Өглөө ажилдаа ирэхдээ автобусанд золтой л “плакат” болчихсонгүй. Микрогүй угтсан хоёр дахь өдрийн өглөө. Өчигдөр ажлаа тараад нэг ч микро байхгүй болохоор нь гайхасхийн автобусанд суусан юм. Пиг хүнтэй, ядаж байхад өнөөх нь яг хоёр буудлын голд жижиг тэрэг мөргөчихдөг байгаа.
Тэгээд яахав, автобус дүүрэн хүмүүс буухаас аргагүй болж хөгшин хөвөө, хүүхэд үүхэдгүй тал буудал алхаж байж дараагийн автобусанд сууж байгаа юм. Над мэтийн дан биеэрээ яваа залуу хүмүүс яах вэ. Харин ч далимд нь фитнессдэж, хэдэн алхам ч болсон хийж жингээ барьж байна ухааны юм бодон өөрийгөө тайвшруулаад явчихна.
Хүүхдээ тэврээд нэг хөл дээрээ дэнжигнэн барих бариул ч үгүй зогсох ээж, аавууд таягны үзүүр нь газар хүрсэн эсэхийг мэдэхгүй өвдөг дээрээ чичирч зогсоо эмээ өвөө нарыг харахаас сэтгэл өвдөм.
Суудал тавьж өгөөд өгөөд зогсож үлдэх нь хэд билээ? Автобус ямар тийм том, эсвэл хоёр давхар ч биш.
Хэн нэгэн ухаантан нь бага оврын нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийг хасах, явуулахыг хориглох талаар асуудал гаргаж тавьснаас үүдэн микронуудын жолооч, кондукторууд жагсаал хийх болсон талаар өглөө гарахад ээж надад товч мэдээлэл өгсөн юм.
Гайхалтай нь асуудлыг нягтлахаар мэдээллийн хэрэгслүүдийг шүүрдтэл хөөрхий микрочдын жагсаал, цуглааныг аль ч хэрэгсэлд гаргаагүй бололтой. Телевизээр ганц нэг гарсныг нь гэртээ суудаг хүмүүс хальт олж харсан нь тэр биз.
Автобус дүүрэн хүн өнөө өглөөжин бухимдахыг сонсоод би ч яахав ядаж өөрт байгаа бололцоогоо ашиглаад, тэр шийдвэрийг гаргасан хүмүүс нь микро эсвэл автобусанд суудаггүй юмаа гэхэд тохилог оффистоо ядаж нэт ухдаг байх гэж санан үүнийг бичиж сууна. Уншаасай билээ.
Хүүхдээ ядаж нэг удаа ч болов тэврээд нийтийн тээврээр зорчиж үзээгүй хүн ямар хэцүү байдгийг яаж гадарлах билээ? Хөөрхий, муу нэртэй луу данстай микроныхон чинь хотын тэн хагасыг шахуу нуруун дээрээ үүрч явдаг юм. Та нар юугаа мэддэг юм бэ?
Хэн нэгэн ухаантан нь ажил хийсэн болж харагдахыг хүссэн, эсвэл хэзээ нэгэн цагт зам дээр микронд ичгүүртэйгээр шахуулсан гомдлоо тайлах гэсэн мэт дүр зураг энд харагдаж байна.
Микрочид мөнгөө нэмдэг, орой болохоор үнэ хөөрөгддөг гэж ирээд тэдний эсрэг “хутга ирлэдэг”. Тэглээ гээд яах юм, 20 цаг 30 минут болов уу үгүй юу нэг ч том оврын автобус явахгүй болох үед микро л аминд ордог нь үнэн.
Тийм л юм бол автобусаа уртасгасан цагаар 2 ээлж гаргаад явуулчихаач. Хэчнээн хүн 21 цагаас хойш гэртээ харьж чадах эсэх нь эргэлзээтэй сэтгэлийн шаналалтай явдгийг та нар ер нь мэдэх үү?
Амьдралын эрхээр орой болтол ажилладаг гэр нь хотын захын захд байдаг хүмүүст микро л хөл залгуулж байна. Энэ шийдвэрийг гаргаж, хотын тэн хагасыг автобусанд чихэж үлдсэнийг нь явган алхуулсан хүмүүс гараад нэг хараарай.
Хүн л юм бол ийм шийдвэр гаргахаасаа өмнө бүтэн өдөржин микро, автобусчдын дунд зорчиж өөрийн биеэр бодит байдалтай танилцахгүй яав. Ард түмэн хаврын хавсарганд үгээ хэлж байна.
Дулаан оффистоо хумс хуруугаа хуурайдаж, кофе уусан шигээ тухалж хурууны үзүүрээр нэг шийдвэр батлаад орой машинаа унаад харьчихдаг “зохицуулагчид”-аа!
Ард түмэн яг үнэндээ яаж амьдарч, өглөө гэрээс гараад орой ирэх хүртэл ямар урт зам туулж яаж зовдгийг мэдсэн бол та нар ажлаа ингэж хийнэ гэж үү? Нүдээр үзээгүй гараар бариагүй байж алсын зайнаас энэ мэтийн тэнэг шийдвэр гаргаж сайн хүн болохоо одоо боливол дээрсэн.
А.Энхлэн
Сэтгэгдэл (12)