“Намайг юу ч гэж бичиж болно. Харин гоё зургийг минь л тавьж байгаарай” гэж топ Э.Одгэрэл хэлж билээ. Үгүй нээрээ хүн рүү нууц амраг “шидэхдээ” арай гайгүй юм шидэж болно оо доо.
Доромжилж байгаа юм шиг нэгэн бацаан чулуудах. Х.Тэмүүжин сайд гомдоо биз. Тэр утгаараа түүнийг энэ улс төрийн түүхэн дурсгалт ертөнцөд тодорсон хамгийн азгүй “нууц амрагчин” гэж тодотгож болохоор байна. Годогносон охин цаана чинь хорихын эмнэлэгт “Байцаалт өгөхгүй” гэж харцаараа намжирдан янтагнаж суугаа сурагтай.
За, тэр бүсгүй нууц амраг нь мөн ч бай биш ч бай энэ амрагт дуртай хүмүүс дэлхийн стандартыг нэг эргэж хармаар сан. Томоохон улс төрчдийн янаг амрагийн явдал зуунаас зуун дамжин түгэх нь бий. Тэдний жишгийг харахад ихэвчлэн загвар өмсөгч, “тоомсог” шиг туслах бүсгүй, нарийн бичиг, тухайн үеийн кино ертөнцийн ч юмуу сор болсон сайхан бүсгүйчүүдтэй “явсан” байх юм. Гэтэл дорой буурай манайд яасан байх нь, ёстой “уучлаарай” болгож байх шиг.
Ингэж хэллээ гээд намайг “эргүү” амьтан, нууц амраг судлаач юмуу хаашаа юм гэж та бүхэн ширэв татаж болно оо, болно. Гэхдээ нууц амрагт хүртэл зиндаа хэрэгтэй гэж бодогдох юм. Үнэхээр зөрсөн хүн эргэж хармаар, учирсан л бол учир ургуулмаар сайхан бүсгүйтэй холбогдсон бол хамаа алга, алдахаас айгаагүй эр хүний шунал хүсэл гэж ойлгоё.

Гэхдээ гэр бүлийн ариун журмыг сахиагүй нэгнийг бид хэзээ ч хүндэлдэггүй уламжлалтай ард түмэн. Ер нь ч тэгээд улс төрчид ямар Арабын шейх биш.. Ил далд амрагийг эхнэр дээрээ нэмж “хүртэх” албагүй. Тэр утгаараа Х.Тэмүүжинг, нууц амрагтай холбогдсон, тэр нь илэрсэн улс төрчийг нэг нүдээрээ ч хялайж харахгүй цэхэн цэхэн хийдэг нь үнээн. Баруунд бол энэ нийтлэг л үзэгдэл. Бараг нууц амраггүй гэвэл хялайж мэдэх юм шүү.
Ямартай ч манай улс төрийн хүрээний нэг “хөзөр”, хэн нэгнийг суудлаас нь гуд татах зэвсэг болсон “нууц амрагийг нь ил гаргах” тактик үнэхээр өрөвдмөөр, ядмаг болжээ, хөөрхий. Тэр сонгогдож байгаа нь ч, сонгож байгаа нь ч тэр.
Бүхэл бүтэн улсын Хууль зүйн сайд хүн “явсан” амрагтайгаа нотлох баримт үлдээж байгаа нь өөрөө тун гэнэн материалист болохыг илтгэх шиг. Адгийн Батаа, Дорж, Дондог хүртэл эхнэртээ баригдахгүй нэг дугаараас олон дуудлага авахгүй, уулзалтаа маш нууц хэмжээнд хийж чадаад байхад ер нь юугаа сурж, харж байсан золиг вэ
Их ном унших, шинэчлэлд яарах, догь хуульч байх ийм л байна. “Загасчны морь усгүй” л гэж энэ дээ.
Манай хүчний байгууллагынхан олдсон дээр нь гэсэн шиг сайдынхаа “нууц”-ыг ёстой онцсайн дүн авахуйц гаргаж ирж байх чинь. Нөгөө өөрийг нь танихгүй торгосон замын цагдаад шагнал өгсөн шиг гэрийнх нь үүдэнд алимны хайрцаг дүүрэн гэнэтийн бэлэг ирнэ гэж хэт найдсаны илрэл үү? Учир мэдэх хүмүүс нь мэдэж байгаа биз.
Эмгэнэлт, инээдмийн драм үргэлжилсээр байна. Нууц амраг, нууц амрагчингууд цаашдаа орших уу, эс орших уу, бодох л хэрэгтэй.
А.Энхлэн
Сэтгэгдэл (128)