг Мьянмарт сургууль байгуулахад зарцуулсан. Харин одоогоор хүмүүнлэг хосууд хувийн амьдралдаа илүүтэй анхаарч, шинэ хүнээ хүлээж авахад бүхнээ зориулж байна.




М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна