Төрсөн өдрөө тун ч өвөрмөц тэмдэглэдэг хүмүүс цөөнгүй. Нэгэн цагт төр нийгмийн нэрт зүтгэлтэн хэмээгдэж явсан Н.Энхбаяр өөрийн болоод хүүгийнхээ мэндэлсэн өдрийг өвөрмөц тэмдэглэж өөр олон хүнийг баярлуулдаг байсан. Тэрээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхдаа Их тэнгэрийн цогцолбортоо гэр дүүрэн хүүхдүүдийг цуглуулан хамт хооллож, сургамжийн үгээ хайрлан суудаг сан. Тэгвэл экс Ерөнхийлөгчийн замналаар энэ удаагийн төрийн тэргүүнд нэрээ мандуулсан Б.Бат-Эрдэнэ аварга маань баахан амьдай нартайгаа баяраа тэмдэглэж, багагүй хөөрөөд авна лээ. Үнэхээр ч сонин үзүүлэлттэй эрхэм түшээгийн нэртэй хүн манай улсад 14 мянга бий гэдэг. Гэхдээ аваргын баярт 14-үүлээ биш нутаг нутгийн төлөөлөл болж өөр өөрийн гэсэн авьяас, хачирхам түүхтэй 999 Бат-Эрдэнүүд цугласан. Тиймдээ ч билэгшээлийн тоогоор ирсэн тэр олон Бат-Эрдэнүүд амьдай нэр дэвшигчийнхээ 49 насны төрсөн өдрийн хүндтэй зочид байсан нь дамжиггүй. Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугларсан амьдай нар Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд амжилт хүсэхийн зэрэгцээ нэрийнхээ үүх түүхээс сонирхуулан нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөсөн. Бат-Эрдэнэ гэдэг нэрийн гарал үүслийг авч үзвэл нэлээд эртний нэр. Б.Бат-Эрдэнэ олон жилийн өмнө Өвөрхангай аймагт Өндөр гэгээн Занабазарын ойн даншиг наадамд очих үеэрээ Эрдэнэзуу хийдийг Бат-Эрдэнэ-Зуу хэмээх нэртэй байсныг учир мэдэх хүмүүсээс сонсчээ. Тэр цагаас хойш тэрээр өөрийн нэрээ язгуурын монгол үг хэмээн ихэд бэлгэшээж явах болсон гэдэг шүү.

Түүний төрсөн өдрийн баярт уригдан ирсэн Бат-Эрдэнүүдийн дотор амьдралд хөл алдаж явахдаа амьдайгийнхаа амжилтын түүхийг сонсоод амьдралаа орвонгоор нь өөрчилсөн нэгэн ч байв. Тэрээр аваргатай нүүр тулан уулзаж баярлалаа гэж хэлэн хүний дайтай яваагаа дуулгахсан гэж хүсдэг байж. Түүнээс гадна Тэрхийн цагаан нуурыг сэлж гаталсан Бат-Эрдэнэ, аваргыг наадамд түрүүлсэн өдөр нь төрсөн Бат-Эрдэнэ, ам бүлдээ хүү дуудаж ийм нэр авсан Бат-Эрдэнэ бүсгүй, аваргаас илгээсэн урилгыг бэлчээрт хүлээж аваад хөл газар хүрэхгүй баярласан Бат-Эрдэнэ нар сэтгэлийн үгээ илэрхийлж, амьдайдаа амжилт хүссэн.

Монголчууд хайрлаж хүндэтгэдэг хүнийхээ нэрийг шинээр мэндэлсэн үр хүүхдэдээ бэлгэшээн өгдөг уламжлалтай. Тиймдээ ч монгол бөхийн дэвжээг нэгэн бүтэн үе эзэгнэсэн дархан аваргатай адил нэртэй залуус олон байдгийн учир энэ болов уу. Мөн 14 мянган Бат-Эрдэнийн дунд 80 гаруй эмэгтэй бий. “Монгол үндэсний спортын Ерөнхийлөгч болсон хүн удахгүй Монгол төрийн Ерөнхийлөгч болно оо” хэмээх ерөөлийн үгтэй хамт сийлбэрч Бат-Эрдэнэ амьдайдаа зориулан урласан тамгаа бэлэглэсэн нь төрсөн өдрийн томоохон бэлэгүүдийн нэг байлаа. Үнэхээр нэр нэгтийн чих нэг гэдэг. Өөртэй нь ижил нэртэй хүмүүс олондоо хүндтэй явбал бахархаж, гундуу дуулдвал сэтгэл зовнидог тийм л хувь тавилангийн эзэд бол амьдай нар. Үүнийг нь нэр дэвшигч Бат-Эрдэнийн дунд охин Б.Бурмаа “Миний аав улсын наадамд 12 түрүүлэхэд та бүхний нэр хамт явсан, УИХ-д гурван удаа сонгогдоход та бүхний нэр бас хамт байсан. Эх орныхоо газар шороо, байгаль, эх дэлхийнхээ төлөө тэмцэж явахад ч та бүхний нэр хамт явдаг. Цаашдаа ч Та бүхний нэр хамт явна гэж боддог” гэж тодотгов. Сонирхуулахад, аваргын гэргий Болормаатай адил нэртэй эхнэртэй 11 Бат-Эрдэнэ байдаг гэнэ шүү.






Сэтгэгдэл байхгүй байна