“Үнэн үг хэлсэн хүнд ноён өшөөтэй” гэдэг шиг сэтгүүлчийн үнэнийг бичих эрх чөлөөнд халддаг эрх мэдэлтнүүд сүүлийн үед олширчээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь өнгөрсөн оны долдугаар сараас сэтгүүлч Б.Отгонбаярыг нэр төр гутаасан, гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн эрэг үүсгүүлэн мөрдөн шалгуулж эхэлсэн юм. Ингэх болсон учир шалтгаан нь өнгөрсөн оны зургадугаар сарын 25-30-ны өдрүүдэд интернет сайт, зарим телевизээр цацсан Н.Номтойбаярын бие хамгаалагч асан Б.Батзоригийн мэдээлэл байв.Тэрбээр Н.Номтойбаяртай долоон жил хамт ажиллахдаа түүний хууль бус, илэрхий гэмт хэргийн шинжтэй олон үйлдлийг сайтар мэддэг байжээ. Сүүлдээ тэр өөрөө Н.Номтойбаярт байнга дарамтлуулж, гүтгүүлж эхэлсэн. Ингээд арга буюу ажлаас халагдаж, Н.Номтойбаярын гэмт үйлдлүүдийг нэг бүрчлэн олон нийтэд хүргэсэн. Ингэж гэмт үйлдлүүдийг нь ил болгосноор өөрт нь ямар нэг аюул нүүрлэхийг ч Б.Батзориг ойр дотнын хүмүүстэй хэлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Д.Одбаяртай ч биечлэн уулзаж өөрт тохиолдсон Н.Номтойбаярын гэмт хэргүүд болон өөрийн цаашдын хувь заяаны талаар ярьж, гадаад руу цагаачлан гарах нь л хамгийн найдвартай арга гэдгийг хэлж, туслахыг хүсч байсан тухай мэдээлэл байдаг юм. Мөн “Буян”-гийн Б.Жаргалсайхантай уулзаж байжээ. Өөрөөр хэлбэл гэрчийг хамгаалах хуулийн нөхцөл манай улсад бүрэлдээгүй учраас тэрбээр ийнхүү аргаа барж явжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр Б.Батзориг нь Герман, Бельги улсаар дамжаад Швед улсад цагаачлал хүсч яваа бололтой.
Энэ бүхнийг сэтгүүлч Б.Отгонбаяр нэлээд хожуу олж мэдсэн. Харин тухайн үед буюу Б.Батзоригийг мэдээллээ цацсанаас хойш зургаан долоо хоногийн дараа сэтгүүлч Б.Отгонбаяр нь Н.Номтойбаярын үйлдсэн гэх хэргүүдэд эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн товч анализ хийж, хуулиар оноовол зохих ялыг ёгт утгаар шууд нэмж , нийт 113 жилийн ял авах нь ээ хэмээн ёгтлон “Дорнодынхон ийм тэнэг юм уу, эсвэл ингэтлээ залилуулав уу” нийтлэлдээ тодорхой бичсэн байлаа. Мөн Б.Батзоригийн мэдээлэлд Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд Н.Номтойбаяр 100 мянган долларын хахууль өгсөн тухай тусгасан байв. Мөн У.Хүрэлсүхэд өгсөн авлигын мөнгөний тоог ч тодорхой хэлжээ. Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулиар бэлэн мөнгө тараасан талаар ч тодорхой хэлсэн байдаг. Гэтэл Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх танхимын шүүгчид сэтгүүлч Б.Отгонбаяраас 100 сая төгрөгийг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр нэгэнт өмнө нь олон нийтэд цацагдсан Б.Батзоригийн мэдээллийг үндэслэж бичсэн тул бусдыг гүтгээгүй гэдгээ хуулийнханд хэлж байжээ. Гэвч удалгүй түүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцааж байснаа мөрдөн байцаагч Эрдэнэбат нь “Таны хэргийг хаана” гэсэн байна. Харин сэтгүүлч Б.Отгонбаяр “Б.Батзоригийн мэдээллийн мөрөөр Н.Номтойбаярын бүх хэргүүдийг нягтлан шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг цагдаагийн мөрдөн байцаагчид, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт өгчээ. Харамсалтай нь өнөөг хүртэл хариу өгөлгүй таг чиг болжээ. Эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа ч хуулийн хүрээнд шударга явагдахгүй байгаа нь харагдсан гэж тэр хэлж байна. Өнгөрсөн намар мөрдөн байцаагч нь сэтгүүлч Б.Отгонбаярт холбогдох “хэрэг”-ийг хаалаа гэсэн боловч саяхнаас эргэн сэргээж байцааж эхэлжээ.
Тиймээс сэтгүүлч Б.Отгонбаяр нь Н.Номтойбаяртай холбоотой Б.Батзоригийн мэдээлэл болон бусад хэргүүдийг нь дахин шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хандахаар болжээ. Мөн тэрээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдлоо уламжилж, Н.Номтойбаярын хууль бус үйлдлүүдэд дүгнэлт хийлгэн, хариуцлага тооцохыг хүсч байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна