Шүүхийн танхимд

МИАТ-ын хуучин удирдлагуудыг шүүж байна

Монголын иргэний агаарын тээвэр компанид  мөнгө угаасан хэргийн анхан шатны шүүх хурал долоо хоногоор хойшилсний эцэст өчигдөр эхэлсэн. Өглөөний 11.00 цагаас 19.00 цаг хүртэл үргэлжилсэн шүүх хуралд шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч Жанцан гадаадад албан томилолтоор явж байгаа учраас оролцоогүй учир түүний хэргийг тусад нь авч хэлэлцэхээр болсон билээ. Мөн МИАТ-ын хэрэгт сэжиглэгдэж байгаа долоон хүний эрүүл мэндийн байдал тааруу байгаа гэдгийг өмгөөлөгчид хэлж хурлыг дахин хойшлуулахыг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Тухайлбал, Г.Саранчимэгийн өмгөөлөгч таслан сэргийлэх арга хэмжээг зогсоож өгөхийг хүсэхдээ “Г.Саранчимэг нь Монголд төдийгүй дэлхийд ч ховор тохиолддог булчингийн чангарал өвчтэй болсон” гэнэ. Өрх толгойлсон энэ эмэгтэйг харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг зогоож өгөхийг хүссэн юм. Харин Ч.Хоролсүрэнгийн өмгөөлөгч хэлэхдээ, “Энэ хүн ходоодны хорт хавдартай болсон. Амь насанд нь хяналт тавьж байгаа хүн ч алга. Гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэх хүсэлтэй байгаа” гэв. Мөн Ч.Суурьтогтохын өмгөөлөгч “Түүнийг заавал цагдан хорих шаардлагагүй гэж үзэж байгаа учраас таслан сэргийлэх ажиллагааг зогсоож өгөхийг хүсэж байна гэсэн юм. Үүгээр зогсохгүй Ч.Хоролсүрэн, Г.Саранчимэг нарын өмгөөлөгч “Ч.Хоролсүрэн, Г.Саранчимэг нарыг цагаатгах зарчим барьж ажиллана. Мөнгө угаасан гэдэг асуудал тогтоогдоогүй байхад мөрдөн байцаах ажиллагааг хууль зөрчиж явуулсан” хэмээв.  Өмгөөлөгчид үг хэлж дууссаны дараа Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, ял төлөвлөснийг Улсын яллагч танилцуулсан.  Дээрх зүйлчлэлүүдээр тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-15 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм. Ямартаа ч шүүх хурал үргэлжилж байна.

Шоконд орсон Ё.Отгонбаярын гэх хэрэг шоу л биш байгаасай

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонготой холбоотой их хэмжээний мөнгөний асуудал дуулиан тариад байгаа билээ. Түүний  Зоос банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг, байршуулан угаасан байж болзошгүй гэж үзжээ. Энэ нь МИАТ болон Татварын ерөнхий газрын удирдлагуудын араас илэрсэн мөнгө угаасан гэх томоохон гэмт хэргүүдийн нэг болж байгаа. Мөн тус хэрэгт холбогдох нэр бүхий этгээдүүдийг цагдан хорих, хөрөнгийг нь битүүмжлэх, үзлэг шалгалтыг хийгээд эхэлсэн бөгөөд интерпол, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд  хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь  тогтоогдвол  түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавьж улмаар Улсын ерөнхий прокурор хуульд заасны дагуу УИХ-д эл асуудлыг тавих хүртэл арга хэмжээ авах юм гэнэ лээ.  Ямартаа ч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ хэргийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд сонгуулийн ээлжит нэгэн золиос хэмээн үзэж байгаа юм.  Үнэхээр 300 гаруй сая доллар нэг хүний дансанд байрлана гэдэг...

ЭМ-ийн экс сайд энэ хэрэгт хамаатай юу?

Улсын мөрдөн байцаах газраас хийсэн мэдээллээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг шалгасны маргаашнаас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар гадаадын орон руу гарч явсан. Харин интерполоор эрэн сурвалжилж, мөн хүүхдийг нь хорьсноор тэрээр Монголд ирсэн” гэх. Тэрхүү процессыг хүн бүр үзсэн харсан байх. “Чингис хаан” онгоцны буудлаас шууд баривчлан авч явсан түүнийг одоо цагдан хорьж байгаа. Нөгөөтэйгүүр Н.Хүрэлбаатарын гэрт 2.1 сая юань хадгалагдаж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон.  Харин валютын дэвсгэртээр ийм их хэмжээний мөнгө авдаг Төрийн албан хаагч байхгүй гэдгээр түүнийг баривчилж, шалгаж байгаа юм байна. Энэ нь сонгуультай ямар ч холбоогүй гэдгийг Улсын мөрдөн байцаах газраас мэдэгдсэн. Тэгэхээр шударга шүүх байдаг бол түүний хэргийг үнэн мөнөөр шийдэх биз.

Д.Цогтбаатарыг шалгахаар Германаас мөрдөгчид ирлээ

ТЕГ-ын Сөрөг тагнуулын хэлтсийн дарга хурандаа Д.Цогтбаатарыг өнгөрсөн долоо хоногт баривчилж Цагдан хорих 461-р ангид хорьсон билээ. Түүнийг гадаадын иргэдийг хилээр гаргасан гэх хэргээр цагдан хориж шалгаж эхлээд байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан Германы мөрдөх албанаас хоёр мөрдөн байцаагч ирсэн гэнэ.  Энэ хүмүүстэй  хамтран мөрдөн шалгах ажиллагааны талаар ярилцсан. Германы иргэн алга болсон хэрэг дээр 13 сая увро Германы иргэнээс залилаад Монголд ирээд сураггүй болсон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэлээ. Түүнийг одоогийн байдлаар албан тушаалын байдлаас нь түр түтгэлзүүлэн шалгаж байгаа юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025