Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг анх “Тэнгэрийн сахил” кинонд тоглож үзэгчидтэй уулзаж байснаас хойш олон кино жүжигт дүрээ мөнхөлж өөрийн авьяас чадвараа гайхуулж буй. Чанартай уран бүтээл туурвиж үзэгчиддээ хүргэхийг гол зорилгоо болгож явсан тэрээр хувийн амьдралаа хойш тавьж залуу халуун насаа элээсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ гоо үзэсгэлэн, бие хаагаа урьдын адил авч яваа жүжигчин бүсгүй “Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Эрдэнэбат хэмээх залуутай хоёр талаасаа хүү охин хоёртой нийлж өдгөө амьдралын их аз жаргалд умбан байгаа. Драмын театрын тайзнаас олон сайхан дүрээрээ ард түмэнтэй уулзан мэндчилдэг жүжигчин бүсгүй театраасаа гарахаар болсон гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар жүжигчин бүсгүй удирдлагуудтайгаа түр, тар хийж тангараг тасарсан гэх. Юутай ч тэрээр хувиараа уран бүтээл туурвихын зэрэгцээ хувийн амьдралдаа анхаарахаар ийн сэтгэл шулуудсан бололтой. Энэ дашрамд дуулгахад жүжиглэхийн зэрэгцээ жүжгийн зохиол, дууны үг бичихээс эхлээд нууц авьяас ихтэй Б.Эрдэнэцэцэг хатагтай тун удахгүй өөрийн сэтгэлийн гүн дэх баяр гуниг бүхнээ тэмдэглэн үлдээсэн шүлгийн түүврээ эмхэтгэн хэвлүүлэхээр зэхэж байгаа гэсэн.
Сэтгэгдэл байхгүй байна