Сониноос, амьдралдаа ичиж үзээгүйгээрээ өчигдөр ичдэг юм байна. Яагаад гэж үү, бас л улаан хивс. Энэ хавар ер нь улаан хивс, Чингисийн талбай хоёрт яасан хатуу хандана вэ. Хавар чи улаан хивс, жагсаал цуглаан хоёрт цадах болоогүй юу?

Өчигдрийн улаан хивс зохиолын дуучдынх байлаа. Нэг хөөрхөн нэртэй, “Алтан хуур” гэж байгаа юм. Ёслол 16 цагт эхэлнэ. Бүтэн хоёр цагийн турш улаан хивсний ёслол хийгдэх ба 20 цагаас нэгдсэн тоглолт эхэлнэ гэж хөтөлбөрийг танилцуулсан.
Сэрчихгүй бол сайхан зүүд, биелдэг бол сайхан арга хэмжээ болох байлаа. Гэтэл яасан байх нь, 50 үзэгч, улаан хивсэн дээр 20 хүрэхгүй хүмүүс алхав. Зарим нь юу болоод байгааг ч ойлгохгүй “Энд яасан юм, ямар нэг хувцас прокатны үзүүлэн тоглолт болж байгаа юм уу” гэж бие биенээсээ асууж харагдав.
Улаан хивсний ёслол болсон газар нь Бөхийн өргөө. Дэргэд автобусны буудал, тоос шороо пургиад л. Ер нь яг тэр хавь ямархуу билээ, та бүхэн ч гадарлана даа.


Ирж байгаа дуучид, ер нь нийтийн дуучид хэзээний стиль имижний хувьд дандаа гоочлуулж байдаг. Прокатны даашинз, зохилдолгоогүй хувцас сонголтон дээр нь шингээгүй будаг нь нийлэхээр ямар дүр зураг үүсэх нь ойлгомжтой.




Ёстой нөгөө шүдэнзний мод шидэхэд зоогдохоор зузаан будаг нүүрэндээ түрхсэн харагдсан шүү. Будалтын алтан дүрэм бол тод, зузаандаа биш шингээлтэндээ байдаг юм шүү дээ. Үүнийг ихэнх хүмүүс, ихэнх насныхан мэддэг болоод багагүй хугацаа өнгөрөөд байна.
Зохиолын дууны акулууд ирсэнгүй. Нэр дэвшсэн ч эзэн нь байхгүй болохоор байгаа хэдэд нь шагналаа хувааж өгөх шиг болсон. За тэгээд хоосон зааланд ямар юмны “саак” тоглолт болох вэ дээ.


Ер нь зохиолын дуучдад улаан хивс, бие биенээ шагнах энэ мэтийн баяр хэрэгтэй байсан уу? Бүгд улаан хивс хийдэг бид л хоцрох нь гээд уур амьсгалаа мэдрээгүй юм шиг.
Тэдний фэнүүд ихэвчлэн орон нутагт байдгийн баталгаа бас энд харагдав. Түүнээс хотод байсан бол дуртай дуучнаа харахаар хөл тавих зайгүй цугладаг юм байгаа биз дээ.
Нэр шидээд шидээд “наалдахгүй” хэн болохыг нь танихгүй баахан нөхдүүд бужигнасан, хүлээгээд хүлээгээд ирдэггүй үзэгч, фэнүүдтэй нэгэн улаан хивсний ёслол болохчоо аядав.
Улаан хивс ч гэх шиг ...


А.Энхлэн
Сэтгэгдэл (34)