Хулан “хуримаа” хийнэ

Зах зээлийн ороо бусгаа үед ч утга зохиол гэгч ариун сүмдээ үнэнч үлдсэн, уянгалаг агаад ихэмсэг удам дамжсан яруу найрагч бол Цоодолын Хулан хэмээх эрхэмсэг хатагтай.  Үргэлж өөрийнхөөрөө, дур зоргоороо басхүү эрх дураараа хэрнээ омголон дайчин байж чаддаг энэ бүсгүй нэгэн цагт "найрагч хүн гэдэг алдааны цуглуулга" хэмээн тодотгож байсан. Олны сэтгэл зүрхэнд байдаг "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах сан" хэмээх түүний шүлэг, дэлхийн зууны шилдэг зуун найрагчийн сонгомол яруу найрагт багтсан байдаг. Тиймдээ ч хамгийн сүүлийн номоо тэр одоогоос бараг 6, 7 жилийн тэртээ “Зүгээр л амьдрахсан” нэрээр хэвлүүлж байсан санагдана. Тэр цагаас хойш Д.Нацагдоржийн шагналт, МЗЭ-ийн шагналт, Болор цом наадмын хошой тэргүүн шагналт, мөн зууны шилдэг зуун найрагчийн нэг Ц.Хулан өөрийн уран бүтээлийн номоо, цэнгүүнээ хийлгүй уншигч түмнээ ихэд чилээсэн байх юм. Тэгвэл яруу найрагч бүсгүй ирэх долоо хоногт Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд  шинэхэн номынхоо хуудсыг нээж уншигч биднийхээ оюуныг тэлэхээр зэхэж буй гэнэ. Номын хуриманд хүрэлцэн ирсэн хүн бүр түүний гар дээрээс гарын үсэгтэй, сэтгэлийн өчилтэй номыг худалдан авах хувь тохиол ч бүрдэх юм.  Юутай ч Янжинлхам бурханы ивээлд багтсан гайхамшигт яруу найрагчийн шинэхэн номын нээлтийн талаар бид эргэн дуулгах болно.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025