Морины хорхойтой, уяач төрийн түшээд чуулганы танхимдаа ёстой л хурдан хүлгүүд шигээ тогтож ядан дүүхэлзэн байдаг билээ. Ялангуяа улс төрийн намууд дотроо МАН хамгийн олон улс, аймгийн алдарт уяачидтай нь. Нам үймж савласан энэ үед тулгатай үлдсэн эдгээр уяач экс түшээд нас ойролцоон дээр толгой дахь мэдлэг боловсролоороо парламентид зиндаархагчид байж чадсан гэж ард түмэн хүлээн зөвшөөрдөг юм. Ингээд энэ удаад та бүхэнд улс төрийн ууган намын уяачдыг танилцууляа. Харин дараагийн удаа АН-ын уяачдыг хүргэх болно. Монросцветметийн Бадамсүрэн
Өвөөгийнхөө өвөрт морин дэл дээр хийсч өссөн энэ хүнийг морь, малгүйгээр төсөөлөх аргагүй. Арван жил, оюутны он жилүүд, улс төрийн албанд томилогдсоноосоо хойш ч Х.Бадамсүрэн цаг зав гарах л юм бол адуу малтай ноцолцож явдаг хурдан хүлгийн улаан хоббитон. Морио дээдэлсэн тэр хүсэл нь унтрахгүй байсаар түүнийг Ардын намын алдарт уяачдын тоог нэгээр нэмэхэд хүргэсэн гэдэг. Хэдийгээр хурдан морь уях хоббитой ч төрийн ажлыг цалгардуулаад байж таарахгүй учраас өөрийнхөө хоббиг хоёрдугаарт тавьсан хэмээн ярьдаг түүний адуун сүрэгт монгол, араб үүлдрийн цэвэр цусны алдартай морьд өч төчнөөнөөрөө. Монгол-Оросын хамтарсан томоохон аж ахуйн нэгжийг эдийн засгийн хямралтай үед галыг нь алдуулахгүй авч ирсэн цөөхөн бизнесменүүдийн нэг гэдгээр нь ч түүнийг таних хүн цөөнгүй. Тиймдээ ч энэ эрийг Монголын уул уурхайн салбарын урдаа барих нүүр царай гэдэг. Хэнтий аймгийн Бор-Өндөрийн жоншны үйлдвэрийн захирлаар томилогдож даргын карьераа эхлүүлсэн түүнийг УИХ-ын гишүүн байснаас нь илүүтэй Монросцветметийн Бадамсүрэн хэмээн овоглодог. Сүүлд ГОК-ийн даргад хүртэл нэр нь яригдаад амжсан түүний олны мэддэггүй нэг гавьяа нь Монголын жоншны үйлдвэрлэлийг дэлхийн хэмжээний чанар, үр ашгийн түвшинд хүргэж эхний тавд жагсаасан жаатай уурхайчин. “Монголросцветмет”, морь хоёроор алдаршсан тэрээр уул уурхайн мэдлэгээрээ урдаа хэнийг ч гишгүүлэхгүй арвин туршлагатай. Хөрөнгө хогшилтой хөөргөн эрчүүдийн дунд түгээмэл байдаг элдэв хүүхэн шуухны асуудал мань хүнд байдаггүй нь түүний нэг давуу имиж гэж байгаа. Экс гишүүний гэргий Рэнцэн-Амгалан хэмээх нийгмийн идэвх зүтгэл нь дэндсэн бүсгүй буй.
Нэр болоод бие товчхон...
Эрхийн чинээ биетэй, эр хонгор дуутай Монголын төмөр замын вант улсын эзэн хаан хэмээгдэх энэ эрхмийг хашир бурхи гэж улс төрийн хүрээнийхэн үнэлдэг нь оргүй магтаал биш. Төрөлхийн гэмээр орос школтой тэрээр Ленинградын төмөр замын дээд сургуульд бэлтгэгдсэн ясны төмөр замчин. Тэртээ 1990-ээд оны үед ЗХУ-д өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж, Монголд цагаан морин жилийн хувьсгал мандахад УБТЗ-ын орлогч дарга байсан тэр залууг төлбөл алт шиг, түшвэл агт шиг хүн хэмээн төмөр замчид үнэлдэг байсан гэдэг. Соц үеийн мэргэжилтнүүдийн нэгэн адил ажлын анхны гараагаа жирийн вагон холбогчоос гээд л... гавьяат тээвэрчин Р.Рашийн намтар хөвөрдөг. Чойр өртөөнд ажилласан цагаасаа л дэр мод тоолон алхаж төмөр зам хэмээх их айлын толгойд гартлаа өсөж ирсэн тэрээр Монголын гэхээсээ илүүтэй Оросын одон медалиар энгэрээ дүүргэсэн. Нэр болоод бие “товчхон”, жижиг биетэй ч жинтэй үгтэй эрхэм улс төрчийг Ардын намын гурав дахь том уяач хэмээн өргөмжилдөг. Ногоон торгон дээлээрээ хичнээн ч жил гоёлоо доо гэдэг шиг ганц хүрэн азаргаараа өч төчнөөн айраг, түрүү авсан аймгийн алдарт гээд бодохоор энэ биед ахадмаар их ажлыг амжуулж яваа гэлтэй. Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар хүрэн азарга нь улсад аман хүзүүдэхэд хэвтэрт байсан ээж нь өөрийн эрхгүй босон харайж байсан хэмээн хууч хөөрөн хааяа нэг эр ховор нулимс унагадаг энэ эрхмийн амнаас гарах үг бүхэн үр хойчид үнэтэй, улс төрд жинтэй байдаг нь үнэн. Уйлах хоёрхон шалтгаантай буурал Буд
Их хуралд дандаа эдийн засагч, хуульч мэргэжилтэй, хувийн бизнес эрхэлдэг баян хүмүүс байдаг уу гэвэл үгүй юм. УИХ хууль батлах үүрэгтэйн хувьд хуульчид хэрэг болдог л байх. Төсөв мөнгөний асуудал байнга яригддаг болохоор эдийн засагчид ч гэсэн нэн чухал шаардлагатай. Их сургууль төгсч, дээд боловсрол эзэмшсэн тэд онолын мэдлэгээр гаргууд байх ч практик туршлагаар маруухан гэх хүмүүс цөөнгүй. Гэхдээ онолын мэдлэгээ ажлын туршлагаараа зузаатган улсын ажлыг урагшлуулж яваа цөөн хэдхэн гишүүн байсан. Үүний нэг нь УИХ-д улиран сонгогдож Сүхбаатарчуудыг төлөөлөн, "замын" хэмээх тодотголтой экс гишүүн Р.Буд яахын аргагүй мөн. Түүнийг Унгарын Тээвэр, холбооны дээд сургуулийг зам, гүүрийн инженер мэргэжлээр төгссөнөөсөө хойш Монголын авто замын салбартай салшгүй холбогдож, зам гүүрийн техникчээс Авто замын дарга болтлоо дэвшиж чадсан "Тэргүүний замчин" гэдэг. Гэхдээ Р.Буд дан ганц замтай холбоотой асуудалд оролцдог гэвэл худлаа ярьсан гэж хуулийнханд адлуулах биз. Дэд бүтэц, эдийн засаг, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарын асуудлыг хэлэлцэхэд түүний толгой дахь мэдлэг нь чуулганы танхимд чухал хэрэгтэй байсан гэх хүрээнийхэн нь үнэлдэг юм билээ. Ямартаа ч улс төрд нэг хэсэг хурдны замаар шат ахин дэвшиж явсан тэрээр хурдан хүлгийн “улаан” хоббитой Ардын намын алдарт уяачдын нэг. Морь мал ярихаараа нүд нь сэргэж, хийморь онгод нь ордог замчин ноёнтон улсын хэмжээний томоохон наадмуудаас түрүү айраг авч чадсан. Уясан морь нь түрүүлэхээр өөрийн эрхгүй уйлчихдаг хэмээн ярьж өөрийгөө шоолж суудаг энэ эрхмийн нууц охин гэгддэг П.Анужингийн талаар элдэв яриа хорвоогоор нэг тарсан. Эрүүл хоололтын хэмээгдэн олонд танигдсан хатагтай П.Анужин НАМЭХ-нд нөлөөгөө тогтоож, МАН-ын бага хурлын гишүүн ч болоод амжсан сүйхээтэй бүсгүй. Эцгийн шийрийг хатааж, улс төрийн залуу халаа гэгдэх болсон тэрээр АУЗ Б.Лхагвасүрэнтэй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хөтөлж, цэнхэр дэлгэцээр од болоод буй. Эцгийнхээ их улс төрийн ачаанд дэм болон яваа П. Анужингийн ээж нь “Хербалайф” сүлжээг үндэслэгчдийн нэг гэгддэг бөгөөд залуудаа Р.Буд гишүүнтэй дотно харьцаатай байсан гэнэ лээ. Харамсалтай нь амьдрал бололгүй салаа замын эрхээр салж одсон ч амьд холбоос болж охин П.Анужин нь эцгээрээ овоглодоггүй хэдий ч аав, охин хоёр тун ч амин дотно холбоотой нь Р.Будын эрийн шийртэйнх, хүн чанартайнх гэж үнэлэгсэд их. Удам дамжсан уяачийнх
Төв аймгийн лидэр улс төрчдийн нэг М.Зэнээ агсны суудалд заларч их хуралд дөрвөнтөө сонгогдоод буй энэ эрхмийг харцагын суудалд суусан чогчиго хэмээдэг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө анх УИХ-ын нөхөн сонгуулиар парламентад сонгогдон орж ирснээс хойш тэр үргэлж “хэрэгтэй хүн” байсан гэдэг. Энэ хугацаанд хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах ажлын арвин баялаг туршлага хуримтлуулж, аль хэдийнэ мэргэшсэн парламентч болж чадсан түүнийг удам дамжсан уяач гэдгийг моринд хайртай Монголын ард түмэн андахгүй. Хар багаасаа л хурдан морь унаж явсан хүний хувьд хүлгийн хийморийг харин ч нэг эдэлж яваа гэхэд болно. Угаасаа л уяач аавтай, морины бариа, цэнгэлдэхийн дэвжээ хоёрын хооронд жилийн жилд эргээд сурчихсан болохоор моринд хорхойсохоос ч яахав. МУ-ын анхны манлай уяачдын нэг эцгийнхээ үлдээсэн тунгаамал алт шиг хэдэн адуугаа улсын хэмжээнд хурдлуулж байгаа түүнийг улс төрд дахь алдарт уяачдын магнайд давхидаг гэлцдэг. Түүний том хүү ч өвөө, аавыгаа дуурайсан морь мал гэхээр нойр, хоолоо умартдаг ирээдүйн манлай уяач юм гэнэ лээ. Харин эрхэм түшээгийн гэргий гурван хүүхдийнх нь эх болсон Г.Даваажаргал хэмээх эмч бүсгүй буй. Хөдөлмөрийн баатар Гомбосүрэнгийн охин тэрээр гишүүнтэй оюутан байх үеэсээ л дотноссон бөгөөд улс төрийн төдийгүй уяач нөхрийнхөө үнэнч зөвлөх нь болсон жинхэнэ монгол бүсгүй гэдэг.
Сэтгэгдэл байхгүй байна