Сайхны өмнө харц буруугүй. Бүр цаанаасаа загвар өмсөж, гуалиг сайхан бие галбир алхаа гишгээрээ олны харааг булааж сэтгэлийг эзэмдэхээр “төрчихсөн” гоо бүсгүйчүүд Монголд олон бий.
Хувь тавилангийн дуудлагаар тэдний зарим нь богино хугацаанд од болон гялалзаж, харин зарим нэг нь хилийн дээс алхан оджээ.
Тэдний ертөнцөд хэсэгхэн хугацаанд саатлаа.
Танил биш царай, “тасархай” бие галбир. Тэд бол Сингапурт загвар өмсдөг Монгол бүсгүйчүүд. Азийн загварын ертөнц Япон, Солонгос, Хонгконг, Сингапур, Шанхайд төвлөрдөг бол аль, алинд нь манайхны хацар гоо охид хэдийнэ хүрч амжсан.
Ингээд эх орондоо танил биш ч хилийн чанадад гялалзаж яваа тэдэнтэй танилц.
“Вальсийн хаан”-ы гүнж
Т.Ундармаа хэмээх энэ өвөрмөц төрхтэй модель бол нэрт хөгжмийн зохиолч Б.Түмэнжаргал агсны охин.
Ээжийнхээ хамт БНСУ-д ажиллаж амьдардаг байсан тэрээр багадаа гадагшаа гарсан болохоор эх орондоо төдийлөн танил бус. 2006 онд Miss Mongolia-д байр эзэлж, "Miss Intercontinental” тэмцээнд явж эхний 10-т мөн шалгарч байжээ.
Харин одоо бол Сингапурт суурьшин загвар өмсөж байгаа юм билээ. Хүүхэд насандаа хорвоог орхисон эгчийнхээ дурсгалд зориулсан “Жавхлант ирээдүй” хэмээх нэр нь хэдийнэ олонд танил болсон санг Т.Ундармаа үүсгэн байгуулсан.
Сангийнхаа ажлаар жилдээ нэг удаа эх орондоо ирдэг бүсгүй НҮБ-д ажиллахыг мөрөөддөг гэсэн шүү. Түүний аав Б.Түмэнжаргал агсныг “Вальсийн хаан” нэрээр нь хүмүүс илүүтэй мэднэ.
Ийм нэгэн хөгжимлөг, урлагийн мэдрэмжтэй гоо бүсгүй эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна.
"Diva Models"-ийн монгол гүнжүүд
Сингапурын "Diva Models" агентлагт харьяалагддаг Ука, Гэгээ нар хэдийнэ орон зайгаа бататгаж чаджээ. Тэдний гадаадад загвар өмсдөг нэр нь Tina, Rose.


Хэн хэн нь Монголын загварын тайзнаа гарч байгаагүй тул тэднийг монголчууд тэр бүр мэддэггүй. Сингапур төдийгүй Японы загварын ертөнцөд хөл тавьсан бүсгүйчүүд тун амжилттай яваа гэсэн шүү.
Бие галбир, царай төрхийн хувьд хэдэн мянган like дарсан ч багадам хацар гоо монгол охиддоо амжилт хүсэж, алга нижигнүүлэн ташихаас яах билээ.
“Carrie Model”-ийн Бобо
Нуруугаар тийм ч өндөр биш энэ бүсгүйг эх орондоо фото моделийн чиглэлээр тун амжилттай карьер хөөж байсныг санаж байгаа байх.
Сингапурын агентлагт харьяалагдан ажиллаж байсан бүсгүй өдгөө айл гэрийн эзэгтэй болоод буй. Гадаад нөхөртэй, хоёр ч хүүхдийн ээж болсон бүсгүй одоогоор загварын ертөнцөөс түр хөндийрөөд байгаа юм билээ.
Бобо “Монголжингоо” дээд сургуулийг дизайнер мэргэжлээр дүүргэсэн, эх орондоо байх үедээ загварын шоу болгонд алгасалгүй оролцдог өсөх ирээдүйтэй моделиор зүй ёсоор нэрлэгддэг.
Томоогүйтэж ханалаа, одоо ингээд “цэг”
Харсаар байтал сайхан бүсгүйчүүдийг царайлаг, царай муутай гэж ялгах хэцүү. Тийм учраас л модель бүсгүйчүүдийг томоотой, томоогүй гэж ялгах гээд байгаа ухаантай.
Загварын ертөнцөд гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон бүсгүйчүүд бас байнаа. Хаана байна, юу болов гэж ажиг сураг тавьсан чинь ийм л юм болжээ.
А.Сүхбатыг айлгасан Н.Алимаа хаачсан?
Хэзээнээс сайхан бүсгүйчүүдээрээ брэнд болох шахаад байгаа Дарханаас нэг өндөр бор охин ТИС-д ирсэн нь ирээдүйн топ Н.Алимаа байлаа. Загварын тайзнаа дөнгөж алхаж эхэлмэгцээ тэрээр нэгэн том дуулианыг тарьсан нь тухайн үедээ хэвлэлүүдийн нүүр хуудсыг чимж байв.
Юу гэвэл аварга А.Сүхбатыг “Цэцгийн үнэр мэдэхгүй эрвээхий” хэмээн ил шулуухан хэлж, хариуд нь Б.Баясгалан хатагтай, бөгсөө ч зөв арчиж чадахгүй бацааны шүлсэнд манай гэр бүл хутгалдахгүй гэж хатуухан хариу барьж мөн ч их сенсааци болж байв даа.
Нас залуу, цус шингэн бүсгүй ид үзэсгэлэн төгс үедээ баргийн эр хүнийг сөхрүүлнэ гэж бардамхан явах үед таалагдсан залуу нь хялам ч хийхгүй байвал тун таагүй байх нь тодорхой. Тэр дургүйцлээ зөвхөн үг хэлээр илэрхийлээд зогссонгүй. Х.Баянмөнх аваргын охин, А.Сүхбатын авааль эхнэр Баясаатай үсдэлцэх дээрээ тулаад авсан гэж байгаа.
Харин одоо Н.Алимаа цэцгийн үнэр мэддэг “эрвээхий”-гээ олж гурван хүүхдийн ээж болоод буй. “Мобиком” компанийн нүүр царай болж байсан Н.Алимаа “Хараагийн харцагууд” багт тоглодог сагсчин Давхарбаяртай амьдралаа холбон нам гүм болжээ. Бас ч үгүй өөрийн гэсэн өнгө төрхтэй загварын тайзнаа орон зайгаа олоод байсан бүсгүй гундсан шалтгаан нь аваргын эхнэртэй “үсдэлцсэнээс” болсон гэж зарим нэг хүмүүс таамаг дэвшүүлдэг.
Цэцгийн үнэрээс хойш загварын тайзнаас арчих мэт алга болсон Алимаа хамгийн сонирхолтой нь 2007 онд гэнэт гарч ирж “Гоёл”-ын тайзнаа нэг үдэш алхангуутаа ТОП хэмээх өнөөх айхтар цолыг авчихсан.
Асуудлын гол нь тэр олон жил ч загвар өмсөөгүй, топ модель авах хэмжээний загвар өмсөгч ч биш байсанд оршино.
Гэтэл яасан гээч, топ болдог тэр жилээ мань хүн “Монгол газар” компанид захирлын туслахаар ажиллаж байсан байж таардаг юм.
Ингээд л бөөн дуулиан шуугиан, хэл ам, хов жив үүсэх нь мадаггүй биз дээ. Ингэж л өмнөх жил нь топ авсан гэргий Д.Пүрэвсүрэн, энэ онд топ авсан жинхэнэ битүү морь, сураггүй Алимаа хоёроос хойш “Ц.Мянганбаярын хүүхнүүд л топ авдаг” гэх яриа улам батжиж, өндрөө авсан юм даа.
Ч.Содгэрэл АНУ-д төвхнөв
Топ модель Д.Болормаатай хамт “Эластин” шампунийн рекламанд тоглож байснаар нь модель Ч.Содгэрэлийг хүмүүс эчнээ мэднэ.
Ердөө ганцхан рекламанд тоглосон ч дүр төрх нь одоо хэр нь олон хүний сэтгэлд тод үлдсэн түүнд одоо ч рекламны урилга тасралтгүй ирдэг гэнэ лээ.
“Бодь”-ийн М.Зоригтын ууган хүүтэй амьдралаа холбосон бүсгүй нөхөртэйгөө холын АНУ-д амьдардаг бөгөөд эх орондоо хааяахан ирдэг юм билээ.
Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүд дунд хамгийн даруу төлөвт зүй ёсоор нэрлэгддэг Ч.Содгэрэлийн монголжингоо төрх, даруухан ялдам ааль нь олон хүнээс магтаалын үг сонсоход хүргэдэг. Ингэхэд хийгүй улс төрч гэдэг шиг Ч.Содгэрэл хийгүй моделийн тоонд багтдаг чамбай бэр.
Австралийн шоу од Одноо туурга тусгаарласан уу?
Австралийн загварын ертөнцөд Odna Gerel нэрээр танил болсон Г.Одончимэг гадаадыг загварын ертөнцөд цахиур хагалсан содон фигур.
Бусад моделиудын нэгэн адил чамгүй эрчүүдтэй нэр холбогдож, хамгийн сүүлд “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй романс үүсгээд байсан тэрээр эндхийн уул уурхайн компанийн ажилтан чинээлэг австрали эртэй амьдрал холбож, харьд бэрлэснээс хойш гадаад дахь карьер нь эрчээ авсан гэж болно.
Хонгконгийн “Elit model look”, “Deal or No Deal” , Австралийн Channel 7 телевизийн “Deal or No Deal”, ”Project Runway Australia” гэх мэтчилэн түүний оролцсон тэмцээнүүд бас ч гэж зиндаа илэрхийлдэг. 15 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан Одноо Австралийн “Chadwick” агентлагт харьяалагдаж, “Channel 7” телевизийн шоу нэвтрүүлгийн нүүр царай болж байгаа юм билээ.

Даатгалын эдийн засагч мэргэжилтэй модель бүсгүйн талаар саяхан австрали нөхрөөсөө өрх тусгаарласан тухай мэдээлэл чих дэлсээд байна. Түүний талаарх энэхүү мэдээллийг гадаад нөхрийн халамжинд бөмбөрч нялхарч суухааргүй бие даасан, амбицтай бүсгүй амжилтанд хүрсэн бусад бүсгүйчүүдийн нэгэн адил single lady болов уу хэмээн хүмүүс тийм ч их цочирдсон шинжгүй хүлээж авч байна.
Өвөөгийн охин өөр амьдралтай
Загвар өмсөгч Э.Түмэнжаргалыг “Чамдаа” дууны клипэнд тоглосон тэр үеэс хүмүүс таньдаг болсон. Өвөрмөц төрх, өөрийн гэсэн имижээрээ загварын ертөнцөд богино хугацаанд танигдаж “Ногоон” Түмээ гэж мандаж явсан эртний сайхан түүх энэ бүсгүйд бий.
“Улаанбаатар” их сургуулийн хэл уран зохиолын анги, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн бизнесийн ухааны магистрын ангийг тус тус дүүргэсэн Түмээ нэг л өдөр “Үнэндээ бол сонирхол буурсан болохоор загварын ертөнцийг орхисон” гэж ярьсан.
Нэг үе “Юнител” компанийн нүүр царай болж байсан Түмээ сураг ажиггүй байж байж гэр бүлтэй болсон аз жаргалтай агшнаараа дахин мэндчилсэн. Сонирхуулахад, түүний өвөө нь СГЗ Ч.Дагвадорж бөгөөд түүний олон бүтээл байдгаас “Будантай юу буурал хорвоо доо” дуугаар нь хүмүүс эчнээ мэдэх юм.
Өвөөгийн амин хайртай охин Түмээ захиас сургаалиас нь хазайлгүй хэл, уран зохиолын чиглэлээр ажиллах сонирхолтой юм гэсэн.
Бэбэ агентлаг нээсэн үү?
“Нандин учрал” дууны клипэнд тоглодог нүдэнд дулаахан бүсгүй загварын тайзнаа бол ёстой ёоз ёозоор хувирна.
Б.Батцэцэг буюу Бэбэ ирээдүйтэй загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан билээ. Харин өдгөө Сингапурт "Carrie Models" агентлагт харьяалагдах болсоор чамгүй хугацааг үдсэн.
Төдийлөн эрчүүдтэй нэр холбогдоод байдаггүй Бэбэг тэнд очсон даруйдаа америк эртэй жиг ургууллаа гэсэн “бор шувуу” нисэж байв. Ихэд нам гүм, усанд хаясан чулуу мэт сураг алдарсан бүсгүйн талаар ямартай ч гэрлэж бараалсан сураг дуулдсангүй.
Хувь хүнийхээ хувьд нэлээд ааширхуу, хэгжүүн зантай учраас эх орондоо шагнал урамшуулал хүртэж чадаагүй талаар хүмүүс ярилцдаг юм билээ.
Өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, цаанаа этгээд авир нь магадгүй түүний олонлогуудаас ялгарах нэг өнцөг байж болох. Түүний талаар хамгийн сүүлд Сингапурт өөрийн гэсэн загварын агентлаг нээсэн мэдээлэл байна.
Ямартаа ч 2009 онд дэлхийн мисст оролцож, “Гоёл”-оос шагнал хүртэж явсан Бэбэг энд байхад нь мэргэжилтнүүд андуу хараагүй л юм байна. Хаа ч явсан газардахгүй Бэбэ тун удахгүй сайхан мэдээ дуулгах биз ээ.
Б.УЯН
“Гранд” сэтгүүл. 2014.01
Сэтгэгдэл (6)