Холливудын ганц бие сайхан эрчүүдийн нэг Жорж Клүүни сүй тавилаа гэсэн мэдээлэл олон бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулаад байгаа.
Алдартай сонины сурвалжлагч, телевизийн хөтлөгчдөөс эхлүүлээд олон арван эмэгтэйчүүд хэрвээ Клүүни бид хоёр тааралдсан бол хэмээн уулга алдаж байсан билээ.
Өдгөө зуугийн талыг насалчихаад байгаа ч секс бэлгэ тэмдэг нэрээ алдаагүй байгаа тэрээр бүх насаараа ганц бие амьдарч байгаа гэдэг. Гэсэн ч улаан хивсний ёслол, аливаа арга хэмжээнд залуухан бүсгүйчүүдийн хамтаар харагддаг.
Түүнийг Сандра Буллоктой “Gravity” кинонд тоглосных нь дараа “Энэ бол Клүүнигийн өөрийн насны бүсгүйтэй нэг минутыг ч хамт өнгөрөөж байснаас сансарт жингүйдэж амиа алдсан нь дээр гэдгийг харуулсан түүх” хэмээн хошигносон явдал ч бий.
Жоржийн сэтгэлийг татсан энэхүү азтай эмэгтэй хэн байв гэсэн асуулт олон хүний анхаарлыг татаж байгаа. Харин сүйт бүсгүйн талаар мэдээлэл цацагдах бүрд “Жорж энэ бүсгүйтэй учирсан нь харин ч азтай хэрэг” гэх мэт яриа гарах болсон.
Түүний сүйт бүсгүй Амал Аламуддин Их Британийн чинээлэг ганц бие бүсгүйчүүдийн нэг. Оксфордын их сургуулийг төгссөн хуульч мэргэжилтэй, 36 настай тэрээр олон орны хэлээр ярьдаг өндөр боловсролтойгоос гадна үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн юм.
Хосууд жил гаруй хугацаанд үерхэж байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд хоёулаа хүний эрхийн төлөө тэмцэж, олон орноор аялах дуртай юм байна.


Б.ЛХАГВА
Сэтгэгдэл (2)