
Бие хаа, царай зүс, мэдлэг боловсрол гээд Монгол моделиудаас хамгийн төгс төрхтэйд тооцогддог энэ бүсгүйг Саруулын Төгс гэдэг. Үе үеийн шилдэг модель, дизайнаруудын төрүүлсэн “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын долоо хоногийн тайзнаас моделийн гараагаа эхэлж байсан түүний хувьд эх орондоо загвар өмсөхийн зэрэгцээ Германы IZAIO агентлагийн гэрээт загвар өмсөгч, make up artist мэргэжлээр ажиллаад багагүй хугацааг үдэж буй билээ. Тэгвэл өвөрмөц дүр төрх, өндөр ур чадвараараа загварын тайзнаа гэрэлтдэг загвар өмсөгч С.Төгс хэдхэн сарын өмнө үрийн зулай үнэрлэж ээжийн үүрэгт ажил гүйцэтгээд тун ч завгүй яваа гэнэ. Түүний нөхрийг “секс машин” хэмээгддэг Монголын урдаа барих эрэгтэй моделиудын нэг Э.Эрдэнэцогт гэдгийг мэдэх хүн олон билээ. Харин загвар өмсөгч Төгсийн ээжийг Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн, улс төр судлаач А.Саруул гэдгийг тэр бүр мэддэггүй. Улс төрийн салбарт өөрийн гэх орон зайг тунхаглаж, ногоон хөгжлийн төлөө нойр хоолоо умартан зүтгэж байгаа тэмцэгч хатагтай нарын нэг бол яах аргагүй А.Саруул. Харин эрчүүдийн ертөнцөд тэдэнтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, тэмцэж ирсэн төмөр хатагтай, “ногоон” бүсгүйчүүдийн командлагч тэрээр охиноо загварын ертөнцөд хөл тавихад ихээхэн дэмжиж, итгэл найдвар өгсөн гэдэг шүү.
Сэтгэгдэл байхгүй байна