Эрхийн чинээ биетэй, эр хонгор дуутай Монголын төмөр замын вант улсын эзэн хаан хэмээгдэх энэ эрхмийг хашир бурхи гэж улс төрийн хүрээнийхэн үнэлдэг нь оргүй магтаал биш. Төрөлхийн гэмээр орос школтой тэрээр Ленинградын төмөр замын дээд сургуульд бэлтгэгдсэн ясны төмөр замчин. Тэртээ 1990-ээд оны үед ЗХУ-д өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж, Монголд цагаан морин жилийн хувьсгал мандахад УБТЗ-ын орлогч дарга байсан тэр залууг төлбөл алт шиг, түшвэл агт шиг хүн хэмээн төмөр замчид үнэлдэг байсан гэдэг. Соц үеийн мэргэжилтнүүдийн нэгэн адил ажлын анхны гараагаа жирийн вагон холбогчоос эхэлсэн гээд л... гавьяат тээвэрчин Р.Рашийн намтар хөвөрдөг. Тэгвэл улстөрчийнхөө хувьд өнгөрсөн сонгуулиар намынхандаа нам жийгдэж тойроггүй үлдсэн тэрээр сүүлийн жил шахуу хугацаанд бараа сураггүй байж, нам гүмхэн амьдрах болсон. Түүнийг УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН дотор үүсээд байсан Соёмбо фракцид хүчин зүтгэж түүгээр ч барахгүй намынхаа ид савалгааны үеэр МАХН-руу гүйчих гээд байнга маргалдаж, үг сөрж байдгийнхаа шанг хүртэж ийнхүү тойроггүй торойж үлдсэн гэх юм билээ. Юутай ч “Тойроггүй үлдвэл төмөр замдаа диспетчер ч болтугай хийнэ” хэмээн хэвлүүлхэн хэлж байсан нэр болоод бие “товчхон”, жижиг биетэй ч жинтэй үгтэй эрхэм экс түшээ саяхны нэг өдөр манайд дуранд ийн өртжээ. 



Сэтгэгдэл байхгүй байна