Долоо хоногийн эхний өдрийг хар бараан хэрэг, хэрцгий аллага таллагын мэдээллээр угтдаг болоод удаж байна, бид. Долоо хоногийн эхний өдрүүдэд ийм хэрцгий хэргийн талаар хар бараан мэдээлэл гардаг нь “Баасан ах”-ын төрсөн өдөртэй холбоотой ч байж бас болох.
Ажлын өдрүүд дууссан баасан, бямба гаригт хотын бүхий л баар дүүрэн хүнтэй. Тэдний ихэнх нь насанд хүрээгүй хүүхэд, залуус. Араас нь архинаас болж амиа алдаж амьдралгүй болсон хүмүүсийн тоо жилээс жилд олширсоор.
Энэ удаад мөн л баасан гаригт гарсан хоёр хэрэг олон нийтийг цочирдуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт Шарга морьтын зусланд 20 гаруй залуу 16 настай хоёр охиныг хүчиндсэн хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт холбогдсон хөвгүүд амралтын өдөр зугаалахаар болж, нэгнийхээ зуслангийн байшинг эзгүйчилж, бас танил хоёр охиноо дуудан, улмаар архидан согтуурч охидыг бүлэглэн хүчиндсэн хэргийн айдас намжаагүй байхад өнгөрсөн баасан гаригт дахин аймшигт хэрэг гарч нийгмийг тэр чигээр нь цочроогоод байна.
Баасан ахын төрсөн өдөр тэмдэглэж явсан залуу 19-20 настай хоёр охины амийг хөнөөж цогцсыг нь мөчилж, овооны чулуунд дор булж орхисон аймшигт хэрэг гарлаа.
Хэрэг нийслэл хотын зүүн хойд зах орчим Шар хадны эцсийн автобусны буудлаас 300 орчим метр зайд Шар хад ууланд гарчээ.
Хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ. Нэг хохирогчийн цогцосны толгой, нөгөөгийнх нь хөл, гар нь тасарсан байдалтай байсан аж. Цагдаагийнхан гэмт хэргийн мөрөөр шалгаж, сэжигтэн этгээдүүдийг 48 цагийн дотор баривчлан саатуулсан бөгөөд хэрэг тавдугаар сарын 6-ны шөнө 00.00 цагийн орчимд гарсан болохыг тогтоожээ.
Хохирогч охид нь 1994, 1995 онд төрсөн, Өвөрхангай, Ховд аймгийн харьяат, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй байсан гэнэ. Харин аймшигт хэргийг хийсэн хэмээн сэжиглэгдэн баривчлагдаад байгаа З нь 1991 онд төрсөн. Эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хэрэгт холбогдож байсан аж.
Овоо шүтээнээ тахидаг Монгол хүний үйлдсэн хэрэг гэхэд сэтгэл сэртхийж чихэндээ итгэж ядах энэ хэрэг хэн бүхнийг цочроон барахгүй айдаст автуулж байна.
Баар цэнгээний газар эсвэл цахим ертөнцөөр хэн нэгэнтэй танилцаж хүний наймаа, хүчирхийлэлд өртөж, алтан амиа алдах нь амархан болсон энэ цаг үед анхаарал болгоомжтой байж хүн дүрстэй араатнуудаас сэрэмжлэхийг дашрамд сануулж байна.
Нийгмийн үзэгдэл гэлтэй яагаад ийм аймшигтайгаар бие биендээ ингэж хандана вэ?
Кинонд ч гарамгүй ийм хэргийг 23-хан настай залуу үйлдсэн гэхэд хэний ч санаанд оромгүй.
Ийм авир гаргаж байгаа хүмүүсийг дуучин Rokit Bay “Эвдэрхий хүмүүс” гэж нэрлэн дуулж байсан.
Хэдийгээр клипний дүрслэл нь хэртхийм ч Rokit Bay энэхүү дуугаараа нийгмийн гаж буруу үзэгдэл, хүн гэж хэлэхэд хүмүүсийн талаар өгүүлсэн. Харин өнөөдөр яг ийм дүр амьдрал дээр бидний өмнө тулгарч, олон нийт “Эвдэрхий хүмүүс” олширчээ гэж гасалж байна.
Насанд хүрээгүй хүүхдүүд архидан согтуурч, хүчингийн хэрэг үйлдэж, бие эрхтэнийг нь үе мөчөөр тасдаж амийг нь егүүтгэсээр байгаа ийм хэрэгтнүүдэд ямар арга хэмжээ авах ёстой вэ.
Үүнд бас олон хүн цаазын ялыг цуцалсныг буруутгаж байна. Цаазын ялтай болчих юм бол аймшигт хэрэг багасаж “Эвдэрхий хүмүүс” цөөрөх болов уу?
М.СОНОР
Сэтгэгдэл (4)