Манай оронд ардчилсан хувьсгал ялснаар социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжин, иргэдэд эдийн засгийн талаар хамтран, хоршин ажиллах эрх чөлөөг олгосон нь нэг талаар сайн зүйл болсон боловч нөгөө талаар уг ажиллагааг хэрэгжүүлэх арга зам, механизмыг төрийн зүгээс боловсронгуй зарчмаар удирдаж чадаагүйгээс олон мянган хүний амьдрал ахуйг сүйрүүлэн, өнөөг хүртэл хор уршиг нь арилахгүй байгаа Хадгаламж Зээлийн Хоршоодын асуудал үүссэн билээ. Энэ хэргийг нарийвчлан судлаад үзэхэд, ХЗХ-дын эздийн гэм буруугаас гадна төрийн нэрийг барьж үгсэн хуйвалдан, зорилготойгоор уг санхүүгийн бичил байгууллагуудыг дампууруулан, эд хөрөнгийг нь боловсон маягаар луйвардан авсан нь нотлох баримтуудаас тодорхой байна. Иймд “Иргэдийн оролцоотой шийдвэр ямагт зөв байдаг” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэнчлэн, энэхүү бусармаг үйлдлүүдийг тодорхой нотлон өгүүлсэн “ГЛОБ КРЕДИТ ХЗХ-НЫ ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ХАМТЫН БАТ ИТГЭЛ НИЙГЭМЛЭГ”-ээс Монгол төрийн 3 өндөрлөг болон холбогдох бусад эрхмүүдэд хандан илгээсэн ил захидлыг бүрэн эхээр нь толилуулж байна.
2013 оны 06 сарын ... өдөр №… Улаанбаатар хот
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ
УИХ-ЫН ДАРГА З. ЭНХБОЛД
ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГ
ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д. ДОРЛИГЖАВ
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х. ТЭМҮҮЖИН НАР ТАНАА
ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ
Ардчилсан хувьсгал ялснаар иргэдэд эдийн засгийн эрх чөлөөг олгож, хорших сонголтыг өгснөөр хоршоод байгуулагдаж эхэлсний нэг хэлбэр нь Хадгаламж Зээлийн Хоршоо /ХЗХ/ байлаа. Харин ХЗХ өөрийнхөө болон МУ-ын түүхэнд нэгэн том хар түүх үлдээсний дунд “Глоб”, “Ж. Мэндбаяр” гэх нэрс хамгийн томоор бичигдэн үлдсэн байдаг. ХЗХ-дыг тухайн үед хоморголон, шалгах нэрээр хүчээр дампууруулсан нь маргашгүй үнэн бөгөөд өнөөг хүртэл сайн муугаар нь ялгаж салгахын оронд мөн л хавтгайруулан буруутгаж байгааг зогсоож, үнэнийг өгүүлэх цаг болжээ. “Төрийн тангаргийг тонгорог шиг хурцалсан цагт би энэ хэргийг сөхнө” гэж Ж. Мэндбаяр ял авсныхаа дараа хэлсэн нь сонины шарласан хуудсан дээр байдаг.
1. ХЗХ-ны бие даасан хууль гаргалгүйгээр, төмс тарьдаг, юм оёдог хоршооны хуулинд өнгөрсөн нийгмийн “цалингийн нийллэг”-ийн зарчмыг тэр чигт нь хуулаад хавчуулчихсан хэдхэн заалтаар ХЗХ-ны үйл ажиллагааг зохицуулах гэж оролдсоны уршгаар “дуулиан тарьсан ХЗХ-дын гэх хэрэг гарч, нугалаа завхрал, туйлшрал, хэлмэгдүүлэлтийг дагуулсан” тухай, ХЗХ-ны дүрмийн сан, актив, гишүүдийн тоо эдгээрийн аль нэгэнд нь, эсвэл бүгдэд нь тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийсэн бол “хэн дуртай нь хазгай суурин дээр байшин барьж тоглохгүй байсан” тухай, хоршоо нь хуулийн этгээдэд зээл олгож болохгүйгээр зохицуулалт хийсэн нь хоршоо, төвлөрүүлсэн хадгаламжаараа зээлийн сан үүсгэх сонирхол шаардлага, хоршооны хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах том боломжийг хязгаарласны уршгаар “зарим нэг нөхдүүдэд хоршооны мөнгөөр тансаглах, зугаа цэнгэлд зарцуулах, өмнөх өр ширээ дарах, эрсдэлтэй зээл, чанаргүй худалдан авалтад зориулах, мөрийтэй тоглох зэрэг рүү чиглүүлсэн эрсдүүлэх боломжийг олгосон” тухай “Глоб”-ын Ж. Мэндбаяр “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа тодорхой өгүүлснээс яг нэг жилийн дараа ХЗХ-ны тухай бие даасан хууль гарч, хуулийн этгээдийг гишүүнчлэх замаар компанид зээл олгож хөрөнгөө эрсдэлгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулан ашиг олж болох нэг том боломж хоршоодод нээгдсэн билээ. Харин хазгай суурийг нь дураараа засаж, компанид зээл олгосон гэж буруутгагдсан Ж. Мэндбаяр төрийн хуулийн бурууг нь хэлж өгч засуулсан хэрнээ өнөөдөр хүртэл шоронд суусаар л байна. Жишээлбэл: 1988 онд 45-ын гутал дамлан зарсан иргэн Б... хорих ялаар шийтгүүлжээ. Гэтэл Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн эдийн засагт шилжин 45-ын гутлыг 60 төгрөгөөр зарахыг зөвшөөрсөн хэдий ч иргэн Б...г шоронд суулгасаар байх уу? Үүнтэй утга нэгэн асуулт Ж. Мэндбаярын тухайд тавигдах цаг ирээд байна гэж хохирогчид бид үзэж байгаа юмаа. ХЗХ-ны суурийг анхнаас нь буруу тавьсан байсныг бид “Төр”-ийн буруу гэж олон жил ярилаа.
2. Зарим нэг арилжааны банкууд эвгүйтэж эхлэнгүүт ХЗХ-руу чиглэх иргэд болон мөнгөний урсгалыг зогсоож, арилжааны банкууд руу чиглүүлэх зорилгоор 2003 оны 3-р сараас 2006 оны 3-р сар хүртэл бүтэн 3-н жилийн турш Монгол Банкны зүгээс ХЗХ-дын эсрэг хар ПИ-АР-ыг эрчимтэй явуулсан байдаг. Мэдээж бүх хоршоо сайн байгаагүй ба зарим нэг хоршооны бүтэлгүй нөхдүүдийн гэмт үйлдэл хадгаламжийг эрсдүүлсэн болон, зарим хоршоо захиргааны хариуцлага хүлээж торгуулсан зэрэг цөөн хэдэн зөрчлийг дөвийлгөн, нийгмийг түгшээн, ХЗХ-ноос болгоомжлох, эргэлзэх сэтгэхүйг олон нийтэд төрүүлэхэд жишээ болгон ашиглаж “муухай” гэсэн хаягийг бүх хоршоодод нийтээр нь нялзаан халдаах зорилгоор “ХЗХ-дын өнөөгийн бодит байдал”, “Монгол Банкнаас анхааруулж байна”, “Сэрэмжлүүлэг” гэх мэтээр сүр бадруулсан том том гарчигтай материалуудыг сонинуудаар 29 удаа нийтлүүлж, мөн ТВ-ээр 31 удаа цацсан байдаг. Бүүр сүүлдээ улаан цагаандаа гарч Монгол Банкны ерөнхийлөгч нь өөрөө “Эрсдэлээс хамгаалъя гэвэл маргааш очиж хоршооноос мөнгөө авцгаа. Банк илүү найдвартай”, “Асуудал үүсвэл та нар өөрсдөө л эрсдэлээ үүрнэ шүү. Төр оролцохгүй” гэж ТВ-ээр уриалан турхираад, айлган сүрдүүлээд байхад хоршоонд мөнгөө хадгалуулсан та инээгээд сууж байх байсан уу? үгүй. Та ч бас хоршоо руугаа гүйн очиж, хадгаламжаа татахаар очсон бусад хүмүүстэй нийлэн бужигнаж, дугаарлан зогсох байсан. Үл бүтэх зарим нь үүдээ хаагаад зугтаасан, арай дөнгүүр нь нэг хэсэг мөнгийг нь олгоод таг суусан, арай сүйхээтэй нь хүүгээ нэмэх, элдэв эд хөрөнгө амлан сугалаа гаргах зэргээр хадгаламж нэмж татаад ч урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж дийлэлгүй, эрсдэлээ нэмэгдүүлээд, сэргэж амжилгүй унасан. Харин “Глоб” зэрэг ардаа том ханатай, том зээлдэгчидтэй хоршоод ч мөн хүндэрсэн хэдий ч “Эрсдэлийн сан”-гаа гаргах зуураа зээл төлөлтийг идэвхжүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хадгаламжуудыг зохих хүүтэй нь тасралтгүй гаргаж чадсанаар хүндрэлийг даван туулж үйл ажиллагаагаа тогтвортой барьж байсан юм. ШБӨТХ-ын 3-н заалт болон ЗСТХ-ын нийт 9-н заалтыг зөрчин ХЗХ-дын үйл ажиллагааг зохиомлоор хүндрүүлсэн Монгол Банкны хар ПИ-АР-ыг бид “Төрийн буруу” гэж маш олон жил ярьсан.
3. ХЗХ-дын эсрэг дайн нь төдийлөн амжилт олохгүй байсан Монгол Банк “Глоб”-д олон зуун сая төгрөгийн өртэй байсан “Зоос” Банктай ганзага нийлж Глоб”-ыг унагах ажлыг зохион байгуулан, бүтэн сарын хадгаламж олгох зориулалттай мөнгийг нь данс дамжуулан түгжиж, хар ПИ-АР-аа зөвхөн “Глоб” руу нэр цохон чиглүүлэх ажиллагааг 2005 оны 10-р сарын 29-нөөс эхэлсэн байдаг. “Глоб”-ыг нэр цохсон гүтгэлэг, бодит бус мэдээллүүд нь тус хоршооны гишүүдийг удаа дараа бужигнуулан дугаарлуулсан. Тэр бүрт нь “Глоб” мөнгөн зузаатгал хийж хугацаа нь дууссан ч дуусаагүй ч мөнгөө авъя гэсэн бүхэнд хадгаламжийг нь зохих хүүтэй нь олгож, богино хугацаанд 5 тэрбум төгрөгийн хадгаламжийг хаасан байдаг. Ж. Мэндбаяр бултаж зугатаагүй, “Глоб” үүдээ нэг ч удаа хаагаагүй, харин ч “Хэдэн төгрөгийг маань түгжиж, хэдэн сар муулчихвал унана гэж санаж байгаа бол горьд, мөнгөө авах хүмүүс байвал гүйгээд ирцгээ” гэж ТВ-ээр мэдэгдэл хийсэн нь эсрэг талынхных нь цухалдлыг эцэст нь тулгаж “Төр”-ийн хүчийг ашиглахад хүргэсэн гэдэгт бид итгэдэг. Монгол Банкны газрын дарга Чимгээ “Хүмүүс” сонинд ярилцлага өгөхдөө: “Глоб удахгүй дампуурна” гэж хэлсэн нь хоршооны гишүүдийг төдийгүй харилцагчдыг нь дахин бужигнуулан оволзуулсан. Таны мөнгөө өгчихсөн газрыг Монгол Банкны том дарга “Дампуурна, тун удахгүй” гээд байхад та ямар үйлдэл хийх вэ? “Глоб”-ын үйл ажиллагааг тэр чигт нь зохиомлоор хүндрүүлж байсан нотлох баримт бүтэн хавтас болох учир дээрхи ганцхан жишээг дурьдахад л хангалттай. Яаж ч оролдоод “Глоб”-ыг мөнгөгүйжүүлж чадахгүйгээ мэдэрмэгц “Төр” хүч хэрэглэн дампууруулахаар шийдсэн байсан нь Чимгээ даргын гэнэ алдан хэлсэн үгнээс тодорхой ойлгогдож байгаа биз дээ. Нээрээ л тун удахгүй төрийн машин хөдлөн СЗХ өөртөө нээгдээгүй байсан эрхийг дур мэдэн эдэлж, хууль бус шалгалт оруулснаар “Глоб”-ыг төрийн төмөр нударгаар балбан унагаж, дэвсэн тэгшлэх их ажил эхэлж, улмаар цагдаа, прокурор, шүүхийг татан оролцуулж санасандаа хүрцгээсэн нь “Хөдлөшгүй үнэн” болохыг тогтоох хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт нь ч байна. “Глоб”-ын эсрэг явуулсан Монгол Банкны ажиллагааг бид “Төрийн буруу” гэж олон удаа ярьж байна.
4. СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, 22.1-д заасан “Тусгай зөвшөөрөл”-ийг “Глоб”-д хэзээ ч олгоогүй гэдгээ СЗХ зөвшөөрсөн байгаа. СЗХ дээрхи хуулийн 6.1.3, 24.1-д зааснаар зөвхөн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч”-ийг л хянан шалгах бүрэн эрхтэй атал уг эрхээ хэтрүүлэн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” огт биш “Глоб Кредит” ХЗХ-нд мөн хуулийн 25.1.1-ийг зөрчин ажлын өрөө байранд нь төрийн нэрийг барин 2006 оны 3-р сард түрэмгийлэн нэвтэрч, хууль бусаар шалгалт хийжээ. “СЗХ-ноос Глоб-д шалгалт орлоо” гэсэн мэдээллийг Монгол Банкны хар Пи-Ар-ын үргэлжлэл болгон цацсан нь итгэл үнэмшлээ бэхжүүлэн, үлдээд байсан гишүүдийг дахин хоршоо руу чиглүүлж бужигнуулан дугаарлуулсан юм. Богино зуур эрсдэлийн сангаа бараад, нэмж их хэмжээний бэлэн мөнгө гарган хүч нь сульдсан ч хоршоо хугацаа нь дууссан дуусаагүй мөнгөө яг одоо авъя гэсэн 100 гаруй хүний нэрсийг жагсаан үүнээс 80 гаруй хүний хадгаламжийг олгоод байтал 2006 оны 4-р сарын 14-ний өдөр цагдаа нар ирж “Глоб кредит” ХЗХ болон “Глоб групп”, түүний охин компаниуд болон Ж. Мэндбаярын гэрт нэгжлэг хийгээд, шөнө нь “хойшлуулшгүй тохиолдол” нэрээр халхавчлан түүнийг баривчлан хорьж, улмаар бүх “Глоб”-ыг битүүмжлэн үйл ажиллагааг нь хүчээр зогсоосон юм. СЗХ хууль бус шалгалтынхаа тайланг 4 сарын 12-нд гаргангуут тус хорооны дарга Бадраа агсан: “Глоб”-ыг шалгасан чинь муухай байна, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгнө үү” гэсэн утга бүхий мэдээлэл бичин мутарлаж, тайландаа хавсарган цагдаад илгээжээ. Цагдаа том том тоо дурьдсан “Бусдын мэдээлэл”-ийг үндэслэн нэг их том хэрэг илрүүлсэн мэт сүржигнэж, шууд эрүүгийн хэрэг үүсгэн Ж. Мэндбаярыг баривчилсан байдаг. 12-нд гарсан тайлан тэр өдөртөө мэдээлэл болон нисч, 13-нд эрүүгийн хэрэг үүсгэж, 14-нд нэгжлэг ороод, шөнө нь баривчилсан. 15-ны өглөө сонин дээр “Глоб нурсан, Ж. Мэндбаяр баривчлагдсан, төдөн хүний төчнөөн төгрөгийг залилсан” гэсэн мэдээлэл гарч дуулиан дэгдээснээр “дампуурсан, залилсан, хохироосон” гэж олон нийтийг итгүүлэн үнэмшүүлэх 2 дахь шатны хар ПИ-АР эхэлсэн. Хурдан байгаа биз дээ? Тоо баримтыг сонин яаж олж авав. Ж. Мэндбаярыг баривчлахад тэр шөнө 02 цагт сэтгүүлч цагдааг дагаад явж байсан байх уу? Чухам ямар зорилгоор хууль зөрчин шалгалт хийсэн болох нь нэн ойлгомжтой. СЗХ-ны дээрх үйлдлийг бид “Төрийн буруу” гэж ойлгож байгаа.
5. Нэгжлэгээр гэмт хэргийг бүрдүүлчихээр нотлох баримт олдоогүй учир Ж. Мэндбаярыг баривчлах саналыг прокурор, шүүх зөвшөөрөхгүй байсан нь тодорхой. Иймээс прокурор, шүүхээс дайжуулан тэднийг амарч байхад, маргааш нь бас нөгөөдөр нь ч амрах үеийг нь тааруулан, Үндсэн хуулийн 10.1, 10.2, ЭБШХ-ийн 10.1, 10.2 59.1-ийг зөрчин Баасан гаригийн шөнө 02 цагт албан өрөөнөөс нь шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, мөн шүүхийн шийдвэргүйгээр 3 шөнө, 3 өдөр хорьжээ. Барьдагаа бариад, хорьдогоо хориод 3 хоночихсон байхад “хорьсугай” гээгүй байж “сулласугай” гэх боломжгүй нь мэдээж учир хүссэн хүсээгүй хууль бус баривчилгаа болон 3 хоног хорих шийдвэрийг шүүх нөхөн гаргана. Улмаар хорьсугай гэнгүүтээ шууд сулласугай гэх нь утгагүй учир “сэжиглэн” 14 хоног хорих шийдвэрийг нүдээ анин гаргахад хүргэдэг, цагдаа хэнийг ч хүссэн үедээ дур мэдэн баривчлан хорьдог “Монгол ухаан”-ыг “хойшлуулшгүй тохиолдол” гэж хуулиндаа нэрлэсэн байна. Тэгвэл “хойшлуулшгүй тохиолдол” гэж ямар нөхцлийг хэлдэг тухай ЭБШХ-нд л лав алга. “Хойшлуулшгүй ажиллагаа” гэж нэрлэсэн ажиллагаа байвч түүн дотор баривчлах ажиллагаа огт багтаагүй байна. Харин ХЗДХ-ийн сайд асан Ц. Нямдорж Н. Энхбаярыг баривчилсны дараа “зөвхөн хэргийн газар хүн нас барсан үед хийдэг ажиллагааг хойшлуулшгүй тохиолдол гэж нэрлэдэг. Мөн 24-06 цагт ЭБША хийхийг хуулиар хориглодог учир өглөөг хүлээж Н.Энхбаярыг баривчилсан. Энхбаярыг баривчлах, хорих тухай шүүхийн шийдвэр байсан" гэж тайлбарлаж байсансан. Тэгвэл Ж. Мэндбаярыг баривчлах, хорих шүүхийн шийдвэр байгаагүй, бас шөнийн 02 цагт ЭБША хийж баривчилсан. Тэнд хэн ч нас бараагүй, хэн ч бултаж зугтаагаагүй, хэн ч ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Тодруулбал тэнд Ж. Мэндбаярыг баривчлах хууль ёсны үндэслэл ч, “хойшлуулшгүй тохиолдол”-ын шалтаг ч огт байгаагүй. Маргааш нь эхлэх Монголын анхны 22 давхар барилгынхаа талбайн зургийг хянаад шөнө хагаслан албан өрөөндөө, хэдэн мянган хүний арыг дааж асар их хариуцлага үүрэн ажиллаж байсан Ж. Мэндбаярыг хууль бусаар баривчлан хорьсныг “Төрийн буруу” гэж бид байн байн яриад байна. Хадгаламж зээлийн хүүгээс ашиг олох бизнесийн зах зээлээс ХЗХ-дыг ялангуяа том хоршоодыг зайлуулахын тулд аль нэг том хоршоог сонгон унагавал бусад нь дагаад ханарна гэдгийг Монгол Банк зөв тооцоолж, арилжааны банкнаас их хэмжээний авлагаа нэхээд амраахгүй байсан “Глоб”-ыг сонгон золиосолсон юм. Зөвхөн Монгол Улсын хууль тогтоомж төдийгүй Монгол улс нэгдэн орж заавал даган мөрдөх үүрэг хүлээсэн “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 9.1-ийг зөрчин явуулсан цагдаагийн хууль бус баривчилгаа, хориог бид “Төрийн буруу” гээд байна.
6. Ж. Мэндбаярын эхний 14 хоногийн хорио дуусангуут анх “баривчлах, хорих” шийдвэр гаргасан шүүгч түүнийг суллах шийдвэрийг үзэглэж, батлан даалтанд гаргангуут өмнөх шийдвэрийнхээ талаар 14 хоног бодож суллах шийдвэрээ гаргасан жирийн шүүгчийн уг шийдвэрийг энэ хэргийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан ерөнхий шүүгчээр нь хүчингүй болгуулаад буцаан хорих шийдвэрийг гаргуулжээ. Энэ нөхцөлд асуудлыг бодож, шинжлэн судлахад нь зориулан ерөнхий шүүгчид хуулиар 48 цагийн боломж олгосон байдаг ч энэ удаа тэрээр зүгээр л хаалганаас хаалганы хооронд л шийдвэр гаргаснаар гэртээ ч харилгүй шууд ажил дээрээ очсон Ж. Мэндбаярыг цагдаа 3-хан цагийн дараа ажлын байрнаас нь дахин баривчилж хорьсны дараа анх “мэдээллийн дагуу үүсгэсэн” албан тушаалын гэх 150, татвар нуусан гэх 166-р зүйл ангиуд хэрэгсэхгүй болж, оронд нь 148-р зүйл ангиар зүйлчилсэн тогтоолыг прокурор үйлджээ. Эндээс чухал зүйлийг анзаарч болно. СЗХ-ны мэдээллийнх нь жинхэнэ мөн чанар танигдаж, уг мэдээллийн дагуу үүсгэсэн зүйл ангиуд нь нотлогдсонгүй. “Хэн ч цагдаад байтугай шүүхэд ч хандан гомдол зарга үүсгэх тухай өргөдөл өгөхгүй болохоор нь СЗХ нүдээ анин, хууль зөрчин шалгалт хийгээд тайлан гаргаж мэдээлэл болгон цагдаад өгсөн. Ж. Мэндбаярыг баривчлахад заавал шалтаг хэрэгтэй учир СЗХ-ны мэдээлэл нь “Бусдын мэдээллийн дагуу” эрүүгийн хэрэг үүсгэх үүд хаалгыг нээсэн. Эрүүгийн хэрэг үүссэнээр “хойшлуулшгүй тохиолдол” нэрээр халхавч хийн түүнийг баривчлах боломж гарсан. Ж. Мэндбаярыг баривчилснаар асар том дуулиан дэгдээж ХЗХ-дыг дараалан намнах, “Глоб”-ын үүд хаалгыг битүүмжлэн хаах, улмаар “гүргэр” Ж.Мэндбаярыг хэлмэгдүүлэн шоронд хийж, Глобыг нэг мөр нам дарж авах боломж бий болсон” гэж сэтгүүлч хардсан. Мэдээллийн дагуу үүсгэсэн 2 зүйл анги нь хоёулаа хэрэг биш болсон явдал нь дээрхи хардлагыг дэндүү үнэмших боломжийг олгоод байна. Өөрөөр хэлбэл, СЗХ-ны мэдээлэл гүтгэлэг байсан нь эндээс тодорхой илэрч байна. Бас нэг анхаарал татах юм байна. Цагдаа хэргийг 148-аар нь боогоод прокурорт шилжүүлсэн. Харин прокурор уг хэргийг өөрийн мэдэлд авангуутаа 148-р зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 150-р зүйл ангиараа буцаан зүйлчилсэн тогтоол үйлдээд гарын үсэг зуралгүй орхисон нь хавтаст хэргээс олдсон. Прокурор хэргийг яагаад ч 148 биш гэдгийг ойлгосон ч дээрээс нь ялгүй үлдээхийг зөвшөөрөхгүй учраас аргагүйн эрхэнд 150 руу нь буцаан чихэж үзсэн байна. Гэтэл өршөөлөөр 3 жил нь хасагдах байсан 150-г мөн л “дээрээс” нь зөвшөөрөөгүй. Хэрэг хэзээ нэгэн цагт сөхөгдөх нь тодорхой учир тэр цагт гаргаж үзүүлэн, хэргийг ядаж хөнгөрүүлэхээр оролдсон оролдлогоо нотлох гэж дээрхи “гарын үсэггүй тогтоолдоо зориуд хуудасны дугаар өгөөд хавтаст хэрэгт үдэх ухаан” энэ том хэрэг дээр ажилласан туршлагатай хуульчид байлгүй яахав дээ. Хог дээр хаях болохоос хавтаст хэрэгт дугаарлагдан үдэгдэх учиргүй уг гарын үсэггүй тогтоолын учрыг үүнээс өөрөөр тайлбарлах арга алга. Шүүх хурал дээр энэ прокурор дээд тал нь 10 жилийн ялтай зүйл ангидаа 15 жилийн ял санал болгож шүүгчдийн нүдийг орой дээр нь гарган, Монголын хуульчдын элэг доог болсныхоо төлөө цалингаа хувьдуулж шийтгүүлсэн. Энэ бол хууль мэдэхгүйдээ биш, хэн нэгэнд ингэж эсэргүүцлээ илэрхийлсэн, эсвэл ингэж олны анхаарлыг татан ямар дампуу ажил хийж байгаагаа зориуд ингэж илэрхийлсэн үйлдэл биш гэж үү? Ямар ч байсан огт хэрэг биш гэдгийг мэдсээр байж нүдээ анин, хуулинд байхгүй 15 жил санал болгох хүртлээ аргаа барсан ч, нүдээ анин ялласан прокурорын үйлдлийг “Төрийн буруу” гэж бид яриад байгаа юм.
7. Шүүх хурал дээр Ж. Мэндбаяр үгээ хэлж дундаа орж байхад нь “хохирогчид” хориулахгүй, шоронд явуулахгүй гэж орилолдоод зарим нь уйлж эхлэнгүүт шүүгдэгчийн үгийг шууд таслан, хурлыг завсарлуулж, завсарлагаанаар “гадны зочид” хохирогчдын тархийг угаан элдвээр ятгаж байсныг бид санаж л байна. Хурал эхэлмэгцээ Ж. Мэндбаярын үгийг үргэлжлүүлэлгүй шууд дараагийн арга хэмжээндээ орсныг ч санаж байна. Хуралд гаднаас “Глоб”-д огт хамаагүй урилгагүй зочид оролцон цэвэр усны хэд хэдэн саваар архи сөгнөн, нэг удаагийн аяганд хийж дамжуулан “одоо ал, цаазал” гэж хэл хэмээн халсан хохирогчдыг турхиран цаадуул нь микрофон булаалдан шүлсээ үсчүүлэн юу дуртайгаараа хашгиралдахад “зочид” алга ташин уухайлж, хөл гараа дэвслэн бархиралдаж, цагдаа болиулахаар очиход нь эсэргүүцэн ноцолдож байхад шүүгчид зүгээр л сонирхон харж суусныг ч бид санаж байна. Монгол улсад магадгүй ганцхан удаа найр шиг, наадам шиг, шоу шиг болсон ийм шүүх хурал үнэнийг тогтоож чадах уу? Энэ угаасаа шүүх хурал биш зүгээр л жүжиг байсан. Зочид хайрцаг савтай хог авчран тарааж Ж.Мэндбаяр руу, эхнэр рүү нь шид гэж турхирч, улмаар шүүхээс ял оноох мөчдөө л хэвлэлийнхнийг оруулж, “зочид” нь хогоо шидэн, Ж. Мэндбаярыг эхнэрийнх нь хамт гавлан хохирогчид үзэн ядан үдэж байгаа мэт дүр зургийг Монголын ард түмэнд харуулсныг хуралд оролцсон 20 орчим гадны зочидоос бусад 500-гаад хүн гэрчлэхэд бэлэн л байгаа байх. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн зүгээс “хуралд оролцох эрхээ эдэлнэ” гэж хүсэлтээ 2 удаа бичгээр гаргасан ч “хамгаалалт аваагүй” гэх утгагүй шалтаг хэлж шүүх хуралд оролцуулаагүй. Хамгаалалтыг шүүх авах үүрэгтэй шүү дээ. Анхан шатны шүүхэд хэлж амжаагүй үгээ Ж. Мэндбаяр энэ хуралд гүйцээн хэлэхээс л эмээсэн хэрэг болохоос “хохирогчдоос хамгаалах арга хэмжээ аваагүй” асуудал биш. Анхнаасаа хохирогчид Ж. Мэндбаярыг хорих шийдвэр гарсан өдрөөс нь эхлээд хэрэг шүүхэд шилжих хүртэл амаар маш олон удаа, бичгээр 5 удаа батлан даалтанд авах хүсэлтээ илэрхийлсэн. Ж. Мэндбаярыг суллахаар 442 хохирогч цуглан хуралдаж, 98% нь буюу 435 нь гарын үсэг зурж Ерөнхийлөгчид хүсэлт илгээсэн ба 1233 хүний 630 нь хуралдаж 322 нь гарын үсэг зурвал хохирогчдын олонхийг төлөөлнө гэх утгаараа хохирогчдын 98% нь өнөөг хүртэл Ж. Мэндбаярт итгэж, түүний талд байгааг эндээс тодорхой харж болно. Хохирогч нь өмөөрсөөр байгаа ялтан өнөөдөр Монголд ганцхан байгаа нь Ж. Мэндбаяр билээ. Бид анхнаасаа л хууль номын дагуу тохиролцоод гарын үсгээ зураад иргэний эрх зүйн харилцаа үүсгээд авч өгөөд сурчихсан, хэн хэндээ огт гомдолгүй маш хүнд үед ч итгэлцлээ хадгалан, үйл ажиллагаагаа тогтворжуулаад хэвийн үргэлжлүүлж байхад төр байн байн дундуур орж ирээд “Глоб”-ын үйл ажиллагааг зогсоогоод, үүд хаалгыг нь хаагаад хоршоо, барилга, үнэт цаасны үйл ажиллагааг нь залилан гээд “маргааш, нөгөөдөр дүгнэх ёстой гэрээгээ өнөөдөр дүгнээгүй байна” гээд л гэрээний нэг талыг шоронд илгээснээр бидний хохирох замыг шүүх шуудруулсныг бид “төрийн буруу” гээд байна.
8. Ж. Мэндбаярыг ганц худагт хорингуутаа түүнийг мохоохын тулд эхнэрийг нь мөн хэрэгт хилсээр татан холбогдуулж, “хорино” гэж байнга дарамталж байсан төдийгүй Ж. Мэндбаярыг ганц худгийн төлөөлөгч нар бүлэглэн гарыг нь ард нь гавлаж, хөлийг нь дөнгөлж байгаад газар унаган дэвсэлж, бороохойгоор балбан хамрыг нь цөмлөж, чихний хэнгэргийг нь хагалж, тархинд нь гэмтэл өгөөд, гарыг нь ардаа гавтай чигээр нь өөр камерт шилжүүлэн нохой шиг хаяад бүтэн хоёр хонуулжээ. Ардаа гавтай хүн наад зах нь хоёр хоног хоол унд идэж ууж чадаагүй нь ойлгомжтой. Дээр нь тэр их гэмтэл бэртэл авчихсан хүний гард нь гавтай хоёр хонуулахад ямар их тарчилсан нь бүр ч ойлгомжтой. Хоёр хоноод гавыг нь тайлуулаад уулзахад энд тэнд нь цус наалдаад хатчихсан байсан тухай өмгөөлөгч нь ярьж байсан. Энэ ардчилал, шударга ёс уу? Эсвэл харгислал, эрүүдэн шүүлт үү? Уг үйл явдлын дараа ганц худгийн ерөнхий эмч Хишигдолгор, өмгөөлөгч Цэрэндолгор нарын Ж. Мэндбаярыг нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай болсныг мэдэгдсэн удаа дараагийн шаардлага, хүсэлтүүд хавтаст хэрэгт нь байна. Бүтэн 4 сарын дараа УЕП-ын орлогчид хүрч байж уг асуудал шийдэгдэн, түүнийг 3-р эмнэлэгт хэвтүүлэн хамрын цөмөрхийг нь янзалж, амьсгал чөлөөлөх мэс засалд оруулан улмаар нугас, тархинд нь хий шахсан байдаг. Ийм хүнд мэс заслын дараа ганц худагт буцаан хорьсон нь хүнлэг ёс мөн үү? Ямар ч шалтгаангүйгээр төрийн тусгай албаны офицерууд Ж. Мэндбаярыг зодож, яргалж, тамлан тарчлааж, бага насны 4 хүүхэд, суумгай хадам ээжийг нь байрнаас нь хөөн гаргаж гудамжинд үлдээгээд, эхнэрийг нь хорино гэж байнга дарамтлан, бие сэтгэлийг нь байнгын өвдөлт, зовиур шаналгаатайгаар хорьж байсан нь түүнийг өөрийгөө өмгөөлөх ажиллагаанд нь огтхон ч саад болоогүй гэж үү? Энэ нь 21-рзууны “Ардчилсан Монголын үнэн нүүр царай” юу? Энэ бол эрүүдэн шүүлт байсан. Ж. Мэндбаярыг улирал тутамд зохих эмчилгээ хийлгэж байх зааврыг 3-р эмнэлгийн эмчийн зүгээс бичиж өгсөн боловч түүнийг эмчлүүлэх эрхийг ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Даваа-Очир өөрийн биеэр хязгаарлан барьж, эмчилгээнд хамруулах санал гаргасан эмчийг дарамталж байсныг нотлох баримт бий. Зохих эмчилгээг хугацаанд нь хийлгэж байгаагүйгээс Ж. Мэндбаярын гэмтэл ужигран, дээрээс нь хорих ангийн ерөнхий эмч Доржсүрэн түүнийг шал мөргүүлэх, боох зэргээр зодож байсан тохиолдол ч байдаг. Улмаар хорихын нэгдсэн эмнэлгийн дарга, дэд даргаар ажилласан Доржсүрэн гэгч нь Ж. Мэндбаярыг группд оруулах, шинжилгээ оношлогоо хийлгэх асуудлыг хүртэл шийдэхээс эрс татгалзан, эмчлэгч эмч нарын саналыг буцааж байсан бөгөөд зүүн чих нь 100%, баруун чих нь 30%-ийн дүлийрэлтэй 2 чих нь мөнхийн шуугиантай, тархи нь байнгын өвдөлттэй, уналт таталтын шинж тэмдэг илэрдэг, эдгээр өвчлөл нь удаа дараагийн шинжилгээ, оношлогоогоор батлагдсан боловч тэрээр өнөөдрийг хүртэл тахир дутуугийн зэрэг тогтоолгож чадаагүй л байна.
Ж. Мэндбаярыг зөвхөн биеэр нь зовоохын сацуу бүтэн 1 жил 6 сар чанга дэглэмд илүү суулгах, хөрөнгийг нь элдэв аргаар үрэгдүүлэх замаар “өдийд хохирол төлөөд шоронгоос гарчихсан байх” боломжийг нь бүрэн хаах, уран бүтээл туурвих зэрэг хуулиар олгогдсон 9 эрхээс 7-г нь бүрэн ба хагас хаах, хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулах, хэвлэл мэдээллээр гүтгэх, бүтээл туурвилыг нь устгах зэрэг аргаар түүнийг сэтгэл санааны байнгын дарамтанд байлгаж байсан тул тэрээр 2012 оны 5-р сард өлсгөлөн зарлаж, 4 шаардлага тавьсан юм.
1-рт Хуулийн дагуу дэглэм буулгах
2-рт Хөрөнгийг нь завшин үрэгдүүлж байгааг төрөөр шалгуулах
3-рт Эмчилгээ хийлгэх
4-рт Уран бүтээл туурвих зэрэг эрхүүдээ эдлэх 4 шаардлагыг нь биелүүлэх шийдвэрийг тухайн хорих
анги нь болон холбогдох газрууд нь гаргачихсан байхад ШШГЕГ-ын удирдлагууд тун сүртэй хэвлэлийн бага хурал зарлаж “Ж. Мэндбаяр хууль бусаар өлсгөлөн зарласан, хууль бус шаардлагууд тавьсан, хөрөнгөнд нь хууль ёсны ажиллагаа хийж байгаа, түүнийг эмчлүүлдэг, эрхээр нь хангадаг. Харин Ж. Мэндбаяр интернэт хэрэглэж зөрчил гаргасан” мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн, Ж. Мэндбаярын нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг цацаж байлаа. Хууль бусаар өлсгөлөн зарласан юм бол түүнд клизм тавьж камертай өрөөнд тусгаарлан, хажууд нь 24 цагаар харуул гаргасан ШШГБ өөрөө Ж. Мэндбаярыг хууль бусаар 22 хоног өлсгөж тарчлаасан болж таарч байгаа юм биш үү? УЕП-ын орлогчийн зүгээс Ж. Мэндбаярыг дэглэм буулгахыг шаардсан албан шаардлага нь хууль бус, шүүхээс Ж. Мэндбаярыг дэглэм буулгасан шийдвэр нь хууль бус, ХЗ-н сайд Тэмүүжиний ахалсан ЗГ-ын ажлын хэсэг шалгаад “Глоб”-ын хөрөнгөд хууль бус ажиллагаа хийгдсэнийг нь тогтоон дүгнэсэн нь хууль бус, Ж. Мэндбаярын эрхийг зөрчиж байгаа эсэх талаар зохих шалгалт хийсэн Хүний Эрхийн Үндэсний Коммисын “Ж. Мэндбаярын эрх зөрчигдөж байна” гэсэн дүгнэлт, зөвлөмж нь мөн л хууль бус болж таарах нь ээ дээ, ШШГЕГ-ын удирдлагуудын үзэж байгаагаар бол? Ямар ч байсан 2012 оны 5-р сард өлсгөлөн зарлах хүртэл Ж. Мэндбаярыг бие махбод, сэтгэл санааны байнгын дарамтанд байлгах үүргийг нь ШШГЕГ-ын удирдлага гардан хэрэгжүүлж байсныг бид “Төрийн буруу” гээд байна.
9. “Глоб”-ын хөрөнгө 9.7 тэрбумаар үнэлэгдсэн. Хохиролд хүрнэ. Тайван байж болно.”гэж цагдаагийн ажлын хэсгийн ахлагч Цогтбаатар мэдэгдэж байсан. Энд зарим хөрөнгө болон барилгажих 20 гаруй газар нь огт үнэлэгдээгүй. Гэтэл дээрх үнэлгээ шат шатандаа буурсаар эцэстээ “Глоб” тэр чигтээ ердөө л 2-хон тэрбумын үнэ хүрч гэнэ дээ. Өнөө үнэлэгдээгүй газруудын зарим дээр нь хэн байшин барьчихав? Зарим нь яагаад эзэмших эрх нь цуцлагдчихав? Ж. Мэндбаяр өөрөө ч хичнээн хэлээд байхад яагаад энэ газруудыг битүүмжлээгүй, хураагаагүй, бүр огт мэдээгүй дүрийг төр үзүүлээд байна вэ? Хүн бүр мэдэх “Глоб Центр”-ийг Ж. Мэндбаярын эхнэр нь хохирогчдод хүлээлгэн өгч хохирогчид ажиллуулан хохирлоосоо хороож байсныг төр хураан авч эзэнгүйдүүлэн хөлдөөгөөд хэдэн жил тэр чигт нь хаяснаар доторх пиво баар, диско клуб, стриптиз клуб, ресторан, саун, биллярд, VIP ROOM, люкс, хагас люкс, энгийн 25 өрөө бүхий 3 одны зэрэглэл хангасан зочид буудал, хоршоо болон “Глоб”-ын 3 компаний оффисын тавилга, компьютер хэрэгслүүд тоногдон хулгайлагдаж, илжрэн муудаж дахин хэрэглэх боломжгүй болсон ба барилга нь хэдэн жилийн ус алдсан чийгэнд хөгцрөн тэр чигтээ муудаж, их засвар хийх шаардлагатай болсныг дахин үнэлгээний тайланд “ашиглалтын буруугаас” гэж дурьдсан байна. Сангийн яам, Хууль Зүйн Яамны хамтарсан комисс 2006 онд анх 4 тэрбумаар үнэлэн битүүмжилсэн хөрөнгийг 4 жилийн дараа дээрх байдалтай болгочихоод 1 тэрбум 575 саяар үнэлүүлэн ердөө ганцхан сая төгрөг нэмж худалдаад дээр нь уг обьектод огт хамаагүй олон зуун сая төгрөгийн автомашин, автобусууд, гэр ресторан зэрэг хөдлөх хөрөнгүүдийг нь үнэгүй бэлэглэчихсэн байгаа нь эрүүгийн шинжтэй үйлдэл болсон нь тогтоогдож, одоо АТГ дээр шалгагдаж байна. Уг обьектыг борлуулах үеийн зах зээл дээр шууд борлогдох ханш нь зөвхөн хоосон барилга нь гэхэд л 1 м2 нь 2.000.000 төгрөг байсан. Үүгээр тооцоход, барилга нь дангаараа 6 тэрбум төгрөг, үнэлсэн үнэлээгүй хөдлөх хөрөнгө нь 500 сая төгрөг болж байна. Зөвхөн уг обьектоос гэхэд л Ж. Мэндбаярт 5 тэрбум төгрөгийн алдагдал учирсан байдаг. Түүнчлэн Гандангийн дэнж дээр Боса төвийн дэргэд “Глоб оффис”-ын 1184 м2 талбайтай өвөрмөц загвар, матмал шилэн фасад, 52-ын тоосгон хана, зоорийн давхартайгаа 4 давхар, зөвхөн хаалга, угаалтуур, суултууруудыг суулгаж амжилгүй подвалд нь хураачихсан байсан, цэвэр бохир ус, дулаан, цахилгаандаа холбогдсон 700 м2 эзэмшил газар бүхий цоо шинэ барилгыг 254 м2, 3 давхар дутуу баригдсан барилга гэж бичээд 1 м2-ыг нь ердөө 185 мянган төгрөгөөр буюу нийтэд нь 200-хан сая төгрөгөөр үнэлүүлээд 271 сая төгрөгөөр буюу 1 м2ыг нь ердөөл 250 мянган төгрөгөөр зараад подвалд нь хураачихсан байсан 463 ш тоног төхөөрөмж оффисын тавилга бас газрыг нь зүгээр л бэлэглэчихсэн байгааг мөн л эрүүгийн үйлдэлд тооцогдон АТГ-т шалгагдаж байна. Уг барилгын зах зээлд борлогдох ханш 1 м2 нь 3 сая төгрөг гэж бодоход зөвхөн энэ обьектоос л гэхэд Ж. Мэндбаярт 3 тэрбум төгрөгийн алдагдал учирсан байна. Мөн доошоо 2 давхар суурийн нүхийг нь ухсан 80 сая төгрөгийн өртөг болон БНХАУ-д хийлгэсэн 12-20 давхар орон сууц, үйлчилгээний цогцолборын иж бүрэн зураг төслийн үнэ 120 мянган ам долларыг шингээсэн хотын төвийн 2588 м2 газрыг нь 1 ширхэг байшин кран болон хашааны хамт ердөө 100 саяар үнэлээд мөн л ганцхан сая төгрөг нэмж харагдуулаад 101 сая төгрөгөөр “зарж” орхисон байх юм. 1 м2 нь 29 мянган төгрөгөөр үнэлэгдэж, дуудлага худалдаанд оруулсан чинь ганцхан мянгаар өсөж 1 м2 нь 30 мянган төгрөг болж гэнэ.УБ паласын зүүн талд төв зам дагуу 2588 м2 газар 77 саяар үнэлэгдээд 78 саяын дээд үнэ хүрч байх юм гэнэ. Энэ чинь одоо итгэхэд бүү хэл, сонсоход ч хэцүү хэрэг биш үү? Гэр хорооллын 1 м2 газрыг төр 100 мянгаар үнэлсэн ч иргэд 100 ам доллараар ч өгөхгүй, 1 м2-ыг нь 1 м2 байрны үнээр өгнө гэж байна. А бүсэд барилга барих 600 м2-ыг 1 сая ам доллараас яриад 580 мянган ам долларт авч өгөлцсөн байна. Үүгээр бол 1 м2 нь 1 сая 380 мянган төгрөг хүрчээ. Ингээд бодоход “Глоб”-ын дээрх 2588 м2 газрыг шууд авч өгөлцөх үнэ нь даруй 3 тэрбум 570 сая төгрөг болж байна. Зөвхөн энэ ганц газраас л гэхэд зарсан үнийн алдагдал дээр нь үнэгүй очсон хөрөнгийн үнийг нь нэмэхээр нийт алдагдал нь 4 тэрбум 70 сая төгрөг болж байна. Уг газар дээр баригдахад бэлэн болсон байсан, одоо ч Монголын хамгийн том, хамгийн сүрлэг, гоёмсогт тооцогдох байсан “Залуу үе” цогцолбороос олох байсан ашгийг тооцвол хэдэн арван тэрбумаар яригдах байсан нь тодорхой. Харин энэ дуудлага худалдаанд эрүүгийн хэрэг үүсгээгүй байх юм. Бүх юмтайгаа 4 тэрбум 148 сая төгрөгийн үнэ хүрэх уг газрыг ердөөл 101 сая төгрөгөөр зарчихсан уг үйлдлээс эрүүгийн үнэр ханхлахгүй байна уу? Дээрх 3 обьект, газраас л гэхэд Ж. Мэндбаярт 12 тэрбум 70 сая төгрөг болон барилгажих 4000 м2 газрын шууд хохирол учирсан байна шүү дээ. Ашиглалтын буруугаас хөрөнгийг үнэгүйдүүлсэн, хуурамч материал бүрдүүлэн үнэгүйдүүлсэн, хуйвалдааны журмаар илт хямдаар үнэлэн үнэгүйдүүлсэн зэрэг 2 обьект, 1 газрыг л жишээ татахад ийм байна. Тодруулбал:
1-рт Нийт 3 обьект, 3 газрыг нь зарсан ба 17 тэрбум 900 сая орчим төгрөгийн шууд үнэ хүргэх уг хөрөнгийг ердөө 2 тэрбум 200 сая төгрөгөөр л зарчихсан байгаа юм. Дээр нь 4000 м2 газрыг зүгээр өгчихөж. Үүнээс нийтдээ 15 тэрбум 700 сая төгрөг, дээр нь 4000 м2 газрын хохирлыг Ж. Мэндбаярт учруулсан байна. Ямар ч байсан төрийн хувцастай жинхэнэ луйварчин дээрэмчдийн гэмт үйлдлүүд нь илрээд шалгагдаж байгаа. Ийм боломжийг тэдэнд олгосон хууль тогтоомжийг төр засаг гаргасан байсан нь тогтоогдсон.
2-рт Хэрвээ номоор нь хийсэн бол Ж. Мэндбаяр өөрт нь оноосон 11 тэрбум 800 сая төгрөгийн хохирлыг төлөөд 9 сарын өмнө магадлан суллагдаад, халаасандаа үлдсэн 6 тэрбум 100 сая төгрөгөөрөө мөн үлдсэн 4000 м2 газар болон бусад 20 орчим газар дээрээ “Глоб”-ыг дахин босгоод явж байх байлаа. Гэтэл дахин 2 жил 5 сар шоронд суугаад “гахай нүцгэн, нохой явган” модоо барьж гараад 9.8 тэрбум төгрөгийг төлөх үүрэгтэй үлдэж байгааг нь бас л “төрийн буруу” гээд байгаа юм.
10. Ж. Мэндбаяр “эргэн төлөгдөх нөхцлөөр хохирлын 50%-ийг барагдуулах хуулийг гаргаж хэрэгжүүлвэл төр, хохирогч бид гурав бүгд хохирч үлдэнэ. Өгөх гээд байгаа юм бол 50%-тай тэнцэх мөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулж өсгөвөл зөвхөн ашгаар нь хохирлыг 100% барагдуулж болно. Бизнес хийж чадахгүй гэвэл Монгол Банкинд бодлогын хүүгээр нь хадгалуул. Эсвэл цээжээрээ хамгаалдаг банкуудаараа дамжуулаад арилжааны хүүтэйгээр зээлдүүлэх, хадгалуулах ч аргууд байна” гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудад зааж өгсөн захидлыг бичсэн нь Өдрийн сонинд 2007 онд нийтлэгдсэн. Түүний үгийг төр авсан бол төр өгсөн 50%-аа 4-5 жилийн дотор 100% өсгөөд л хохирлын асуудлыг 100% шийдчих байлаа. Хэнд ч ямар ч хохирол үлдээхгүйгээр шийдэж болох замыг Ж. Мэндбаяр зааж өгч байсан төдийгүй шоронд маш олон бизнес төсөл боловсруулан Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид хүртэл илгээж байсныг ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Даваа-Очир замаас нь хулгайлан авч “дээш” уламжлаагүйг нотлох баримт ч байна. Яг үнэндээ энэ 7 жилийн хугацаанд хохиролыг шийдэх эрмэлзлэл, хүчин чармайлт, идэвхи санаачлага хамгийн ихээр гаргасан хүн нь Ж. Мэндбаяр юм шүү. “Та бүхэнтэй хуваан идэж байсан, идэхээр бэлтгэсэн амтат хоолыг хэн ч биш хөсрийн нохой шувуунууд зүв зүгээр халбагадахаар энд тэндгүй өцийгөөд суучихаж. Эртхэн бүтэн дээр нь хуваагаад авцгаа” гэж Ж. Мэндбаяр ганц худгаас бичээд, “Глоб”-ыг нийт хохирлын хэмжээтэй тэнцэхүйц хувьцаа бүхий Хувьцаат Компани болгон хүн бүрт “хохирол”-д нь дүйцэхүйц хэмжээний хувьцаа эзэмшүүлэн, компанийг хамтын удирдлагад шилжүүлэн өгөх саналыг гаргахад нийт хохирогчдын хуралд оролцогсодын 98% нь дэмжиж байлаа. Түүнчлэн түүнийг ганц худагт хоригдож байх зуур өр худалдан авах замаар “Глоб”-ын хөрөнгө, газар, төслүүдийг тэр чигт нь өөрийн болгох, эхэлсэн болон бэлэн болсон төслүүдэд нь хөрөнгө оруулж ашиг хуваах гадна дотны компаниуд, бүх хохирлыг төлөөд Ж. Мэндбаярыг суллуулан хамтарсан төслөө үргэлжлүүлэх хүсэлтэй солонгосууд хүртэл ирж, хохирогчдын байгууллагад саналаа тавьж байсныг бүгдийг нь цагдаа, прокурорт уламжилж байсан боловч “Ж. Мэндбаярыг гаргавал хамраа цухуйнгуут л гадаад руу гараад явчихна. Гадаадад холбоо сүлбээ ихтэй. Хөрөнгөө ч нуучихсан байгаа. Шүүх хурал хийхгүй бол та нар хохироод л үлдэнэ. Хохирлын асуудлыг шүүхийн шийдвэрээр шийднэ. Тайван байцгаа” гээд огт халгаагаагүй. Тэгээд алив дээ, өнөө гадаадад нуусан гээд байсан хөрөнгө нь хаана байгаа юм. Бүхэл бүтэн ажлын хэсэг, алба хэлтэс байгуулаад л баахан цагдаа сүржигнэцгээгээд л байсан. Ж. Мэндбаярын гадаадад байтугай дотоодод нуусан гэх ганц хадаас ч олдоогүй л биз дээ. Харин ч тэр холбоо сүлбээ нь асуудлыг шийдье, хамтын ажлаа үргэлжлүүлье гээд байсан шүү дээ. Хохирлыг барагдчихвий гэж төр үхтлээ айсан. Тэр их хараал зүхэл, гүтгэлэг доромжлол, үзэн ядалт, туйлшрал завхрал, дуулиан шуугианы араас Ж. Мэндбаяр хохирлыг төлчихвөл уг хэргийг зохиогчид буюу Монгол Банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, цагдаа, прокурор маш хүнд байдалд орох байсан. Угаасаа үүсээгүй байсан хохирлыг барагдуулах бүх боломжийг хааж, хохирлыг хүчээр үүсгэсэн ажиллагааг бид “төрийн буруу“ гээд байна.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэн нэг нь эсэргүүцэн давж заалдсан нөхцөлд хавтаст хэрэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шилжин очиж хэн нэгэн шүүгчид хуваарилагдан, тухайн шүүгч хавтаст хэргийг уншаад бусад шүүгч нартаа танилцуулдаг журамтай. Гэтэл уг хэрэгт хэн нэг нь давж заалдах нь бүү хэл анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэн нь ч гар дээрээ авч амжаагүй байхад Нийслэлийн шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн (одоо тус шүүхийн ерөнхий шүүгч) Сарантуяа “Хүмүүс” сонинд яаран ярилцлага өгч “Ж. Мэндбаяр, М. Цэцэгмаа нар бүлэглэн залилсан нь тогтоогдсон. Тэдэнд оноосон ял шийтгэл нь яг тохирсон. Одоо 3 шатны шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болонгуут шүүхийн шийдвэрийг биелүүлэх журмаар хөрөнгийг нь зарж борлуулаад хохирлыг барагдуулна” гэж мэдэгдсэн байдаг.
1-рт Хавтаст хэрэг нийслэлийн шүүхэд очоогүй байхад энэ шүүгч санаачилгаараа анхан шатны шүүх рүү гүйж очоод 64 боть хавтаст хэрэгтэй тэрүүхэн хооронд маш нямбай танилцаад, судлаад дүгнэж цэгнээд залилсан, ял зэм нь яг сайхан тохирсныг мэдээд авч гэнэ.
2-рт Бүх шатны шүүхийн шийдвэр ялласан байдлаар гарна гэдгийг урьдчилаад мэдчихсэн байх нь байна. Үүнийгээ бүр дөнгөж анхан шатны шүүхийн шийдвэр нь цаасан дээр ч бууж амжаагүй байхад олон нийтэд зарлан тунхагласан байна.
3-рт Үгүйдээ л “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ”, “Хүний эрх, нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаална” гэж Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.14, 16.17, 17.2-т заасныг энэ шүүгч ноцтойгоор зөрчиж хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэжээ. Цаашлаад шүүх Ж. Мэндбаяр, М. Цэцэгмаа нарыг заавал яллаж байж хохирол үүсгэх хөрөнгүүдийг нь хураан авч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх журмаар худалдан борлуулах замаар үрэгдүүлээд, үнэхээр “дампуурсан байсан” гэх итгэл үнэмшлийг нийгэмд үлдээх зорилго нь уг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны Шүүхийн шийдвэр бичигдэж амжаагүй байхад л тодорхой болчихсон байсныг энэ том шүүгч яаран ам алдчихсан л байгаа биз дээ. “Глоб-ын гэх хэргийг 8-р сарын 1 гэхэд боо” гэсэн үүргийг цагдаад “дээрээс” өгснийгөө тухайн үеийн төрийн удирдлагууд бидэнд хэлж, хэргийг тун хурдан шийдэж өгнө гэж амлаж байсныг бид санаж байна. Энэ том “хэрэг”-ийг цагдаа дөрөвхөн сарын дотор үнэнийг тодруулан шалгасан, “залилсан” гэж урьдчилан зарласан шүүгч өөрөө давж заалдах шатны шүүх хурлыг даргалсан байхад шүүх үнэнийг тогтоохыг эрмэлзэн зөв шийдвэр гаргаж чадсан гэдэгт итгэх арга алга.
12. Доорх асуудлуудыг төр өөрөө шалган тогтоож үгүйсгээгүй цагт төр уг хэрэгт оролцоогүй, Глобыг хүчээр дампууруулаагүй гэдэгт бид яахин итгэх билээ.
• ХЗХ-ны эрх зүйн орчныг муу бүрдүүлснээр суурийг нь анхнаасаа хазгай тавьсан
• ХЗХ-дын тэр дундаа Глобын эсрэг нэр цохон бодит бус мэдээллүүдийг цацаж хар Пи-Ар хийсэн Монгол Банк нь өөрөө иргэдийг мөнгөө татахыг уриалан, Глобын үйл ажиллагааг зохиомлоор удаа дараа доголдуулсан
• Глобын бүтэн сар хадгаламж олгохоор төлөвлөгдсөн олон зуун сая төгрөгийг Монгол Банк гаргаж өгөлгүй гүрийж ХЗХ-ны үйл ажиллагааг зохиомлоор хүндрүүлсэн.
• СХЗ нь хуулиа зөрчин эрхээ хэтрүүлж “Глоб” руу хүч түрэн шалгалт оруулаад, уг шалгалтын тайлангаа гуйвуулан цагдаад мэдээлэл өгч Ж. Мэндбаярыг баривчлуулсан.
• Цагдаа Ж. Мэндбаярыг шөнийн цагаар хууль бус ЭБША явуулан, шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, шүүхийн шийдвэргүйгээр 3 хоног хорьсон
• Шүүх бодит байдлыг үл үнэлэн Ж. Мэндбаярыг баривчлах, хорих шийдвэрийг нөхөн гаргасныг болон бүтэн жил хорьж Глобын үүд хаалгыг хаах, хохирлыг хүчээр үүсгэх боломжийг бүрдүүлсэн
• Төрийн тусгай албан хаагчид Ж. Мэндбаярыг зодож яргалан, тамлан харгислаж, тахир дутуу болгосон
• Цагдаа Ж. Мэндбаярыг бие сэтгэлээр нь тарчлаан эрүүдэн шүүсэн
• ШШГБ нь Ж. Мэндбаярыг 1 жил 6 сар чанга дэглэмд хууль бусаар илүү хорьж, хуулиар олгогдсон эрхүүдийг нь хязгаарлан, хавчин хяхаж, бие сэтгэлийн байнгын зовиур шаналалд байлган дарамталсан
• ШШГБ нь Глобын хөрөнгийг тонон, дээрэмдэж, завшин луйвардаж гувчуулсан
• Ж. Мэндбаярын хөрөнгийг нь үгүй хийх замаар түүний хохирол төлөгдөх нөхцлийг нь устгаснаараа 9 сарын өмнө магадлан суллагдах байсан боломжоос нь бүрэн ангижруулж 3 жил 4 сар илүү ял эдлүүлэхээр болж байгаа
• Өмнө нь ЭБША-ны үед хохирлыг бүрэн барагдуулах олон боломжийг хаагдуулсан
• Прокурор уг хэргийг эргэлзэн буруу ялласан
• Шүүх Ж. Мэндбаярыг гэм буруугүйг хангалттай нотлон дүгнэж, хэргийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэрэг” болгон үлдээсэн байх мөртөө яллан шоронд илгээснийг бид “Төр”-ийн буруу гэж олон удаа яриад байна. Хэн ч сонсохгүй л байна. Өмнө бид хөрөнгийг нь сүйд хийгээд байгаа тухай олон жил ярьсан. Хэн ч сонсохгүй л байсан. Харин Алтанхуяг тэргүүтэй энэ засаг сонсож, засгийнхаа байгууллага, албан хаагчдын болон өмнөх засгийн алдааг илчлэн гаргасан. Бидний ярьсан бүхэн нотлогдож, засгийн луйвар, дээрмүүд нь ч илэрч, зохих газар нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Иргэдийн оролцоотой шийдвэр ямагт зөв байдаг” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсний тод жишээ энэ. Мөн одоо бидний энд яриад байгаа, төрийг буруутгаад байгаа бүхнийг та бүхэн анхааран үзэж нэн даруй зохих арга хэмжээг авна гэдэгт найдаж байна. Тухайн үед ч, өнөөдөр ч “төр”, ерөнхий прокурор хэн байсан, хэн байгаа нь сонин биш. Өнгөрсөн алдаагаа засч залруулах залгамж чанар, зүрх зориг аль ч үедээ төрд байх ёстой. Энд бид ганц Ж. Мэндбаяр биш түүний ар гэр, үр хүүхдүүд, “Глоб” гэж их айлын 700 ажилтан ажилчид ба тэдний гэр бүлийн 2500-гаад хүн, Глоб-ын гишүүн, хамтрагч, харилцагч 1233 хүн болон бидний ар гэрийн 4000 гаруй хүүхэд хөгшид голдуу гишүүд, нийт 8500 орчим иргэн, цаашлаад татвар төлөгчид тэдний гэр бүл нийт Монгол улсын 2.8 сая иргэнд асар их хор хохирол учруулсан төрийн буруутай үйл ажиллагааг дурьдаад, олон жил, олон удаа яриад байхад энэ удаа эрх биш төр нэг сатааран сонсох байлгүй дээ. Энд мэдээж хамгийн ихээр хохирсон нь Ж. Мэндбаяр. Түүнийг баривчлан хорьж Глоб-ыг нухчин дарах замаар Санхүүгийн зах зээл дээрх тоглолтоос ХЗХ-дыг шахан гаргах, зах зээлд үл мэдрэгдэх хэмжээнд хүргэх зорилго биелсэн. Гэхдээ Ж. Мэндбаярыг хэлмэгдүүлэн золиосолсон 20637432 тоот Эрүүгийн хэргийг “төр анхнаас нь оройлон зохион байгуулж зохиосон, улмаар төрийн шууд оролцоотойгоор хэргийг хүчээр шийдэн энэ их хохирол, хэлмэгдүүлэлтийг бий болгосон” гэж бид үзэж байна. ХЗХ-дыг төр хүчээр дампууруулсан юм бол яг яаж дампууруулсан, төр үнэхээр буруутай юм бол яг ямар буруутайг тодруулж, эсвэл ХЗХ-дын дампуурал угаасаа санхүүгийн луйвар байсан, энд төр ямар ч буруугүй гэдгийг тогтоож олны санааг нэг тийш болгох ажил нэгэн цагт хийгдэж л таарахаас хойш одоо жишээ болгон “Глоб”-ын гэх хэргийг сөхөж нягтлан шалгахад л түрүүчийн төрийн гар хөл уг хэрэгт үнэхээр дүрэгдсэн болох нь тодорхой гараад ирнэ. Хангалттай шалтаг, үндэслэл байна гэж бид үзэж байгаа тул Ж. Мэндбаярыг нэн даруй суллаж хэлмэгдүүлэлтийг зогсоох, “Глобын”гэх эрүүгийн 20637432 тоот дуулиант хэргийг бүхэлд нь дахин шалгаж үнэн мөнийг тогтоох цаг нэгэнт болжээ. Та бүхнийг уг асуудалд онцгойлон анхаарч идэвх санаачлага гарган тус тусын бүрэн эрхийнхээ хүрээнд улс төрийн болон бусад шийдвэрийг яаравчлан гаргана гэдэгт гүнээ найдаж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Тэргүүн ......................................./Ш. Дорждулам/ утас: 99174827
Гүйцэтгэх захирал ............................../ А. Алтантуяа / утас: 96676189
Бэлтгэсэн Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл байхгүй байна