“Дархан хэл”-ийн эзэн

Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” олон улсын яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Л.Ганзул түрүүлжээ.

Тус наадамд уран бүтээлээ ирүүлсэн найрагчдын бүтээлийг дугаарлаж шалгаруулсан бөгөөд тус наадмын хоёрдугаар байрыг мөн МЗЭ-ийн гишүүн яруу найрагч В.Нэргүй хүртсэн бол наадмын бусад байруудад Хятадын яруу найрагчид шалгарчээ. “Дархан хэл” яруу найргийн наадмын шагналыг ирэх сарын 2-нд гардуулах ажээ.

“Дархан хэл” яруу найргийн наадамд яруу найрагч Л.Ганзул доорх шүлгээр тэргүүн байр эзэлсэн байна.


















Эгшиглэнт эх орон
Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх
Их тунгалаг орон минь
Мөрөнгийн усанд навчис хөвсөөр хавар тийш одох
Аяс гүн хөндүүрлэл минь
Загасны нүд соёмбоноос ширтэх нь
Таныг хайрлахын учир шалтгаан гэнэ
Завилж суугаад нарыг дуулах нь
Таныг бахдахын өндөр түрлэг гэнэ...
Ай яруухан...

Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий... гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг хацрын туяанд хармаар
Эх орон минь..

Манхан даваад хөтөлсөн жингийн цувааны мөр бол
Манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм
Манхан даваад орж ирсэн тэмээн жингийн мөр бол
Манай тоолол руу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлийнх юм
Араг дотор суугаад л унтаж ирсэн хүү бол
Амбагай хааны хүсэл, Тулуйн хатны зүүд юм
Атан тэмээний явдал дунд зөөлөн аялсан дуу бол
Алтан дэлхий нарыг аргадаж мандуулдаг тарни юм...

Ийм хөх дууг зүүдэндээ сонссон хүү
Тэнгэрийн алтан нар шиг мандаж явдаг хувьтай
Ийм эх орныг онож төрсөн хүн л
Тийм надин дуугаар сэтгэлээ чимэх тавилантай
Ай яруухан...

Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг хацрын туяанд хармаар
Эх орон минь...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025