Дэлхийд монгол үндэсний дээл, хувцасыг таниулж яваа “Монгол костьюмс”-ийн Б.Сувд хатагтайг танихгүй хүн ховор. Үндэсний хувцсаараа гангарч, зураг хөргөө авахуулах гэсэн хэн ч хэзээ ч зорьж очсон эдний төв нээлттэй байдаг нь хүмүүст ихэд таалагддаг.
Сэтгүүлч, хэл шинжлэлийн ухаанаар гадаадад хуваарь байгаагүйн улмаас оёмол бүтээгдэхүүний инженер мэргэжил сонгосон нь Б.Сувдын амьдралын замыг тэр чигээр нь өөрчилжээ. Хувцас, дизайн, загварын ертөнцийн чухал мөчлөг, түүх болгон энэ хатагтайтай холбогддог.
Нөхөр Л.Арслангаа Чех улсад худалдааны атташегаар томилогдоход 10 жилийн турш хилийн чанадад амьдарсан нь Б.Сувдад үндэсний хувцасаа үргэлжүүлэн судлах, ОХУ-д очиж сурч байсан сургуульдаа докторын зэрэг хамгаалах боломжийг нээсэн мөн л чухал мөчлөг байж.
Хүү, охин хоёр нь амьдралын замд хөл тавьж хэдийнэ эмээ болсон Б.Сувд хатагтай одоо түр амсхийх цаг ч завгүй хөдөлмөрлөсөн хэвээр.
Хэзээд биеэ сайхан авч явдаг түүний гоо сайхны нууц Aqua фитнесстэй холбоотой. Гурван жилийн турш тасралтгүй хичээллэж буй нь үр өгөөжөө ч өгч дуртай жийнсээ санаа зовох зүйлгүй өмсдөг гэсэн шүү.
Түүний энэ удаагийн style мөн л дэгжин байна шүү.
Б.УЯН
Сэтгэгдэл (2)