Бэл бэнчинтэй залуусын ялгарах гэж ордог шөнийн цэнгээний газрын нэг нь I loft function house. Үйлчлүүлж байгаа хүмүүстээ зориулаад тус цэнгээний газар Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг хангалттай зөрчихийн зэрэгцээ үйлчилгээний чанар гээчийг умартжээ.Тус цэнгээний газрын үүдэнд очиход тамхичид бөөндөө эгнэж зогсоод л манан болтол тамхиа татна. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт энд мөрдөгдөж байгаа шинж ч алга.
Дотогшоо орлоо. Такс 20,000 төгрөг хүн бүрээс авч байна. Энэ ч яахав олон улсад такс авдаг жишигтэй. Харин хураасан мөнгөндөө тохирсон уух зүйл, үйлчилгээ үзүүлэх байх гэтэл үгүй шүү. Энэ нь харин манай Монголын шулаач зан байлаа. Өөрөөр хэлбэл урд хөршид, Бээжингийн шөнийн цэнгээний газрууд 50 юанийн такс авдаг ч тэрхүү мөнгөнд тохирсон уух зүйл ширээн дээр нь байхаас гадна үзвэр үйлчилгээ хамт багтсан байдаг. Ийм үйлчилгээ харин манайд байдаггүй ажээ.
Ороод менюг нь үзлээ. Дэлгүүрт 1100 төгрөгөөр зарагддаг эх орны шар айргийг энд гурав дахин нугалж зардаг байна. За энэ ч яахав тухайн байгууллагын дотоод асуудал гэж бодоод дуугүй өнгөрье. Гэхдээ тус газар үүрийн 04 цаг хүртэл ажиллаж байгаа нь Нийслэлийн Засаг дар¬гын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамж буюу тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсныг хүчингүй болгож, пүрэв, баасан, бямба гарагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 03:00 цаг хүртэл үйлчилнэ гэснийг зөрчиж байгаа юм. Тус цэнгээний газар Засаг даргын захирамжийг зөрчөөд зогсохгүй Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм. Тухайлбал уг хуулийн
7.2.2. 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.
7.8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсэн гурван заалт тус цэнгээний газарт үйлчилсэнгүй.
Дээрх бүх зөрчилд ямар хариуцлага тооцох вэ? Тус цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг хотын даргын захирамж зөрчснийх нь төлөө хасах.
Хууль зөрчснийх нь төлөө мөнгөн торгууль. Мэдээж нэг заалтыг зөрчсөний төлөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох болно.
Энд тус газарт гадаадуудын хүүхэн “чихдэж байгаа”, садар самууныг сурталчилж байгаа мэт зарим нэг “но”-той үйлдлийг огт дурсахгүй өнгөрөхөд л асуудал ар араасаа ундарсаар л байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэрт бүх цэнгээний газарт хуулийг тэгш мөрдүүлдэг баймаар байна миний татварт төлсөн мөнгөөр цалинжиж байгаа Төрийн албан хаагчдаа... Анхааралдаа авч арга хэмжээ авч өгөхийг энэхүү нийтлэлээр шаардчихая.
Мэдээж арга хэмжээ авахгүй энэ хэвээр үргэлжилбэл мөнгө төгрөг илсэн уусан гэх аймшигт хардлагад өртөх аюултайг сануулах нь илүүц бизээ. Харин ямар арга хэмжээ авснаа эргээд мэдээлж нэр хүндээ өсгөх нь та бүхний хэрхэн ажиллахаас л шалтгаалах боллоо доо.
Харж л байя. Ямар арга хэмжээ авахыг чинь...
Эх сурвалж: dorgio.mn
Сэтгэгдэл байхгүй байна