Монголын их эрдэмтэн, түүхч, гүн ухаантан Зава Дамдингийн хойд дүр, Монголын бурханы шашны томоохон зүтгэлтнүүдийн нэг Лувсандаржаа ренбүүчи өөрт нь хүндлэл үзүүлсэн хүмүүстэй их л энгийн сайхан ярьж хөөрч явдаг эгэл нэгэн. Тэгтлээ олон ч хүн энэ эрхмийг хараад таньдаггүй. Нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 4 жил нямба бясалгал хийснийх нь дараах үеийн төрх буюу урт үс, лам дээлтэй зургууд нь гарч, үнэн худал нь үл мэдэгдэх элдвээр бичүүлж олон нийтэд илүүтэй танигдсан Лувсандаржаа ламтныг энэхүү нөхцөл байдлаас нь зарим хүмүүс өнгөц дүгнэсэн ч гэлээ тэрээр эрдэм чадлаараа өөрийгөө батлан харуулсан. Эцэг, эхээс заяасан нэрийг нь Осгонбаяр хэмээдэг энэ хувилгаан ламыг анхлан монгол ренбүүчи гэгддэг Гүрдаваа ренбүүчи тодруулсан түүхтэй. 1976 онд Улаанбаатар хотод төрж, 1990 оноос сахил хүртэн хувраг болж, Амарбаясгалант хийд, Булган аймгийн Вангийн хүрээний хийд зэрэг газарт шавилан сууж байгаад улмаар Швейцарь улсын Рекон хэмээх газарт байдаг Равданлин хийдэд шавилан сууж бурханы шашинд шамдсан тэрээр төвд гэвш лам Түвдэнпэрэнлэйг шүтэж бурханы гүн ухааны ном судалсан гэдэг. Равданлин хийдэд сургууль номоо дүүргэснийхээ дараа Монголд буцаж ирэн Амарбаясгалант хийдийн цорж ламаар сууж байхдаа Төвдийн Сэтав чойжонгийн лүндэнгээр Зава Дамдин ламын хойд дүрээр тодорч, Амарбаясгалант хийдийн хувилгаан ламын ширээнд залагдсан. 2005 оноос өмнөх дүрийн ламын байгуулсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийдэд хэсэг шавь нарынхаа хамт очиж, хуучин сүм дуганыг сэргээн засах, шинээр нэмж барих тэргүүтнээр дээрх хийдийг засварлаж, одоо тус хийдийн хамбаар заларч байгаа юм.
2007 онд урьд дүрийн Зава ламын төвд хэлээр туурвисан “Монголын түүхийн Алтан Дэвтэр” хэмээх бүтээлийг орчин цагийн монгол хэлнээ орчуулан хэвлүүлж, тэр оныхоо есдүгээр сард Зава Дамдингийн 140 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулж, Зава Дамдингийн хүрэл дүрийг Мандалговь хотод залах, дотоод гадаадын эрдэмтэн мэргэд чуулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах тэргүүтэн ажлыг хийж байсан билээ. Төвд, герман, англи хэл мэддэг, зарим зохиолоо төвд, монгол хэлээр туурвисан Зава ламтны хойд дүр энэ эрхмийг шүтэж, сүсэглэдэг хүмүүс нь ихэвчлэн Монголын шинэ цагийн хөрөнгөтнүүд байдаг нь санамсаргүй хэрэг биш. Буян арвижуулах бумбын тахилга гэгчийг чухамдаа Чойрын хийдэд тодруулбал, Лувсандаржаа ренбүүчи жилд нэг удаа үйлддэг, эл тахилганд манай ихэс дээдсүүд наадамд очиж байгаа адил десант буулгадаг юм билээ. Саяхан буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Лувсандаржаа ренбүүчи гурав хоног үргэлжлүүлэн бумбын тахилгаа үйлдэж буян ном хурсан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт байрлах Чойрын хийдэд болсон тус буяны үйл ажиллагааны үеэр ч тэнгэр хангай хур бороогоо хайрлаж нутгийн зон олны нурууг тэнийлгэн олон ерөөл буян давхацсан сайхан өдрүүд байсан билээ.







Сэтгэгдэл (3)