АТГ-ынхан өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, бүх хөрөнгийг нь битүүмжилжээ. Түүнчлэн түүний эхнэр О.Цолмонгийн дүү О.Мичидийг ч мөн энэ үеэр баривчилсан байна. Үүнээс өмнө АТГ-ынхан О.Цолмонгоос мэдүүлэг авсан бөгөөд хүү Э.Батшугарынх нь хадмынд ч мөн орж, эд хөрөнгийг нь битүүмжлэн, лацдаад байгаа аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн жил шүүхээс 2.6 жилийн ял сонсон, ялаа эдэлж байгаа энэ үед АТГ-ынхан ийнхүү хөрөнгийг нь битүүмжилж, ойр дотных нь хүмүүсээс мэдүүлэг авч, саатуулаад байгаа нь анхаарал татаж байна. Ямартаа ч энэ бүх асуудал НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлэгтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд АНУ-д эмчлүүлж байгаад энэ сарын 9-нд эх орондоо ирэх үед нь АТГ-ынхан саатуулан, хорьсон юм.
Экс ерөнхийлөгчийн авлига, хээл хахуулийн хэрэгт хамсаатнаар татагдан, хоригдож байгаа тэрбээр мэдүүлэг өгч эхэлснээр ийнхүү Н.Энхбаярын гэр бүлийхэн “бужигнаж” эхэллээ. Түүний гэрт нэгжлэг хийх ажиллагаа өчигдөр үдийн үед эхэлсэн бөгөөд энэ цагаас эхлэн МАХН-ын гишүүд дэмжигчид түүний гэрийн гадаа цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүнчлэн МАХН, УИХ-ын гишүүн О.Баянсэлэнгэ болон Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нар цагдаа нартай маргалдан байж, гэрт нь орсон бол намын бусад удирдлагууд орой болтол үзэгдсэнгүй. Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор саатуулагдаад байгаа О.Мичидийн хувьд 1994 Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүхийн ховор үзмэр болох 115 ширхэг бүтээлийг хилээр гаргасан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. Түүнийг тухайн үед Соёлын сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярын тушаалаар АНУ-ын Санфранциско хотод болсон үзэсгэлэнд тавихаар дээрх бүтээлүүдийг авч гарсан хэмээн сэжиглэж байгаа талаар эх сурвалж хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна