Хайр дурлалын улирал гадаа налайж ханш нээсэн энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн нэгэн өнгө төрхийг тунхаглаад буй “Гранд” сэтгүүлийн 34 дэх дугаар уншигчдын гарт хүрчээ. Өнөөдрөөс эхлэн худалдаанд гарсан тус дугаарт олон олон сонирхолтой мэдээ мэдээлэл фото зургийн хамт өгүүлэх сурвалжлага зэрэг багтсан байна. Тухайлбал, танил тал хийгээд бэл бэнчингүй нэгэнд хотын А зэрэглэлд байтугай захад ч хашаа хатгах газар олдохгүй байгаа энэ үед А зэрэглэл болоод дархан цаазат бүсэд барилга сүндэрлүүлж буй эрхтэн дархтаны зарим барилгыг фото зургийн хамт танилцуулахаар бэлтгэжээ. Түүнчлэн ардчилсан гэх тодотголтой, Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газар бүх яамдын дарга, цэргийг үүрэгт ажлаас нь буулгаж, халаа сэлгээ хийж буй энэхүү дайралтын хоморгонд өртсөн халаа сэлгээний эздийг энэ дугаараасаа эхлэн цувралаар танилцуулахаар шийдсэн гэнэ.
Үргэлж анхдагч байж, сонирхолтой мэдээ мэдээллийг фото зураг баримтаар өгүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй “Гранд” сэтгүүлийн хамт олон “Гранд дуран” буландаа олны танил эрхмүүд урь унаж, ус гэссэн энэ үед хэрхэн амарч, ажлын алжаалаа тайлж буйг харуулсан бөгөөд элчин сайд асан Ж.Чойнхорын олны нүднээс нууж өсгөсөн охины ээж Д.Майжаргал хатагтайг танилцуулсан байна. Мөн “Grand people” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд шилдгээр шалгарсан эрхмүүдийн хөрөг бичлэгийг үргэлжлүүлэн хүргэсэн бөгөөд энэ удаад УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа нарыг онцолжээ. Европжуу төрхөөрөө ялгарч загварын тайзнаа танигдсан дизайнер Катя Золын нууц нөхөр хэн бэ?, “sale” зарладаг сэргэлэн бүсгүй жүжигчин Цэнгэлийн сэтгэлт хархүү хөтлөгч, сэтгүүлч Тэнгис улс төрд хөл тавихаар шийдсэн үү гэх мэт олон сенсаацитай сонирхолтой мэдээллийг багтаасан “Гранд”-ын 34 дэх дугаар уншигч таны гарт хүрснийг баяртайгаар уламжлая.
Сэтгэгдэл байхгүй байна