Обамагийн тангараг өргөх ёслол буюу агуу үндэстэн байх өөр соёл

Үргэлжлэл, түрүүч нь: http://www.grandnews.mn/content/45404.shtml
Обамагийн тангараг өргөх ёслол буюу агуу үндэстэн байх өөр соёл
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэмжлэгтэйгээр сэтгүүлчид эрх чөлөөний орон АНУ-д хэлний мэдлэг болоод мэргэжлээ дээшлүүлэх боломжоор хангагдаж, эхний ээлжинд бидний 14 сэтгүүлч Вашингтонд сарын хугацаатай оюутны амьдралаар амьдарч, хэл сурч, чихээ онгойлогоод өнгөрсөн 2-р сарын дундуур эх орондоо эргэж ирсэн билээ. Хоёрдугаар ээлжийнхэн өдийд суралцаж буй.

Бидний 14 сэтгүүлч тэнд суралцаж байхдаа АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолд өөрийн биеэр оролцож, их гүрний сүр хүч ихт нэгэн үйл явдлын гэрч болсон. Дэлхийн нийслэл Америкийн нийслэл Вашингтоны метро гэгээн цагаан өдрөөр зогсож, эл ёслолд зориулж хагас сар Цагаан ордны гадаа тайз, суудал засаж, 54 штатаас нь буюу их гүрний өнцөг булан бүрээс хар, шар, цагаан арьстнууд нь улсынхаа баяр наадамд оролцох гэж буй мэт хөөрөн догдлон цуглаж, гудамж талбай хаа сайгүй Обама, Мишель хоёрын зураг дүрс бүхий сувенир, футволк, цамц, аяга, түлхүүрийн оосор гээд есөн шидийн юм зарж..ер юм юм болж байнаа. Капитол буюу Цагаан ордон тэргүүтэн төрийн байгууллагууд төвлөрөх төв талбай тийш зүглэх олны хөл энэ өдөр эгээтэй манайхан соёолонгийн тоосонд “орох” гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахуу бөглөрөл үүсгэн байсан юм. Цаг агаар жихүүндүү байхыг тооцоолсон зарим нь давхарлаж өмсөх дулаан хувцас, хөнжил сэлт хүртэл барьсан харагдана. Дөрвөн жилд нэг удаа америкчууд ийн хөл хөөрцөг болон баярлахдаа зөвхөн ерөнхийлөгчийнхөө тангарагийн үг, төв талбайгаар жагсах сүр ихт парад, ерөнхийлөгчийн гэргийгээ бүжгэнд урих тэр л үйл явцыг өөрийн нүдээр үзэх гэж хичээдэгийнх. Тэд Америк орноороо, ерөнхийлөгч Барак Обамагаараа, түүний гэр бүлээр чин сэтгэлээсээ бахархаж, хэлэх үг бүрийг нь чих тавин, зүрх даран чагнах юм. Сонин юм шүү. Манай улс ерөнхийлөгчөө сонгодог уу гэвэл сонгодог, тангараг өргөдөг үү гэвэл өргөдөг. Гэхдээ хэзээ ч ийм улс орныг тэр бүү хэл дэлхийн нийтийг доргиосон үйл явдал болдоггүй. Бас төрийн тэргүүнээрээ бахархаж, биширч байсан удаа тун цөөн болов уу. Тэр бүү хэл өөрсдөө сонгочихоод, тэрхүү сонголтоо зүхэж, буруушах нь энүүхэнд байдаг шүү дээ. Гэтэл америкчууд нэгэнт хийсэн сонголтондоо хайр, итгэл үнэмшлээ бүрнээ өгч, хүндэтгэж чаддаг улс аж. Чухам үүнд америк, монгол соёлын ялгаа байдаг байж ч болох юм.

Ерөөс ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол гэдэг улс үндэстний хэмжээний баяр ёслолтой болох хэрэгтэй юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Төрөө, сонголтоо, ерөнхийлөгчөө дээдлэх үзэл улам лавшрах ч юм билү. Ерөөс бид идеалгүй, эрхэмлэх зүйлгүй болчихсон ард түмэн юм уу даа. Үүнд ард түмний ч, төрийн алба хаагчдын ч буруу байдаг биз. Гэхдээ л ийм ёслолтой болчихвол ядахдаа л ард түмнийхээ өмнө амлалт өгч, тангараг өргөсөн ерөнхийлөгч гуай түүнээсээ эргэж урвахаасаа ичиж эмээх сэтгэлтэй ажиллах болов уу. Муу хүнийг хүртэл чи сайн гээд байвал муу үйл хийх нь багасдаг гэдэг шүү дээ.                  


Анхны тангараг өргөх ёслолд Мишель Обама зааны ясан цагаан өнгийн даашинзаар гоёж стиль имижээ тодорхойлсон бөгөөд өнгөрсөн 4 жилд түүний дэндүү мэдрэмжтэй, алдаагүй фэшн-сонголтууд олныг байлдан дагуулсаар ирсэн билээ.

Тэргүүн хатагтайн хувцас гоёл хамгаас чухал!!

Тангараг өргөх ёслолын ажиллагааны сургаар Америкийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ерөнхийлөгчөөр “амьсгалж” байсны дотор бүгд шахуу тэргүүн хатагтайн даашинз, өмсгөл сэлтэд анхаарал хандуулж, ач холбогдол өгөх нь анзаарагдах юм. CNN, NBC зэрэг телевизээр Мишель Обама ямар даашинз өмсөх талаар хэлэлцүүлэг ч өрнөж байх жишээтэй.

“Тэр Жаклин Кеннеди шиг хээнцэр ганган байж чадах болов уу” хэмээн нэгэн телевизийн нэвтрүүлэгч гайхаж бай­гаагаа эфирээрээ яриж сууна. Америкчуудын хувьд Жон Кеннедигийн гэргий Жаклин хамгийн үзэсгэлэнтэй тэр­гүүн хатагтайд тооцогддог билээ. Бараг л үе үеийн ерөнхийлөгчдийн тангараг өргөх ёслолын хамгийн анхаарал татахуйц сонирхолтой сэдэв бол тэргүүн хатагтайн даашинз байдаг, түүнийг л харах гэж америкчууд энэ өдөр тэгтлээ догдлон хүлээдэг гэх утгатай юм ярих. Энэ ч үнэний ортой байх. Вашингтоны төв талбайд орших Үндэсний Түүхийн Музейд нь биднийг зочлоход хамгийн сэтгэл татам хэсэг нь үе үеийн тэргүүн хатагтай нарын тангараг өргөх ёслол болон ерөнхийлөгчтэй хийх бүжгэндээ өмссөн даашинз, гоёлын хэсэг байсан. 1912 онд тухайн үеийн тэргүүн хатагтай Элен Тафт өмссөн даашинзаа энэхүү музйед өгснөөр тангараг өргөх ёслол дээр өмссөн даашинз, туфль, цүнх сэлтээ музейд ориг эхээр нь хүлээлгэж өгдөг уламжлал тогтжээ. Тэргүүн хатагтай нарын хөрөг зураг, товч намтар, даашинзын хамт шилэн хоргонд байрлуулсан нь энэ улсын түүх соёлыг илтгээд барахгүй түүгээр бахархах сэтгэгдэл төрүүлэхээр юм. Ийм замаар хүртэл улс орны идеал, бахархал, соёлыг бусдад, жирийн иргэддээ, дэлхий нийтэд бий болгож, тунхагладаг юм уу даа. Тэргүүн хатагтай нарын хамгийн гоёмсог даашинз эрдэнийн чулуун эсвэл очир эрдэнийн зүүлттэйгээ хүртэл энд шилэн хоргоны цаана гэрэл гялбуулан байх нь ямархан хэмжээний ач холбогдол өгдөг нь харагдана.

Анхны тангараг өргөх ёслолд Мишель Обама зааны ясан цагаан өнгийн даашинзаар гоёж стиль имижээ тодорхойлсон бөгөөд өнгөрсөн 4 жилд түүний дэндүү мэдрэмжтэй, алдаагүй фэшн-сонголтууд олныг байлдан дагуулсаар ирсэн билээ.

Анхны хар арьст тэргүүн хатагтай Мишель Обама 4 жилийн өмнөх анхны тангараг өргөх ёслолд өдгөө оддын хувцас урлаад завгүй болсон хятад гаралтай загвар зохион бүтээгч Жэйсон Вугийн зохион бүтээсэн зааны ясан өнгийн өрөөсөн мөртэй даашинз, цагаан өнгийн туфль, цагаан алтан дээр очир эрдэнэ шигтгэсэн зүүсгэл гоёлоор дэгжирхэж байсан нь музейн голын шилэн хоргонд хэн хүний анхаарал татан байна. Тэгвэл 2 дахь ёслолдоо тэрээр мөн л Жэйсон Вуг эрхэмлэлээ. Ер нь тэргүүн хатагтай нэр алдар нь олонд түгээгүй, чадварлаг дизайнеруудыг дэмжиж, олонд таниулж ирснээрээ алдартай. Жэйсон Ву гэхэд Америк-Ази гаралтай загвар зохион бүтээгч бөгөөд хэний ч мэддэггүй байсан энэ дизайнер 4 жилийн өмнөх тангараг өргөх ёслолоор ур чадвараа тэргүүн хатагтайгаар дамжуулан илэрхийлж, тэр цагаас хойш хамгийн эрэлттэй дизайнер болж, бизнес нь өргөжсөн түүхтэй. Энэ удаад Жэйсон Ву бадмаараг улаан өнгийн шифон болон хамба хилэн хослуулсан газар шүргэм даашинзаар Мишель Обамаг гоёв. Jimmy Choo туфль, Kimberley McDonald-ын алтан бэлзэг зүүсэн тэргүүн хатагтай уламжлал ёсоороо олныг уулга алдуулсаар Америкийн төрийн далбаа урласан талбайд төрийн тэргүүн нөхөртэйгээ бүжиглэсэн юм.


Обамагийн гэр бүл: Охин Саша, Малиа, тэргүүн хатагтай Мишель Обама, хадам ээж Мариан Робинзон нар. 2013.01.21

Ёслолын ажиллагаанд дуучин Бионси нөхрийн хамт хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн нь оргил хэсгүүдийн нэг байсан бөгөөд дуучин бүсгүй Обамагийн сонгуулийн кампанит ажлыг дэмжиж, их хэмжээний хандив өргөсөн юм. Мөн дуучин Кэлли Кларксон, Жэймс Тэйлор нар ч ирсэн.

Ээж, ерөнхийлөгч 2 адилхан уу?

Ийн АНУ-ын ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдсон Барак Обама “Би чадлаа” гэсээр тангарагаа өргөсөн. Ирэх 4 жил түүний жинхэнэ хийж бүтээх он цаг байх болно гэж америкчууд итгэл дүүрэн байгаа. Учир нь нэг хүн 2 удаа л улиран сонгогдож болно гэсэн хууль энд бас үйлчилдэг. Магадгүй өнгөрсөн 4 жил тэрээр олонд таалагдах гэж, бусдаас хамааралтай ерөнхийлөгчийн ажлаа хийсэн бол одоо дахин сонгуульд өрсөлдөх шаансгүй учир жинхэнэ хийж бүтээнэ гэж байгаа. Анхны хар арьст энэ ерөнхийлөгчдөө америкчууд ер нь л ам сайтай байх юм. Нэгэн цагт өнгөт арьст хүн төр жолоодох нь бүү хэл энгийн сайхан амьдрахад ч хэцүү бэрх байсан тэр цаг үе улирч, дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг хар арьст эр удирдаж байгаагаас цэнхэр гаригийн хүн төрөлхтний оюун санаа хэр их даяаршиж, тэлж байгааг харж болохоор юм шиг. Бидэнд лекц уншсан Америкийн нэгэн эрдэмтэн хатагтай “Би Обамагийн төлөө саналаа өгсөн. Учир нь өнөөдөр хар арьст хүн ерөнхийлөгч болж байгаа нь маргааш эмэгтэй хүн ерөнхийлөгч болохын эхний алхам юм” хэмээн үзэл бодлоо, сонголтоо хуваалцсан.

Тангараг өргөх ёслолын үеэр англи хэлний багш, докторын зэрэгтэй Донлан багшаасаа “Танд Барак Обама таалагддаг уу?” гэж асуулаа. Өөрийгөө доктор Ди гэж дуудуулах дуртай багш маань ямар хариулт өгсөн гээч. “Наадах чинь та ээждээ хайртай юу?” гэж асуухтай адил утгатай асуулт байна. Манай америкчууд, ялангуяа Вашингтоныхон, ялангуяа боловсролын байгууллагад ажиллаж байгаа бид шиг хүмүүс ийм асуултанд үгүй гэж хариулах ч эрхгүй. Ерөнхийлөгч маань бидэнд таалагддаг. Тиймээс ч бид сонгосон” хэмээх хариулт өгөв. Ээжийгээ хайрлах нь ерөнхийлөгчөө хайрлахтай адилхан гэв үү? Сониуч зандаа хөтлөгдөн хар арьст Ларри багшаас лавлан, “Та нар ерөнхийлөгчдөө дургүй гэж хэлэх эрхгүй байдаг юм уу?” гэхэд гайхаж, “Доктор Ди яагаад тэгсэн юм бол, тэгэх шаардлагагүй. Магадгүй хар арьст болохоор тэгсэн юм болов уу. Надад жишээ нь Обама таалагддаг. Тэр үнэхээр сайн ерөнхийлөгч” гэсэн хариулт өглөө. Тийм ч биз, үгүй ч биз.

Америкт алдагдсан динозавруудын мөрөөр

Америкт нэг сар саатахдаа бид хэл­ний хичээлүүдээс гадна мэр­гэж­лийн дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хэв­лэл мэдээл­лийн газ­руу­дын үйл ажиллагаа­тай танил­цаж, турш­лага солил­цохоос гадна нэр хүндтэй томоо­хон про­фес­сор, улс төр судлаач, дипло­мат­ч, сэтгүүлч­дийн лек­цийг сон­сох бас нэгэн сонирхолтой хөтөлбөртэй байсан. Тэдэн дундаас албан бусаар буюу Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ё.Батбаярын зуучилснаар палеонтологич М.Болорцэцэгтэй уулзаж, үлэг гүрвэл хэмээх өнө эртний амьтадтай танилцах завшаан тохиосон юм. Өнгөрсөн жил сүр дуулиантайгаар эх нутагтаа “ачигдаж” ирсэн Батаарыг олж илрүүлсэн гавьяатай энэ палеонтологич бүсгүй ШУТИС, Америкт Монтанагийн их сургууль дүүргэсэн манайдаа гарын таван хуруунд багтах мэргэжлийн цөөн палеонтологичдын нэг. Америкийн Байгалийн Түүхийн музейд докторын ажил хийсэн тэрээр нэг хэсэг Нью-Йоркийн Байгалийн Түүхийн Музейд ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголынхоо үлэг гүрвэлүүдийг судалж илрүүлэх, хадгалж хамгаалах зорилготой Монголын Динозавр Судлалын Хүрээлэн хэмээх ТББ-ыг толгойлон ажиллаж байгаа аж. Тэрээр биднийг Нью-Йорк руу нэг өдрийн экспресс аялал хийсэн өдөр хүлээн авч, Нью-Йоркийн Байгалийн Түүхийн Музейн арын өрөөнд “арын хаалгаар”оруулж, хэдэн сая жилийн өмнө Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан үлэг гүрвэлүүдтэйгээ “уулзах” боломж олгосон билээ. Наян сая жилийн тэртээ буюу цэрдийн галавт Монгол орон үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг байсан бөгөөд ная гаруй динозавр амьдарч байсан хэмээх судалгаа байдаг аж. Өдгөө динозаврын хамгийн их олдвор Хятадаас олддог бөгөөд хоёрт манай улс жагсдаг байна. Урд хөрш угийн айхтар зангаараа Эрээнд үлэг гүрвэлийн музей байгуулах ажилдаа ханцуй шамалчихсан байгааг бид мэднэ. Голцуу Өвөрмонголын нутгаас олдох үлэг гүрвэлүүдийг Хятадынх гэж дэлхий нийтэд мэдэгдэхээ ч тэд юунд мартахав.

Монголын тухайд үлэг гүрвэлийн олон сая жилийн түүх, олдвортой боловч өөрийнх болгож, үр шимийг нь хүртэж байгаа нь үгүй гэнэ. Ихэвчлэн судалгааны хэмээх халхавчаар гадагшаа гарсан бөгөөд Баатар шиг хууль бусаар хувь хүмүүсийн гар дээрээс зарагдаж байгаа нь ч их гэнэ. Уг нь палеонтологичид манай ШУА-тай гэрээ байгуулж, хайлт хийдэг бөгөөд хэрэв олдвор олдвол судалж байгаад тодорхой хугацааны дараа буцааж өгнө гэдэг боловч яг буцааж өгсөн нь ховор. Өнгөрсөн онд АНУ-д аукцион худалдаагаар орж, 850 ам.доллараас анхны үнэ нь эхэлж байсан Тарбозавр Баатарын тухайд М.Болорцэцэг хатагтай мэргэжлийн палеонтологич тулдаа олж мэдэн, яаралтай арга хэмжээ авсны үр дүнд эх орондоо буцаж ирсэн болохоос ийм замаар хичнээн үлэг гүрвэл харьд бусдын ашиг олох хэрэгсэл болж буйг хэлэх аргагүй гэнэ лээ. Тэрээр санамсаргүй зурагтаар орон нутгийн мэдээж үзэж суухдаа Баатарыг олж мэдэж. Монголоос олддог динозавруудын ясны өнгө цагаан байдгаас сэжиг авч, уйгагүй хөөцөлдсөний үндсэн дээр алдарт Баатар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын эрхэм гишүүн, сайд Ц.Оюунгэрэл нарын тусламжтайгаар ирсэн билээ. Энэ бол хувь хүмүүсийн гар дамжин хууль бусаар Монголын хилээс гарч одсон олон арван динозавруудын нэг жишээ. Гэтэл Монголынх гэдэг нь ил цагаан, судлагааны зорилгоор хил гарчихсан олон зуун үлэг гүрвэлүүд Нью-Йоркийн Байгалийн Түүхийн Музейгээс авахуулаад байдаг байна. 1930-аад оны үед Монголд судалгаа хийсэн анхны Америкийн палеонтологийн баг Эндрьюсын баг хэмээн алдаршсан бөгөөд тэдний олсон динозавруудад үндэслэж Америкийн Байгалийн Түүхийн Музей үүд хаалгаа нээж, хөл дээрээ зогссон тухай М.Болорцэцэг хатагтай бидэнтэй хуваалцсан. Тус музейг өдгөө жилд 5 сая хүн үздэг гээд бодохоор ямархан хэмжээний эдийн засгийн бодит ашиг олдог нь харагдана. Бараг палеонтологийн олдворгүй шахуу Япон улс гэхэд мөн л Монголын газар нутгаас олдсон олдворуудад үндэслэн Байгалийн түүхийн музейгээ нээсэн гэдэг. Чухам ийм учраас бид динозавраа эргэж харан, музйе байгуулж, мэргэжилтнийг нь бэлтгэж, өөрийн юмаа эргүүлж авах цаг болсныг М.Болорцэцэг ахин дахин онцолж байсан. Үүний цаана бидэнд тулгарч буй 2 том асуудал бий. Нэгдүгээрт, музей байхгүй, хоёрдугаарт, палеонтологич байхгүй. Энэ 2 асуудлыг шийдчихвэл бид үндсэндээ гэрээ хэлцлээ эргэн харж, харьд буй үлэг гүрвэлүүдээ буцааж аван, үүгээр аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн бодит ашиг олохоос гадна Монгол хэмээх нэрийг дэлхийд Чингисийн байлдан дагууллаас өөрөөр сурталчлах, таниулах нэгэн гарц нээгдэж байгаа юм.

Палеонтологич М.Болорцэцэгийн тухайд Америкт боловсорсон анхны монгол палеонтологич. Олон жил зарцуулдаг, хүнд хэцүү мэргэжил учраас тэр бүр залуус энэ мэргэжлийг сонгодоггүй байна. М.Болорцэцэг хатагтайн тухайд аав Минжин нь манай цөөн палеонтологичдын нэг бөгөөд шүр судлаач аж. Чухам аавынхаа нөлөөгөөр энэ хүнд хэцүү мэргэжлийн эзэмшиж, өнөөдрийг хүртэл үл шантран зүрх сэтгэл, хөдөлмөр чадвараа зориулж, эцэст нь Баатарыг олж илрүүлэн, өдгөө Монголынхоо динозавруудыг эргүүлж авахын төлөө ТББ байгуулж, үүний төлөө сэтгэл чилээж, ганц дайчин ганцаардахгүйн үлгэр үзүүлж яваад нь халуун талархал илэрхийлэх нь зүй ёсных гэж бодож байна. Түүний санаачлан байгуулсан Монголын Динозавр Судлалын Хүрээлэн ТББ нь Улаанбаатарт үлэг гүрвэлийн музей байгуулах төсөл эхлүүлж, зураг төслийг нь бэлэн болгож, түүнчлэн үлэг гүрвэлийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг ард иргэдэд өгч, мэдээлэл мэдлэгтэй болгох, мөн тодорхой оюутан залуусыг Америк зэрэг гадны улсуудад сургах, ажиллуулах зэрэг олон ажлыг хийсэн байх юм. Түүнд улам их амжилт хүсье.


Америк дахь монголчууд

Хятад хүний малгайн дээр нар жаргадаггүй гэдэг. Тэгвэл өдгөө монгол хүн ч хятадуудаас дутахааргүй болоо юу гэмээр. Америкт суурьшсан олон монголчуудын дийлэнх хувь нь нийслэл Вашингтонд амьдардаг аж. Вашингтонтой Потомок голын гүүрээр хиллэдэг Виржиния мужийн нутаг дэвсгэр нарлаг Арлингтонд ялангуяа монгол таун гэж болохоор олон айл төвлөрч амьдардагийг элэг нэгтүүд маань хуваалцсан. Тэнд харлаад 10 жил болчихсон,  хараар амьдарч буй харийнханд хэзээ Америкийн төр өршөөл үзүүлэхийг хоног тоолон хүлээж буй хүмүүс ч олон байдаг гэнэ. Хэдий харласан ч гэлээ тэнд хувийн бизнес, эдлэн газар, хөрөнгө мөнгө их хуримтлуулсан жинхэнэ нууцлаг баячууд ч байдаг байна. Лав л чулууны үйлдвэртэй, хөл гараа олчихсон Ганбат хэмээх Харли Дэвидсоны улаан фен, хөгжим урлагт дуртай ах хүүтэй танилцсан. Түүний хамт “Америк дахь монголчууд” номын зохиогч Г.Галбадрах, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн ажлын албанд багтдаг, түүний сонгуулийн энимэйшн сурталчилгааг гардан хийсэн Ганболд, манай өмнөх дугаарт ярилцлага нь орсон агуу их Н.Цүлтэм гуайн охин урлаг судлаач, доктор Ц.Уранчимэг,  АНУ-ын Төрийн департаментад монгол хэл заахын сацуу АНУ-ын Конгрессын номын санд ажилладаг Саруул-Эрдэнэ гээд олон монголчуудтай нүүр тулан уулзаж, санаа бодлоо хуваалцах завшаан тохиосон. Орчин цагийн Ри багш гэчихэд нэг их хилсдэхгүй Саруул-Эрдэнэ докторыг онцлохгүй өнгөрөх аргагүй. УБИС-д хэлбичгийн багшаар ажиллаж байсан түүнийг хүрээнийхэн нь болоод дүрслэх урлаг, утга зохиолынхон андахгүй. Төрөхөөсөө их бичгийн хүний суудалд хуваарилагдсан гэмээр дан ном эрдмийн ажил хийж ирсэн тэрээр язгуур монгол хэлээ язгуур байдлаар нь цэвэр ариун хөгжүүлэхэд ёстой Матрасовын цээж гарган тэмцэж ирсэн.

    Тэртээ холын Америкаас хүртэл нийтлэл бичлэг, онлайн ертөнц хоёрын тусламжтайгаар тэмцсээр буй нь хайрлууштай. АНУ-д суурьшаад 7 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд мэргэжил нэгт гэргий Нарантуяагийн хамт АНУ-ын Төрийн департментынханд монгол хэл заахын хажуугаар эх соёл, эх хэлээсээ ангид харь орчинд төрж өсөн монголоо мартсан монгол хүүхдүүдэд монгол хэл заадаг. Ер нь Америкт амьдарч буй монголчууд 3 дахь үеэ төрүүлээд буй. Эхний үе нь маш хүнд бэрх замыг туулж, анхны шанг татагсад бол 2 дахь үе нь тэдний бий болгосон хөрсөн дээр буусан харьцангуй азтай үеийнхэн гэж байгаа. Харин сүүлд гарч ирсэн үе буюу 3 дахь generation хамгийн харамсалтай, өрөвдмөөр үе хэмээн тэд тодорхойлно лээ. Юу гэвэл тэд америкжсан монголчууд буюу тэнд төрж өссөн, эх хэл соёлоо огт мэдэхгүй харанхуй улс өдгөө эрийн цээнд хүрч, эхнээсээ амьдралд хөл тавьж эхэлцгээсэн аж. Чухам тэдэнд эх сайхан монгол хэл соёлыг нь заах буянтай ажлыг Саруул-Эрдэнэ доктор хийж байна. Орчин цагийн Ри багш тун өвөрмөц нэртэй 4 хүүхэдтэй. Том хүүг нь Билгийн-Илд, удаахийг Билгийндалай, бага хүүг нь Билгийнгэгээ, амин хайртай ганц охиныг нь Өд гэх. Арлингтонд 3 өрөө байранд бужигнан амьдрах энэ өнөр бүл зочломтгой, сайхан ааштай гэргий Нарантуяа, бичгийн соёл, утга зохиол, урлагт амин хайртай гэрийн эзэн Саруул-Эрдэнэ нарын гэгээ гэлтэй тун ч аз жаргалтай амьдарч байна. Дийлэнх монголчууд ингэж амьдардаг бол сайхан аа гэх бодол төрсөн. 

Энэ мэтээр бичээд байвал Америкт амьдарч, суралцсан нэг сарын аяны тэмдэглэл дуусашгүй урт үргэлжилнэ. Аян замд дөрөө нийлсэн үзэг нэгт бусад нөхөд маань ч иймэрхүү тэмдэглэл ихийг бичсэн учраас өөрт сэтгэгдэл төрүүлсэн, санаа, ухаарал авчихаар зүйлсээ онцлон та бүхэнтэйгээ хуваалцлаа.

М.УРАНЧИМЭГ 

  

 

         

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025