Морины доктор, “моодны” уяач

Хагас мянган адуун дундуур ороод гарахдаа хаана нь ямар “эрдэм” чадалтай хурдан хүлэг морьд байгааг олоод харчихдаг тийм гярхай, төгс уяач гэвэл Монгол Улсын Тод манлай уяач, гавьяат малчин Дамбадаржаагийн Онон гэж байгаа. Хаа явсан газраа бөх шинжиж, олон арван хүүхдүүдийг ирээдүйн аварга, арслан, заан хэмээн танин их спортод Х.Баянмөнх аварга хөтөлдөг бол морин дундаа бол Онон уяач Баянаа аварга л гэсэн үг. Тиймдээ ч “Бөхийг Х.Баянмөнхөөр, морийг Д.Ононгоор шинжүүл” гэсэн үг гарсан нь учиртай. Нэг мянга есөн зуун ерээд онд монголын хамгийн олон адуутай Онон гээч залуугийн сураг сонсогддог байсан тэр үед Д.Даваахүү, Г.Сандуйжав, Ц.Хэнмэдэх гээд Тод манлай уяачдаас өөр хүний хүлэг түрүүлдэггүй байсан цаг гэхэд хилсдэхгүй. Харин энэ цаг үед хүй мандлын дэвжээнд  Д.Онон уяач “моодонд” орж улс төр, урлаг, бизнесийн салбарын эрхмүүд хамаг байдаг хөрөнгө мөнгөө зарлагадан байж, хүлэг юугаа хөтлөн түүнийг зорих болжээ. Уяачид хүртэл цаг цагаар моодонд орж, гардаг болсон цаг юм уу даа. моодны уяач, морины доктор Д.Онон манлайг улстөрчид болон бизнесийн салбарынхныг моринд уруу татаж, хурдан морины үнэ ханш, уралдааны бай шагналыг өндөрт гаргасан хүмүүсийн нэг гэх юм билээ. Арван тавхан наснаасаа эхлэн адуу малтай зууралдаж өссөн Сэргэлэн сумын уяач энэ эрхмийн адуун сүргийн угшил сайжирч “Онон адуу” гээч хурдалж эхэлж байсан цаг холгүй санагдана.  Юутай ч наадам бүрт нэр нь дурсагдаж, айраг түрүү алдаж үзээгүй гавьяат малчин, тод манлай уяач Д.Онон жил ирэх тусам монгол адууны хүч тамир сульдаж бие нь жижгэрч буйд ихээхэн анхаарал тавьж монгол адууны угшил гарвалыг өндөрт өргөсөн цөөхөн хэдэн уяачдын нэг гэдгээрээ морин спортод тодоор тэмдэглэгдэх  болсон нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025