АНУ –ийн Флорида мужийн 16 настай сурагч охин Грэйс Буш их сургуулиа төгсөхийн өмнөхөн эрүүгийн байцаан шийтгэх мэргэжлээр баклаврын зэрэг хамгаалсан байна. Тэрээр энэ баасан гаригт буюу тавдугаар сарын 9-нд их сургуулиа төгсөх гэнэ.
Тэрээр их сургуулиа төгсмөгцөө Флорида Атлантик дээд сургуульдаа дахин мастерийн зэрэг хамгаалахаар суралцах хүсэлтэй байгаа тухайгаа ярьсан байна.
Буш есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын охин бөгөөд 13 нас хүртлээ гэрээр хичээл заалгадаг байжээ. Түүнийг хоёр настайгаасаа эхлэн уншиж сурсан хэмээн ээж Жисла Буш нь ярьсан байна.
“Би өдөр бүр түүнийг өвөр дээрээ суулган хэсэг хугацаанд ном уншиж өгдөг байсан. Дараа нь бусад хүүхдүүдтэйгээ хийх ёстой юмаа хийдэг байлаа. Харин нэг өдөр тэрээр өөрөө номоо барьчихсан уншиж байсан. Түүнээс хойш тэр үргэлж өөрөө номоо уншдаг болсон” хэмээн ээж нь охиныхоо тухай ярьжээ.
Грэйс 13 настайгаасаа эхлэн дээд сургуульд сурж эхэлжээ. Зуны ангид гурван жилийн турш суралцсанаар ийнхүү бакалаврын зэргээ хамгаалсан аж. Түүнээс гадна хоёр эгч нь мөн адил их, дээд сургууль зэрэг төгсөж байсан ба Грэйс энэ гурваасаа хамгийн залуу нь болсон юм.
Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна