Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Гэхдээ тэр бүр сэтгэлзүйчид хандаад байж чаддаггүй. Тийм учраас бид амьдралд нь адармаатай асуудал тулгарсан, сэтгэлзүйчээс зөвлөгөө авах шаардлагатай байгаа уншигчдынхаа захидлын дагуу сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авч цувралаар хүргэж байна.
“Би хүү, охин хоёртой. Нөхөртэйгээ танилцаад таван сарын дараа би жирэмсэн болоод бид суусан. Гэвч бид хурим, найр хийгээгүй. Тэр ч байтугай хадаг сүй тавьж аав ээжээс минь гуйгаагүй.
Би хоёр хүүхдээ төрүүлээд таван жил гэртээ суусан. Нөхөр маань Бээжинд ажил хийдэг байсан. Энэ үедээ л гэр бүлээс гадуур харилцаатай болсон санагддаг. Тэгсэн хэрнээ намайг маш их харддаг.
Хоёр хүүхдээ бодоод би бүхнийг тэвчиж ирсэн. Гэтэл одоогоос арван сарын өмнө нэг шөнө гэртээ ирж хоноогүй, маргааш өглөө нь 10 цагт утас руу залгахад ажилтай байна гэсэн.
Хэсэг хугацааны дараа дахин залгахад утасны цаанаас нэг эмэгтэйтэй хурьцал үйлдэж байгаа дуу гарсан. Энэ надад маш том цохилт болсон. Салья гэж бодсон ч хоёр хүүхдээ бодоод нөгөө талаар эдийн засгийн хараат байдлаас болж салж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Би яах ёстой вэ? /Нас 33/
-Ерөнхийдөө тэд алсын зайны харилцаанд орчихсон хүмүүс юм байна. Алсын зайны харилцаа үүсгэх нь маш буруу. Манай Монголд гэр бүл салалтын нэлээд хувь нь ийм алсын зайны харилцаанаас үүдэлтэй байдаг.
Гадаадад эсвэл уул уурхайгаа дагаад хөдөө ажиллаж байгаа хүмүүс олон. Ингэж холдсоноос болж алсын харилцаа үүсч, гэр бүл холддог.
Гэр бүл гэдэг маань хамтдаа амьдарч хамтдаа хөгжиж байх ёстой. Хамтдаа амьдралыг туулаад ирэхээр гэр бүлийн хүмүүсийн сэтгэлгээ ижилхэн хөгжиж явдаг.
Тус тусдаа алсын зайнд амьдарч буй хүмүүсийн туулж байгаа зүйл өөр, өөр. Ингэхээр тэр хоёр хүний дурсамж тус тусдаа бий болж, сэтгэлзүйн өөрчлөлтүүд явагдаж эхэлдэг.
Нэг ёсондоо үзэл бодол нь өөрчлөгдөж бие биеэсээ аажим аажмаар хөндийрч эхэлдэг.
Тэгээд хамтдаа байх үедээ зөрчилдөх ч юм уу үзэл бодол нь нийлэхгүй байх жишээтэй. Бие биетэйгээ ойлголцож чадахгүй хүмүүс чинь хэн нэгнээсээ хөндийрч, хайргүй болчихсон гэсэн сэтгэлгээ толгойд сууж эхэлдэг. Тэгээд цаашлаад хардалт гэдэг өвчин үүсдэг.
Хардалт гэдэг чинь цэвэр өвчин. Партнериа алдах вий гэсэн айдас.
Сэтгэлзүйн хоёр үндсэн шалтгааны нэг тухайн хүн дээр бий болонгуут автоматаар хардалт гэдэг зүйл сэтгэлзүйд бий болдог.
Өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах. Ямарваа нэг стрессд орох, ядрах, сульдах гээд энэ бүхэн хардалтын эх үүсвэр.
Энэ нь гэртээ байдаг эмэгтэйчүүдэд их тохиолддог. Ажилгүй гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдэд сэтгэлзүйд нь автоматаар суух жишээтэй.
Наад зах нь гэхэд зурагт, радиогоор буюу гаднаас орж ирж байгаа мэдээлэлүүдийн 70-80 хувь нь дандаа чиний эсрэг хандсан байдаг. Жишээ нь, сонин сэтгүүл уншлаа гэхэд дандаа мисс сайхан хүүхнүүдийн гоё ганган зурагнууд байдаг.
Тэгэхээр тэр бүхнийг өөртэйгээ харьцуулж эхэлдэг. Дээрээс нь мундаг хүмүүсийн амжилтууд сонин сэтгүүл, зурагт радиогоор байнга гарч байдаг.
Хүн ямарваа нэг юмыг бусадтай дотоод ертөнцдөө харьцуулж байдаг. Эндээс гутрал, стресс бий болно. Мэдээллийг маш зөв хүлээж авахгүй бол таныг маш их гутралд оруулж өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийг улам л үгүй хийгээд байна.
Өөрөө өөрийгөө үнэлж чаддаг хүн өөртөө бардам сэтгэл хангалуун байж чаддаг. Чи хэнээс хамааралгүй байж чадна гэдгээ мэдэрч байдаг.
Өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болсон хүн энэ нийгмээс арчигдчих гээд байгаа шиг санагддаг. Ингээд тухайн хүнд өөрийн эрхгүй асар их айдас төрдөг.
Цаашлаад хардалт гэдэг өвчин урилгагүйгээр тухайн хүний сэтгэлзүйд бий болдог. Хичнээн эхнэр, нөхөр нь хуураагүй байсан ч сэтгэл гутрал, стресс, ядаргаанаас болж хардалт гэдэг өвчин бий, болж бүр хажууд байгаа хайртай хүмүүсээ ч өөрөө өөрөөсөө түлхэж нууц амрагтай болох профессийг нь бий болгож өгдөг ч тал бий.
Хамтдаа амьдралыг туулсан хүмүүсийн ярьсан яриа үзэл бодол нь адилхан байдаг бол дээрх гэр бүлийн тухайд эсрэгээрээ болчихсон гэж болно.
Жишээ нь багаасаа үерхэж дотносон хоёр сайн найз бас нэг найзтайгаа уулзаж ярилцлаа гэхэд нөгөө хоёр дотно найзуудын хувьд ярих юм их, үзэл бодол нь нийлж бие биенийгээ ганц үг хэлэхэд л ойлгох жишээтэй.
Нөгөө гурав дахь найз нь гэхэд олон дахин хэлсний эцэст нөгөө хоёрынхоо яриаг ойлгох ч юм уу яриа хөөрөө нь нийлэх жишээтэй. Гэр бүлийн харилцаа ч мөн ялгаагүй яг үүн шиг. Урт удаан жил хамтдаа нэгэн зүйл рүү тэмүүлж нэг дурсамжтай өнгөрүүлсэн бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Үүслээ гэхэд хоорондоо ярилцаж хөөрөөд дор нь зохицуулж болно шүү дээ.
Алсын зайны харилцаанд орчихсон гэр бүл ихэнхдээ л дундын хэлгүй болчихсон байдаг.
Дундын хэл үгүй бол хосууд гэх аргагүй. Дундын хэл үүснэ гэдэг нь тухайн хоёр хос албан ёсоор хос болж байгаа гэсэн утгатай. Дундын хэл үүсээгүй бол хос гэж үздэггүй, зүгээр шохоорхол.
Он удаан жил үерхсэний эцэст дундын хэл үүсдэг. Түүнээс биш хоёр, гурван сар ганц хоёр жилийн дотор дундын хэл үүссэн гэж үзэж болохгүй. Дундын хэл нь бие биенийгээ сайн таньж мэдэх наад зах нь юу гэж хэлэх гээд байгааг нь хэлүүлтгүйгээр ямар нэг байдлаар мэдэх жишээтэй.
Энэ гэр бүлийн хувьд дундын хэл ч байхгүй болчихсон. Мөн эхнэр нь өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хэт алдчихсан. Үүнээс болоод асар их хэмжээний хардалт бий болсон.
Гэр бүл гэдэг чинь эдийн засгийн нэгж. Албан байгууллагаар бол гэр бүл гэдэг нь хамгийн анхан шатны нэгж нь. Үндсэн хуулинд гэсэн хамгийн бага нэгжээр гэр бүлийг тооцож явдаг. Хүмүүс хайр сэтгэлийн үргэлжлэл гэр бүл гэдэг. Үгүй биш. Гэр бүл гэдэг чинь хамтдаа амьдралыг авч явах асуудал.
Тэгэхээр энэ хоёр хүнд харилцаагаа засах талаар ажиллах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Би сэтгэлзүйч гээд энэ хоёр хүнийг сал гээд хэлчих аюултай. Хоёрын хоёр хүүхэд өнчирнө шүү дээ.
Гэр бүл гэдэг хайр сэтгэлийн үргэлжлэл биш. Гэр бүл гэдэг хамтдаа амьдралыг авч явах хамтдаа амьдралыг босгохыг хэлнэ. Хамтын амьдрал нь болж байвал сэтгэлзүйн байдлаа яаж дээшлүүлэх вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй.
Эцсийн эцэст сэтгэлзүйч бид чинь юунаас болж ямар байдалд хүрсэн гэдгийг тайлбарлаж, ойлгуулах ёстой.
Дараа нь энэ хүмүүстэй хамтран ярилцаж зөвшилцдөг.
Түүнээс биш тухайн хүний өмнөөс шийдвэр гаргаж болохгүй. Үнэхээр өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргахыг хүсэж байвал лам мэргэч дээр очсон дээр. Тэд л хүмүүсийн өмнөөс шийдвэр гаргадаг байх. Харин бидэнд шийдвэр гаргах эрх байхгүй. Нөхцөл байдал хаанаас бий болсон одоо яаж үүнээс гарах вэ гэдэг арга замыг хамтдаа ярьж шийддэг.
Ийм нөхцөл байдалд орсон эмэгтэй хүн өөр өөртөө сонирхолтой юм туршиж үзэх, өөр юм сонирхох, гадаад дотоод гоо үзэмжиндээ анхаарах гээд бүхий л талаас нь анхаарах хэрэгтэй.
Өөрийнхөө сонирхдог зүйлийг туршиж үзэх, хийж үзэх,сэтгэл санаа өөдрөг байх хэрэгтэй. Ингээд сэтгэл санаа нь тайвшраад эхлэхээр нөхцөл байдлыг арай өөр өнцгөөс харж эхэлдэг.
Яг ийм үед гаргасан шийдвэр ихэнхдээ буруу шийдвэр байдаг. Тэгэхээр буруу шийдвэр дээрээ явж байгаа хүн байна шүү гэдгээ анхаараарай.
Та бүхэнд асуух зүйл байвал grandsite.mn@gmail.com хаягаар хандана уу!
Сэтгэгдэл байхгүй байна