Монголд эмэгтэй бөхийн холбоо гэгч байгуулагдаад хоёр сарын нүүрийг үзчихэж. Бараг хүн бүр энэ холбоог мэдэж өөр өөрийнхөөрөө хэлж, ярьж байна. Байгуулагдсан цагаасаа л олны хэл аманд өртөж ширүүхэн шүүмжүүлж байсан ч татан буугдах нь битгий хэл бүр хүчээ авч анхныхаа тэмцээнийг зохион байгуулахаар намар цагийг хүлээж буй сурагтай. Угтаа бол эрийн гурван наадмын нэг болж, эр хүний цаашлаад улс эх орны цог золбоо, хийморь юуг илтгэдэг үндэсний бөхөө эмэгтэйчүүдтэйгээ хольж хутгах нь хаана хаанаа зохисгүй баймаар. Монгол бөхийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдээс эхлээд өдгөө зүлэг ногоон дэвжээнээ ид бяраа гайхуулан буй зарим спортын алдартнууд ч дургүйцсан байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл зарим нэг хүнд энэ явдал таалагдаж, ичих нүүр, эмээх сэтгэлээ умартан хоёр гараа хөлтэйгээ хамт өргөөд ч болов дэмжихэд бэлэн байгаа гэнэ.
Нэгэн цагт зүлэг ногоон дэвжээг донсолгож, Монголын ард түмний хийморь лундааг тэгшитгэж, тэднийхээ хайр хүндэтгэлийн орон зайд бат тухлаад байсан даян аварга А.Сүхбат дэндүү ихээр дэмжиж, талархаж байгаа юм байх.
Тэрээр эмэгтэй бөхийн холбоог санаачлагч, зохиолч М.Тогмидод тус холбоог байгуулахыг дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлсэн байна. Гэхдээ хувь хүний үзэл бодлыг хазаарлах эрх бидэнд байхгүй ч даян аваргын тухайд агуу их өв соёл, Монгол бөхийн ёс жудгийг гадарладаг хүний хувьд энэхүү үйлдэл үнэндээ ичгэвтэр. Энэ талаар эцэг өвгөд минь сургаж, захисан зүйл хүртэл байдаг. Бүр “Хэлтгий заяа” хэмээх МУСК-нд энэ явдлыг тод томруунаар харуулсныг санах хүн олон биз. Бид Монгол бөхөө геннист бүртгүүлж дэлхийд гайхуулсан. Энэ бол эрчүүдийн сүлд хийморийг илэрхийлсэн спорт. Эмэгтэй хүн барилдаж, ноцолдох нь битгий БӨХ хүний тэргүүнд, малгай, өмсгөлд хүртэл хүрэхийг цээрлэдэг учиртай. Монгол эрсийн минь, Монгол бөхийн минь босоо цагаан хийморь үргэлж өөдөө байг даян аварга аа.
Сэтгэгдэл байхгүй байна