Дэлгэцэнд гарсан цагаасаа үзэгчдийн талархлыг хүлээсэн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг саяхнаас хэл ам дагуулах болов.
Гэнэтхэн Д.Алтангэрэл хэмээх залуу гарч ирэн миний санал, санаачлагыг хулгайлсан гэж Б.Баатар, П.Анужин нарыг шүүхэд өгөх дуулиан дэгдэв.
Тэгвэл энэ асуудлын талаар хэн юу гэж ярьсныг бид тоймлон хүргэж байна.
Л.Алтангэрэл: Тэд өөрсдөө ам алдацгаасан
Л.Алтангэрэл түүхч мэргэжилтэй, “Түмэн хишигтэн” төсөлд 2010 оны гуравдугаар сараас анх судалгааны мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Нэг жил ажилласны дараа менежер, төслийн зохицуулагчаар ажиллах болсон.
Энэ хугацаанд тус төслийн 30 гаруй дугаарыг бэлтгэжээ. Улмаар 2011 оны зун Архангай аймагт Төв Азид томд тооцогдох булш малтах ажилд оролцох болсон байна. Тэрээр ингэж ярьжээ.
-Түүхч хүнийхээ хувьд би тухайн үед булш малтах ажилдт оролцож үзмээр санагдсан. Төслийн багийнхан /”Түмэн хишигтэн”/ явуулахгүй гэж хорьж байгаад гэнэт яв гээд л эхэлсэн. Тэр үеэр намайг шахаж эхлээд байлаа. Яг намайг гарахын өмнө миний компьютер дээр шинэ ажилтан эмэгтэй суугаад үлдсэн. Тэгээд л нэвтрүүлгийн санаагаа алдсан даа.
Би тэр санааг буулгахдаа хөтлөгчөөр АУЗ Б.Лхагвасүрэн гуай болон эмэгтэй хөтлөгч хэн байхыг хүртэл бичсэн. Учир нь тэр үед дэлхийд алдартай Опрагийн “The Oprah Winfrey Show” нэвтрүүлгүүд ид моодонд орж байсан цаг. Эмэгтэй хөтлөгчийг эрэгтэй хөтлөгчийн хажуугаар ярианд эрч хүч, цог золбоо нэмдэг, нэг тийм сахилгагүй байдлаар яриаг лавшруулдаг байхаар тооцсон.
Мөн оролцогчдын хувьд “Монгол туургатны зуун эрхэм” нэрийн дор энэ цагт олны талархлыг хүлээсэн хүмүүс байхаар тооцоолсон.
Тухайлбал, Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, ерөнхий сайдууд, Д.Сосорбарам, Н.Жанцанноров, Б.Гүррагчаа, Ж.Оджаргал, Х.Баттулга, Э.Бат-Үүл гээд олимп, дэлхийн медальт тамирчид, урлаг соёлын одууд гэхчилэн хүмүүсийг оролцуулахаар төлөвлөсөн байсан юм.
Мөн Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын Буриадын ерөнхийлөгч К.Илюмжинов, Өвөр Монголын нэрт жүжигчин Б.Басанжав гэх мэт өөр олон алдартныг эрж хайх судалгаа эхлүүлж байсан.
Б.Баатар найруулагч надтай уулзахаар тохирохдоо ганцаараа ирнэ гэсэн. Харин уулзалтын өдөр “Хамтарч ажил хөөцөлдөж байгаа юм” гээд цөөнгүй хүнтэй ирсэн. Тэгээд л өнөөх башир аргаараа намайг гүтгэж байгаа нь тэр.
Тэр хүмүүсийг оюун санааны ийм өндөр түвшний цуврал нэвтрүүлэг хийж, олон нийтэд бурханы дүрээр хандаж, ухааруулж байж ийм хүнлэг бус, ёс зүйгүй, мэргэжлийн бус бүдүүлэг алдаа гаргахгүй ухаарч ойлгох байлгүй дээ гэж бодсон.
Тэгээд ч би тэднийг анх миний санааг авсан гэж хэлээгүй. Өөрсдөө л олны нүдэн дээр ам алдацгаасан.

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн найруулагч асан, Төрийн шагналт, Буриад улсын УГЗ, Д.Борхүү:
Д.Алтангэрэл нэр алдарт хүрмээр байна гэсэн
Дуучин Б.Амархүүгийн аав Д.Борхүү циркийн жүжигчнээс урлагтай холбогдож, Улаан-Үүд хотын Буриадын циркийг байгуулж тэндхийн Байгаль чуулгын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан. Тэрээр ингэж ярьжээ.
-Энэ нэвтрүүүлэг хамгийн анх сонгуультай холбогдож гарсан түүхтэй. Б.Баатар анх 2008 онд “Чухлаас чухал 50 хүн” гэсэн шог зургийн номыг найз Мөнхжаргалтайгаа гаргаж байсан юм билээ. Тэгээд 2011 онд “100 чухал хүн” гэдэг сонгуулийн нэвтрүүлэг хиймээр байна. Хоёулаа хамтаръя гэж ярьж байсан. Өөр өнцгөөс харсан цоо шинэ юм хийнэ гэдэг санааг Б.Баатар гаргасан.
Хөтлөгч нь хэн байх вэ гэдгийг ч яриагүй байлаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хөтлөгчтэй байна харин хэн байх вэ? гэж ярилцаад бид Б.Лхагвасүрэн гуйтай уулзаад, энэ санаагаа хэлэхэд “Чухал хүн гэж байдаггүй юм. “Монгол тулгатны” гэдгийг оруул. Эрхэм гэдэг үг маш том үг. Хүн бүхэн эрхэм. Эрхмийн эрхэм нь энэ хүмүүс гэдгийг гаргах хэрэгтэй шүү” гээд утгыг нь нарийн тайлбарлаж өгсөн.
Тэгээд Баатараа энэ саналаа П.Анужинд хэлэхэд “Заавал сонгуулийн нэвтрүүлэг хийх хэрэггүй. Монголдоо түүх бүтээхээр хэмжээний томоохон нэвтрүүлэг болгоё” гэж тохироод тэгээд бид алдар цолтой, хийсэн бүтээсэн зүйлтэй манлайлагч хүмүүсийн хөргийг бичиж, түүхэнд үлдээхээр шийдсэн.
Тэр Д.Алтангэрэлийг би танихгүй. Хаана, юу хийж байсан ямар мэргэжилтэй хүн юм мэдэхгүй. Тэр Д.Алтангэрэл гэдэг залуутай би уулзсан. За чи юу яриад байна. Ямар зорилготой юм гэж асуусан.

Гэтэл тэр залуу “Би мөнгө олох гэсэн юм. Нэр алдарт хүрмээр байна” гэсэн. “Та надад мөнгө өг” гэж байна лээ. Б.Баатар бид хоёр хоёулаа тэр залуутай уулзсан.
“Миний дүү хийгээгүй юм аа хийсэн гээд яриад явдаг чинь яаж байгаа юм бэ. Чи юм хийгээд бидэнтэй хамтарч ажиллаж болно. Ингэж хий хоосон нэр төрийн хойноос хөөцөлдөж болохгүй” гэж хэлсэн.
“Би” гэдэг өвчин манайд их байна. Энэ нэвтрүүлгийн цаад утга нь Монгол Улсдаа түүхэн архив үлдээе гэсэн санаа.
Би үүнийг хийсэн гээд цээжээ дэлдэх хүн манай багт байхгүй. Тийм ч утгаараа бид боловсролтой хүмүүсийг сонгож аваад хамтарч ажиллаж байгаа. Б.Лхагвасүрэн гуайг та бүхэн мэднэ. Хэзээ ч өөрийгөө би хийсэн. Миний бүтээсэн зүйл гэж цээжээ дэлдэх хүн биш. П.Анужин бол мундаг, олон улсын боловсрол эзэмшсэн хүн.
Аливаа юм мөнгөөр бүтдэг. П.Анужин энэ нэвтрүүлгийн анхны продюсер нь байсан. Тэр сонгуулийн гэдгийг болиулж, түүх болгон үлдээе гэдэг санааг дэвшүүлсэн. Энэ Монгол тулгатан төслөө ч зохиогчийн эрхийн дагуу бүртгүүлсэн байна лээ.
-Бид нар яасан гэж Д.Алтангэрэлд мөнгө өгөх юм. Рекламнаас олсон мөнгөөрөө нэвтрүүлгээ хийгээд явж байгаа хүмүүс. Хэрэг тарьсан биш, хулгай хийсэн биш. Харин хүн гүтгэж худлаа зүйл зохиож ярьснаараа өөрөө хариуцлага хүлээх байх даа.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, продюссер, “Монгол кино пикчерс” компанийн захирал П.Анужин:
Жижигхэн юм ярьдаг хүнтэй харьцах зав ч байхгүй
Гадаад албаны ажилтан, олон улсын хуульч мэргэжилтэй макробиотик судлаач энэ бүсгүй сэтгүүлч болохыг багаасаа мөрөөддөг байсан гэдэг. Харин одоо бол түүний өөрийн гэсэн хэв маяг бүхий хөтлөлт, тайз дэлгэцийн салбарт нэгэн имиж бүрдүүлж буй.
Хувцаслалт биеэ авч яваа байдлаараа эрхгүй ялгардаг тэрбээр рекламны ертөнцөд ч чухал “фэйс” болоод буй. Тэрээр энэ асуудлын талаар ингэж ярьжээ.
-Анх “Hero entertainment”-ийн зүгээс шинээр хийх гэж байгаа “Чухал 100” нэвтрүүлгийнхээ хөтлөгч хийх саналыг надад тавьсан юм. Нэвтрүүлгийн анхны санаа нь сонгуульд зориулсан улс төрийн ток шоу байсан. Хамтран ажиллах саналыг хүлээж авсныхаа дараа бодож байгаад түр зуурын богино хугацааны уран бүтээл хийхээс илүүтэй утга гүн, үлдэц их нэвтрүүлэг хийе гэсэн саналыг тэдэнд зөрүүлэн тавьсан.
Монгол түмэн маань гэгээтэй бахархалтай юмаар дутаж, оюун санаа нь гундаж мохоод байна уу даа гэсэн зовнил байнга миний толгойд эргэлддэг байлаа. Ер нь бид дотроо байгаа, өөрсөд дундаа байгаа сайн сайхныг нэрлэж, мундаг сайн хүмүүсээ хүлээн зөвшөөрч чадахаа байгаа юу даа гэсэн эмзэглэл төрөх болоод байсан юм.
Бид өмнөх түүхээ мэдэж, бас энэ үеэ таньж байж л ирээдүйгээ алдаа оноо багатай бүтээнэ шүү дээ. Тэдний дотоод хүн, хүсэл зорилго юу байдаг юм, тэд юуг санаж эгээрч, бодож сэтгэж явдаг юм бас хүсэл зорилго нь ямар юм гэдгийг бүгдийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх энэ төслийг нөхрийн маань удирддаг “Мизү” компани дэмжин хамтран ажиллахаар болсон.
Продюссер гэх болсны тухайд монгол тулгатан даяарын эрхэм хүмүүсийн тухай бүтээл хийх санааг минь үнэлэн ингэж нэрийдэх болсон байж болох.
Би тэр Л.Алтангэрэл гэдэг залууг танихгүй. Тэгээд надад ийм жижигхэн юм ярьж явдаг хүнтэй харьцаад байх зав ч байхгүй.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг “Монгол кино пикчерс” компанийн нэр дээр бүртгэсэн байдаг ба компанийн захирал нь П.Анужин юм. Ямартай ч оюуны өмчөө хулгайд алдсан хэмээгээд буй залуу, албан ёсны эрхтэй нэвтрүүлгийн багийн эсрэг гомдоллосоор байна.
Ард түмэн үзэх сайхан нэвтрүүлэгтэй байгаадаа баяртай байгаа нь л уран бүтээл хийгчид, санаа гаргагчдын хэн хэнийх нь сэтгэлийг хангана.
Мөн түүнчлэн нэвтрүүлгийг хийхдээ нэг ч төгрөг оролцогчдоос авдаггүй гэж нэвтрүүлгийн багийнхан барин тавин ярьсан. Тэгэхээр ямар ч орлогогүй, олны тусын тулд хийгдэж байгаа нэвтрүүлэг харах, үзэхэд л сайхан болохоос бөөн “ачаа” мэт.
Огт хийгээгүй юмаа хийсэн гэж ярих “эргүү” бас баймааргүй гэж үзэгчид талцаж байна.
Ямартай ч “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг оршин байгаа, гарч байгаа нь сайхан хэрэг ээ.
У.Цахирмаа
Сэтгэгдэл (25)