Гурван настай хүү Карсон Урнес долоон цагийн турш сураггүй болсны эцэст эсэн мэнд олджээ. Түүнийг нь гэрийн тэжээмэл нохой нь хамгаалж байсан байна.
Уг хэрэг Хойд Дакотад байрлах хүүгийн эцэг эхийн эдлэн газарт болжээ. Оройн долоон цаг гучин минутын орчим ээжийгээ гэрийн ажил хийгээд завгүй байх хойгуур хүү тоглох гэж гарч яваад төөрсөн байна.
Хүүгийн ээж Кортни Урнес 11 сартай охиноо харж байх зуураа хүүгээ байгаа эсэхийг шалгатал гэрт байсангүй. Түүнээс хойш гуч орчим минут хайсны эцэст нөхөр Брок Урнесийг дуудан хүүгээ байхгүй байгааг хэлжээ.
Сандарсан эцэг мөн Күүпэр нохойгоо хаана байгааг асуухад мөн л байхгүй болохыг мэджээ.
Ингээд эцэг эх хоёр оройн найман цаг гучин минут хүртэл хүүгээ хайгаад олдохгүй болохоор нь тусламж дуудсан байна. Үүнээс гучаад минутын дараа цагдаа, гал унтраах ангийнхан болон ойр орчмын хөршүүдээс бүрдсэн 200 гаруй хүний баг хүүг хайх ажилд оролцсон байна.
Нисдэг тэрэг, машин, морь гэх мэт хүүг түргэн хайж олж болох бүхий л зүйлийг ашиглаж байсан боловч шөнийн хоёр цаг гэхэд хүүг олоогүй л байв. Арга мухардсан хайгуулынхан эрэлээ зогсоохоос өмнө сүүлийн нэг удаа эдлэн газрыг шалгах санал гаргаж хайж эхэлжээ.
Ийнхүү хайж явсаар байшингаас нэг километр хагасын зайтай бэлчээрийн талбайгаас хүүг олж авчээ. Бяцхан хүү өндөр өвсөн дундаас олдсон бөгөөд хайгуулын багийнханыг гэрэл тусгахад Күүпэр нохой өвсөн дундаас цухуйсан байна.
Нохой нь Карсон хүүгийн дээр дарж хэвтсэн байжээ. Учир нь тэр шөнө 4 хүртэл хэмийн хүйтэн байсан байна.
Карсон хүү “Харанхуй болмогц би айж эхэлсэн. Харин Күүпэр намайг дааруулахгүйн тулд хамгаалж байсан” хэмээн ээждээ ярьжээ.
Күүпэр нохойг Урнесийн гэрийнхэн гурван жилийн өмнө гудамжнаас олж байжээ. Нохой гэр бүлийн салшгүй хэсэг байсан бөгөөд хүүгийн сайн найз байснаар барахгүй ийнхүү амийг нь аварсан байна.

Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна