О.Эрдэнэсолонго ба...

УМБГ-аас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр  цагдан хориод байгаа нь энэ өдрүүдийн гол шуугиан болоод байна.
Ё.Отгонбаяр гишүүнийг л хүмүүс мэдэхээс биш эхнэр О.Эрдэнэсолонгынх нь талаарх мэдээлэл огт байхгүй байгаа юм. Бидний олж дуулсанаар О.Эрдэнэсолонго нь 1981 онд Нийслэлийн II дунд сургуулийг дүүргэжээ. Харин тэр жил нөхөр Ё.Отгонбаяр нь Нийслэлийн 52-р дунд сургуулийг дүүргэсэн төдийгүй тэдний хоёр сургууль шейфийн харилцаа тогтоосноор анх танилцаж байжээ.
Ё.Отгонбаяр арван жилээ төгсөөд нэг жил цэргийн албанд мордож ирээд Гадаад явдлын яамны нэр дээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулах таван хүүхдийн нэгээр шалгарсан учраас энэ шугамаараа явж суралцсан бол эхнэр О.Эрдэнэсолонго нь Анаагаах ухааны Их сургуулийг 1988 онд дүүргэсэн байна. Тэд суралцахынхаа зэрэгцээ 1985 онд гэр бүл болсон аж.
О.Эрдэнэсолонго айлын бага охин учраас Ё.Отгонбаяр сайд хадмындаа амьдарсан гэнэ лээ. Тэднийг нэг гэрт ороод удаагүй байхад Ё.Отгонбаяр гишүүнийг Энэтхэг дэх ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилсон учраас нэг их удаан хадмын хаяа түшилгүй харь орныг зорьсон гэнэ. Ё.Отгонбаяр гишүүнийх хоёр хүүтэй бөгөөд том хүүг нь дөнгөж мэндлээд байхад Энэтхэг рүү томилолт өвөртөлж яваад тэндээ таван жил амьдарсан байна. Энэтхэг улсыг 25-хан настай залуу хосууд зориод 30 насандаа эргэж ирэхэд нь Монгол Улс аль хэдийнэ зах зээлд шилжиж, иргэд ганзагын наймаанд мордсон байсан учраас Ё.Отгонбаяр гэдэг айлынхан ч бизнест хөл тавьсан гэнэ лээ. Ийнхүү 20 жил бизнес хийж байгаад 2008 онд Ё.Отгонбаяр сайдаар томилогдож байжээ. Түүнээс гадна иргэн О.Эрдэнэсолонго нь "Sky" их дэлгүүрийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэнэ. Гэтэл ийм их мөнгийг дансаар дамжуулсан нь мөнгө угаасан гэх хардлагын үндэслэл болсон бололтой.
Өдгөө Ё.Отгонбаяр сайдын гэргий О.Эрдэнэсолонго 461 дүгээр ангид хоригдоод байна. Нөхрийг нь хөдөө явсан хойгуур уг хэрэг болсон учраас Ё.Отгонбаяр одоо л юу болсныг ойлгох гэж хичээж байгаа бололтой.
О.Эрдэнэсолонго нь 2009-2013 оны хооронд "Зоос", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк” –н дахь дансандаа 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан нь хуулийнхны анхаарлыг татаад байгаа аж. Улмаар их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэсэн үндэслэлүүдээр буруутгагдаж байна.
Энэ нь МИАТ болон Татварын Ерөнхий газрын удирдлагуудын араас илэрсэн мөнгө угаасан гэх томоохон гэмт хэргүүдийн нэг болж байна. Мөн тус хэрэгт холбогдох нэр бүхий этгээдүүдийг цагдан хорих, хөрөнгийг нь битүүмжлэх, үзлэг шалгалтыг хийгээд эхэлсэн бөгөөд интерпол, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь  тогтоогдвол  түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын Ерөнхий прокурорт хүсэлт тавьж улмаар Улсын Ерөнхий прокурор хуульд заасны дагуу УИХ-д эл асуудлыг тавих аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025