
Эх орон элгэн садныхаа төлөө идэвхтэй нь аргагүй тэмцэж энэ бие умартан зүтгэж яваа эрхэм бол С.Жавхлан. Сүүлийн үед монгол үгийн утга санаа, агуулгыг тайлбарлаад тун ч завгүй яваа тэрээр экс болоод эдүгээгийн түшээдийн салаавч гаргадаг моодыг хүч түрэн өвлөж эмэгтэй бөхчүүдийн эсрэг түүнийгээ зориулж суугаа сурагтай. Нэг үгээр хэлбэл С.Жавхлан гавьяат үндэсний бөхөөр бүсгүйчүүд барилдах гэж байгааг сонсоод салаавч гарган бухимдлаа илэрхийлсэн гэнэ. Үнэхээр ч Монголд эмэгтэй бөхийн холбоо гэгч байгуулагдаад багагүй хугацааг үдэж буйд “салаавч” өгөх олон хүн байгаа байх. Харин тэр эмэгтэй бөхчүүдийн холбоо нь байгуулагдсан цагаасаа л олны хэл аманд өртөж ширүүхэн шүүмжүүлж байсан ч татан буугдах нь битгий хэл бүр хүчээ авч анхныхаа тэмцээнийг зохион байгуулахаар намар цагийг хүлээж буй сурагтай. Угтаа бол эрийн гурван наадмын нэг болж, эр хүний цаашлаад улс эх орны цог золбоо, хийморь юуг илтгэдэг үндэсний бөхөө эмэгтэйчүүдтэйгээ хольж хутгах нь хаана хаанаа зохисгүй баймаар. Монгол бөхийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдээс эхлээд өдгөө зүлэг ногоон дэвжээнээ ид бяраа гайхуулан буй зарим спортын алдартнууд ч дургүйцсан байр сууриа илэрхийлж байсан. Энэ талаар эцэг өвгөд минь сургаж, захисан зүйл хүртэл байдаг. Бүр “Хэлтгий заяа” хэмээх МУСК-нд энэ явдлыг тод томруунаар харуулсаныг санах хүн олон биз. Бид Монгол бөхөө геннист бүртгүүлж дэлхийд гайхуулсан. Энэ бол эрчүүдийн сүлд хийморийг илэрхийлсэн спорт. Эмэгтэй хүн барилдаж, ноцолдох нь битгий хэл БӨХ хүний тэргүүнд, малгай, өмсгөлд хүртэл хүрэхийг цээрлэдэг учиртай. Тиймдээ ч С.Жавхлангийн салаавчинд хүч түрэн хуруу гозолзуулах хүн олон байгаа байх. Байна гэдэгт ч итгэлтэй байна. Монголын бөхийн минь, Монгол эрчүүдийн минь сүлд хийморь үргэлж өөдөө байг.

Сэтгэгдэл байхгүй байна