“Ямар ч хүн хийж байгаа ажлаасаа уйдаж, залхаагүй, дур сонирхолгүй болоогүй цагт хэзээ ч туйлдаж ядрах ёсгүй” гэж Английн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тэтчер хэлсэн байдаг. Гадны юм болгон сайхан, хүн болгон хөөрхөн гэдэг утгаараа түүнийг энд иш татсангүй. Генийн хүчирхэг, дайчин бадрангуй Монгол бүсгүйчүүд дунд ч гэсэн түүнээс дутахгүй “Төмөр хатагтай” нар бий гэдэг утгаараа Тэтчерээр жишээ татав. Төмөр хатагтайг уг нь улс төрийн салбараас тодордог, тэнд л байдаг гэж энэ он цаг, хугацааны турш ойлгож хэвшсэн билээ. Гэтэл улс төрийн ертөнцөд одоогоор тийм туйлбартай, үзэл бодолдоо үнэнч, шийдвэр нь олон хүний амьдралд нөлөөлсөн эрхэм хатагтай хараахан тодроогүй бололтой. Ингээд манайд чухам хэн хэн “Төмөр хатагтай” тодотголд хамгийн их нийцсэнийг, хүрсэнийг хамтдаа үзье.
Ж.Соронзон захирал яагаад өвдөг чичрүүлдэг вэ?
Монголын талын 4 тэрбумын хөрөнгөтэй, эх орондоо төдийгүй гадаадад нэр хүндтэй Орос, Монголын хамтарсан гуравдугаар дунд сургуулийг өдий зэрэгт хүргэхийн төлөө Ж.Соронзон хатагтай 20 жил уйгагүй хөдөлмөрлөжээ. Анх 600-хан хүүхэдтэй, хэдэн яажгий ширээ сандал, хуучны ЗИЛ хөргөгч бүхий сургууль хүлээж аван багш нараа ОХУ-аас автобусаар зөөн авч ирж байсан тэр цагийг одоо ярих ч юм биш. Багш, сурагчаа хамтад нь байнга шалгаж, сургалтын чанар арга барилаараа толгой цохих хэмжээнд хүргэх амаргүй даваа. Анхандаа өөрөө сургалтын хөтөлбөрөө нойр хоолгүй боловсруулж суусан тэр цаг мөч түүний сэтгэлд одоо ч илхэн. Чухамдаа азаар ч гэх юмуу тус сургуулийн шинэхэн захирал Ж.Соронзон, багш хайн хойт хөршид очих үед багш нарынх нь цалин бага, хямралын үе таарч амьдрахын эрхээр түүнийг даган манайд ирж байсан гэдэг. Жинхэнэ хатуу дэг жаяг, хувийн зохион байгуулалт гэж юу байдгийг хүүхдэдээ хэвшүүлж, мэдрүүлэхийн тулд эцэг эхчүүд жилд 1 сая 800 мянгаас, 2 сая 800 мянган төгрөгийг тус сургуульд төлдөг. Сайн боловсрол үнэтэй байх ёстой. Мэдээж нэг ангийн 35-36 хүүхэд бүгд онц сурах боломжгүй мэт боловч эднийхээс хасагдсан хүүхдүүд өөр сургуульд бол 2 анги дэвших хэмжээний боловсролтой байдагт гайхахаа больжээ. “Ж.Соронзон захирал дуудаж байна” гэж дуулвал хүүхэд бүү хэл эцэг эхчүүд хүртэл өвдөг нь чичрэн хүүхэд нь ямар асуудал гаргасан бол гэж сандардаг гэдэг оргүй үг биш. Тэр бол зүй ёсны шаардлагыг хэзээ ч гуйваж дайван ая тал харалгүй зоримог, шударгаар тавьдаг “ширүүн” эмэгтэй. “Ингээд хэлчихвэл энэ гомдчих болов уу, за за дуугүй өнгөрье”, “Мөнгийг нь авсан юм чинь хэл балгүй л хүүхдийг нь чирж байя” гэж тэр хэзээ ч бодож байсангүй. “Хуулийг зөрчихийн тулд бий болгодог” хэмээн тоглоом шоглоом болгон ярьдаг “том толгойтон” олширсон өнөө цаг үед хувийн зохион байгууллалт, дэг жаягыг хэвшүүлж сурах нь хүүхэд төдийгүй хүн бүрт хэрэгтэй. Мянга мянган хүүхдийн эцэг эхчүүдийн өөдөөс сургуулийнхаа дэг жаяг, дүрэм журмаа хамгаалан үг, үйлдэл үзүүлэх амаргүй. Дөрвөн эрэгтэй дүүгээ командлаж өссөн том эгч, дайны үед бол генерал байхаар хатан зоригтон Ж.Соронзон хэнд ч хэзээ ч бууж өгөхгүй. Тэр бол “Төмөр хатагтай”.
“Найрамдал”-ын Т.Түвшинд найдаж болно
Зуны зугаатай өдрүүдэд дуу аяланхан зусланг зорих хүүхдийн хөл үл тасарна. Хүүхэд бүрийн мөрөөдөл, хүслийн оргил болсон ОУХ-ийн “Найрамдал” төвийн үе үеийн амрагчид хэдийнэ насны нар нь хэвийсэн ч хайртай зуслангаа нөгөө л янзаараа байгаад баярлаж бахархдаг. Инфляци хэчнээн савлаж, төр засаг хэдэнтээ солигдсон ч “Найрамдалын вант улс”-д үл нөлөөлнө. Т.Түвшин хатагтайг хэн ч харсан 45 наснаас хэтрэхгүй гэж боддог. Гэтэл Т.Түвшин багш хэмээх алдраа дуудуулаад 30 гаруй жил болжээ. 30 мянган хүүхдийг өвөл, зунгүй хүлээж авч, гадаадын 10 гаруй оронтой эргэх холбоотой ажиллан, 150 гаруй ажилчдаа зохион байгуулах гээд Т.Түвшин туйлын завгүй. Т.Түвшин анх тус төвийн захирлаар томилогдсон 1992 оноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. “Найрамдал”-д шилдгүүд амарна, шилдгүүд багшилна. “Найрамдал”-ын ПАУ нар хүртэл ирээдүйд улс эх орондоо лидер болдог. Бүх талаараа шилдэг хүмүүсийг удирдаж, нэг дүрэм журамд оруулж “базахад” тийм ч амар биш. Тэр утгаараа тэднийг удирдагч өөрөө шилдгийн шилдгийн шилдэг байх ёстой. Төдийлөн олон нийтийн өмнө амбиц хөөгөөд байдаггүй, зусландаа л бүх анхаарлаа тавьдаг энэ хатагтай “Найрамдал”-ын гол цөм, багана. Нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр хүүхдүүдийн хүсэл сонирхол ч хувьсаж байгаа энэ үед “Найрамдал”-ын стандартыг тодорхой төвшинд барьж, хадгалах хариуцлагатай алба Т.Түвшин хатагтайд оногдсон. Тэр чадсан. Цаашдаа ч чадсаар байх болно гэдэг дээр олон хүн дуу нэгтэй санал нийлдэг. Багш нараа чин сэтгэлээсээ ойлгож, шагнаж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдэхдээ хэзээ ч гар татаж байгаагүй нь түүний түмний төлөө гэсэн чин сэтгэл. Хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн байх нь удирдагч хүнд зайлшгүй байх ёстой чанар юм.
Н.Оюун хэзээ ч “тархины тураал”-д орохгүй
“Монголын пластик мэс заслын загалмайлсан эх” тодотголыг ямар ч өрсөлдөгчгүй дангаараа хүртсэн Н.Оюун яах аргагүй эрүүл мэндийн салбарын “Төмөр хатагтай”. Хоногийн 24 цаг шахам цагаан халаднаас салдаггүй энэ хатагтайн гэрт тавилга бараг байхгүй атлаа ном дүүрэн бий. Түүний “Перфект” эмнэлэгт хэдэн мянган ам.доллараар хэмжигдэх маш үнэтэй тоног төхөөрөмж ашиглагдахаас гадна өөр бас нэг чухал зүйлийг тэр хэзээ ч орхигдуулж байсангүй. “Толгойдоо юм хийж байж илүү ажиллана” гэж тэр байнга хэлдэг, амьдралдаа мөрддөг. Түүний хувьд гадаад руу зөвхөн нэг удаа хурал зөвлөгөөнд явахад дунджаар 8000 ам.доллар, пластик мэс заслын олон улсын сэтгүүл захиалахад жилд 1000 доллар, Пластик мэс заслын олон улсын нийгэмлэгийн вэб сайтад тодорхой мөнгө төлж бүх мэдээллээ авдаг. Тэр утгаараа Н.Оюун эмчийн мэс засал болгон амжилт, нэр хүнд дагуулдаг төдийгүй хэзээ ч үйлчлүүлэгчид нь сэтгэл дундуур үлдэж байсангүй. Тэр ч бүү хэл бусдын хийсэн алдаатай хагалгааг тэр, тэдний эмнэлэг л залруулж байгаа билээ. Өөрөө гоо сайхны мэс засал хийдэг атлаа эрүүл, зөв амьдралын хэмнэл бол идэвхитэй хөдөлгөөн, тогтсон хэв маяг, олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болж сайхан харагдахын эх үндэс болдог гэдгийг тэр нууж хаалгүй шулуухан хэлдэг. Энэ олон жил пластик мэс заслын чиглэлээр ажиллахдаа тэр нэг ч удаа бусдыг уриалан дуудаж, өдөөн хатгаж эмнэлэгтээ ирж үйлчлүүлэхийг ятгаж байсангүй. Тэгсэн атлаа нэр нь брэнд, одуудаас дутахгүй хүндтэй нэгэн болжээ. Эмч л болно гэсэн эрхэм зорилгынхоо дагуу зөвхөн урагшаа л харж явна гэдэг амаргүй даваа. Тэр урагшилсаар магадгүй бусдаас үргэлж хэдэн алхмын түрүүнд алхдаг. Яагаад гэвэл тэр тархи, толгойдоо юм хийхээс хэзээ ч хойш суудаггүй, мөнгө харамгүй зардаг. Хорвоод хэн баян, мэдээлэлтэй хүн баян.
Нугарашгүй, хугарашгүй, шантрашгүй Ц.Гарамжав
Эх дэлхийн хэвлий рүү мэс барин дайрах амаргүй. Алт гэдэг эрдэнэс баргийн хүнд ээл, ивээлээ өгдөг ч эд биш. Уулыг баясгаж, усыг долгилуулж, лус баярлуулах гоо үзэсгэлэн гэж үлгэрт гардаг шиг байгаль дэлхий ээлээ өгсөн нэг л хатагтай байдаг нь Ц.Гарамжав. Энэ хүний амьдрал утгаараа “кино” гэмээр. Өсөх балчир насандаа ээжийгээ алдаж, аав нь өөр хүнтэй амьдралаа холбоход 24-ийн цэцэрлэгт хүмүүжиж байсан бяцхан Ц.Гарамжав. Сурлагаар толгой цохидог ч бүрэг ноомой охин хуваарьт ангидаа элсэж чадалгүй геологийн чиглэлээр суралцах болсон нь аз ч гэмээр. Уул уурхай хэмээх нэрнээсээ л хахир хатуу салбарт хөл тавьж тасралтгүй хөдөлмөрлөсөн түүний замнал өнөөдрийн өндөрлөгт хүрэх хүртэл багагүй бэрхшээл туулжээ. Бизнес нь тогтворжиж хоёр хөөрхөн охин, сайхан ханьтайгаа одоо л нэг амьдрал тэгшрэх нь үү гэж байтал хань нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Гэрт орж эм, гадаа гарч эр, компанийн ажилчдын хувь заяаг нуруун дээрээ үүрэхийн зэрэгцээ өвчтэй охиноо асрах гээд нэг эмэгтэйд хэтэрхий ахадсан гэмээр ачааг тэр нуруун дээрээ үүрч байв. 14 настай балчир охиноо Америк руу багшид нь даатган явуулж, хааяа л утсаар холбогдохдоо эх хүний хувьд элэг зүрх нь эмтрэхгүй байхын аргагүй. Хамгийн хатуу, хүнд салбарт хамгийн өр нимгэн сэтгэлтэй, амьдралын хатуу хөтүүг туулсан хатан зоригт эмэгтэй хөл тавьсан гэсэндээ байгаль эхтэй үргэлж нягт холбоотой явсан. “Шилдэг нөхөн сэргээгч компани”-аар Ц.Гарамжавын толгойлсон компани хэдэнтээ шалгарч байжээ. Тэр зовлон бэрхшээлийг даван туулж амьдралын төлөө тууштай тэмцсээр өнөөдрийг хүрсэн. Эмэгтэй хүнд ч гэсэн ноён нуруу, хат байдаг. Олны дунд од мэт шүтэгдэж, өөрийгөө “рекламдахаас” үргэлж зайлсхийдэг нь түүний хэр төлөвшсөн хүн болохын илрэл. “Монполимет”-ийн Ц.Гарамжав хэзээ ч мохохгүй, ухрахгүй давшсаар байна.
Уул уурхай, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухааны салбаруудаас төрөн гарсан “Төмөр хатагтай” нарын түүх үргэлжилж байгаа. Алдаа, оноогүй амжилт байдаггүйн адил тэдний талаар сайн, муу мэдээлэл аль аль нь бий. Хэвлэлд тун цөөхөн гарч, өөрийгөө тэр бүр нээгээд байдаггүй тэд ажлын төлөө л төрсөн мэт хүмүүс. Тэдний амьдрал замналаас нэг л зүйлийг харж болох. “Төмөр хатагтай”-д реклам хэрэггүй. Тиймдээ ч тэд бусад шиг од болж гялалзсангүй. Нөгөө л ажлаа хийж, нөгөө л байрандаа орших нь тэд хаашаа ч явдаггүй гэсэн үг бас биш. Тэдний тархи, оюун амрах завгүй алсын алсад тэмүүлж бусдаас үргэлж хэдэн алхмын цаадахыг харж байдаг. Алсын хараа, амьдрал, удирдахуйн ухааныг сурахыг чин сэтгэлээсээ сурахыг хүсэж байгаа хэн бүхэн тэднээс үлгэр дуурайл авах зүйл олон бий. “Муу хамт олон гэж байдаггүй, муу удирдагч” байдаг гэдэг. Нэг л сайн удирдагч байхад тухайн байгууллага, компани хэрхэн мандан бадарч болохыг тэднээс төвөггүй харж болох мэт. “Төмөр хатагтай” нарын түүх ямархан шинэ сонин содон зүйлээр баяжихыг хэн ч таашгүй. Нэг л зүйл тодорхой байгаа нь тэд үргэлж тэргүүлнэ, мандан бадарна.
Б.Уян
Сэтгэгдэл (6)