Цагдан хорих 461 дүгээр ангид “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө завшиж, угаасан гэх хэргээр МИАТ компанийн экс-удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн шөнийн 01.50 цагт шийдвэрээ танилцуулжээ. Долоон холбогдогчтой энэ хэргийг шүүх хурлаас МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг өмгөөлөгч нь хүндэтгэх шалтгаантай тул хэмээн тусгаарлаж, зургаад нь Шүүхийн шийдвэрийн дагуу ял оноолоо. Нийслэлийн прокурорын газраас хэрэгт холбогдуулан МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутгасан юм. Харин уг хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн билээ.
Хоёр өдрийн турш хуралдсан шүүх бүрэлдэхүүн “Дайны эрсдлийн даатгалын төлбөр” нэрээр их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх олон холбогдогчтой энэхүү хэргийг хэлэлцээд МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноолоо.
Сэтгэгдэл байхгүй байна