Манай сайтын тусгай сурвалжлагч Н.Энхсайхан Малайз улсаас бидэнд сонирхолтой сурвалжлага, нийтлэлүүдийг ирүүлдэг билээ. Ингээд түүний гадаад дахь оюутнуудын талаарх бичвэрийг хүргэж байна.
“Ахаа, нэг харсан чинь визний хугацаа дуусчихсан байна. Одоо яах вэ?”
“Төрсөн өдөр тэмдэглээд жаахан даварчихсан чинь зодоон болоод цагдаад баригдчихлаа, та ирээд намайг аваач”
“Хичээлдээ явалгүй хэд хоночихсон чинь сургуулиасаа хөөгдөх гээд байна. Та ирээд уулзаад өгөөч”
Энэ бол гадаадад сурч байгаа Монгол оюутнуудыг хариуцсан хүний бараг өдөр бүр сонсдог үгс. Сурлага сайтай, өмнөх зүйлээ л хийгээд даруухан явдаг хэдэн оюутнууд бол иймэрхүү үг гомдоллохоосоо илүү “Ахаа, эгчээ! Яаж Монголоо сурталчлах вэ? Монголчууд энэ тэмцээнд ингэж ороод түрүүлчих юмсан”. Эсвэл “Цагийн ажил олж хийхсэн. Аав ээжээсээ аль болгон зулгаахав” гэсэн зүйлийг ярьж, бас бодож суудаг. Дундуур нь гүйж байгаад энэ хэдэн жилийг барах хүн гэж ховорхон. Хичээлээ хийлгүй доош орох нь харин өнөө хэдээсээ хэд дахин илүү.
Ер нь гадаадад сурч байгаа Монгол оюутан залуусыг ялгаж салгах гээд үзье.
Хариуцлага гэдэг зүйлийг мэддэггүйтэй хэнэггүй хэсэг хүүхдүүд. Юуны тулд яах гэж хүний нутагт ирснээ мартсан хүүхдүүд хаа сайгүй байна. Бараг аль улсын аль хотод ирснээ мэдэхгүй байсаар хэдэн жил болоод буцна. Гадаа гараад хүнтэй зөв ярьж үзээгүй, нутгийн хэлээр ганц ном унших нь битгий хэл олигтой зөв ярьж чадахгүй, найз нөхөд ч үгүй явсаар нэг мэдэхэд мэдсэн сурснаа шалгуулж, ээж аавыгаа зорих тэр мөчтэй нүүр тулна. Харин үүргээ гүйцэтгэж чадаагүй тул ямар нэг шалтаг хайн сургуулиа дуусгалгүй буцах нь олон.
Төлбөр мөнгөн дээрээ санаа зовдоггүй айлын хүүхдүүд. Тэдэнд бүх зүйл байгаа учир юу ч хийж болно гэж ойлгодог. Бас сурахын хэрэг байна уу үгүй юу гэсэн бодолдоо төөрөлдсөөр, сургуулиа солих, сургуулиа голох зэргээр явсаар хэдэн жилийг барна. Тэд бусдаас өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэснээрээ ялгаатай харагдана. Харин нөгөө хариуцлагатай мөч буюу хүний нутгаас эрдэм өвөртөлж ирэх үедээ харин олон шалтаг тоочиж, эх орондоо үргэлжлүүлэн сурахаа амласаар ээж аавын нүүрийг хардаг.
Сурах биш архидах гэж ирсэн бас нэг хэсэг нөхөд. Ярианы гол сэдэв уусан идсэн, наргисан цэнгэсэн. Тэдэнд сургууль гэдэг бол хэрэггүй зүйл, зарим өглөө бүр сургууль сөнөөсөй гэж бодох ч энүүхэнд. Тэд үргэлж санхүүгийн асуудалтай явж байдаг. Үргэлж хэн нэгэнд өртэй, эсвэл ямар нэг зүйлээр дутагдаж гачигдаж байгаагаа хэнэг ч үгүй тоочно. Гэтэл наргиж цэнгэх болохоор энэ асуудал огт үгүй болж ижил сонирхолтой нөхдөө уруу татна. Тэд сургууль болон хууль хяналтын байгууллагатай ямар нэг байдлаар асуудалтай явдаг. Тийм болохоор “сурах” гэсэн зорилго нь ихэвчлэн үр дүнд хүрэхгүй нутаг буцна. Харин Монголдоо очоод өөр зүйл ярьж, том том дуугарах нь энүүхэнд.
Аав ээжийнхээ байдгийг бараад хүний нутгаас эрдэм өвөртлөх гэж ирсэн хүүхдүүд. Ийм хүүхдүүд нэг их орж гараад, ууж идээд явах нь ховор. Олдвол идчихээд олдохгүй бол бэлэн гоймонгоор ч болтугай болгочихоод явж чадна. Тэдний ихэнх нь амжилттай сурч чаддаг. Яагаад гэвэл гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэнээр ч заалгахгүй сайн мэднэ. Бас ажил хийж мөнгө олохсон гэсэндээ сургуулийн дэргэдэх түргэн хоолны газар хямд цалинтай ажил хийхээсээ ч ичихгүй. Тэд энэ богино хугацаанд их зүйлийг сурч амжсан байдаг.
Үнэхээр боломжтой, сурах мэдэх гэдгийг эрхэм зорилгоо болгосон залуус. Хамгийн тухтай байранд, хамгийн сайхныг эдэлж хэрэглэсэн ч хэний ч нөлөөнд авталгүй өөрийгөө дайчилж сурдаг хэсэг хүүхдүүд бас байна. Ухаалаг бас даруухан тэд олонтой нийлээд явах нь ховор. Олон үйл ажиллагаа, сурлагын дүнгээр нүүр тахалж чадах тийм хүүхдүүд эцэг эх, эх орныхоо нэрийг гаргаж чаддаг.
Харин хүний нутагт үр хүүхдээ илгээсэн ААВ ЭЭЖ таны хүүхэд аль хэсэг нь яваа бол? Та анхаарал тавьж асууж сураглаж үзсэн үү? Үгүй бол одоо нэг утас цохиод үзээрэй, асууж шалгаагаарай, болохгүй бол очоод нэг хараарай.
Оюутан та аль хэсэг нь яваа бол? Үүргээ биелүүлж, сурч чадаж байна уу?
Н.ЭНХСАЙХАН
Сэтгэгдэл (2)