УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч асан С.Ганбаатарыг АТГ-т шалгаж эхэлсэн байна. Түүнийг үйлдвэрчний эвлэлийн хэсэг нөхдүүд нь шалгуулахаар тодорхой үндэслэл тавин, АТГ-т холбогдох баримт материал барин очжээ. Л.Цогбадрах гэгчийг С.Ганбаатарын даалгавраар хууль бус ажиллагаа зохион байгуулж, өмч захиран зарцуулах эрх бүхий Ерөнхий зөвлөлийн хуралдаанд бүтээн байгуулалтын төсөл оруулж батлуулдаг байсан гэж зарим нөхөд нь үзсэн бололтой. Тухайлбал, баруун дөрвөн замд байрлах МҮЭ-ийн Соёлын төв ордны залгаа хэсэгт “Үйлдвэрчний салбаруудын ордон” байгуулна гэсэн шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн гишүүдээр батлуулж, дараа нь шийдвэрийг хэрэгжүүлэх нэрээр тогтоолыг өөрчлөн, газрыг нь бусдад шилжүүлэх, зориулалтыг нь өөрчлөх зэргээр будлиантуулсан. Түүнчлэн “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” гэх үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж хамтрагчид нь үзжээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, МҮЭХ-ны ээлжит бус XXI хурал өчигдөр болж, тус эвлэлийг удирдаж байсан С.Ганбаатар чөлөөлөгдөж, өмнө нь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар МҮЭХ-ны шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Сэтгэгдэл байхгүй байна