Боловсролын салбарт олон жил ажилласан дадлага туршлагадаа үндэслэн “Сити” дээд
сургуулийг анх “Монголжингоо” хэмээх нэрээр байгуулж байсан Ц.Байгалмаа захирлыг олон нийт, тэр дундаа урлаг соёл болоод загварынхан андахгүй. Өнгөрсөн “Гоёл-2013” наадмын үеэр СТА хэмээх эрхэм цол тэмдгээр энгэрээ мялаасан тэрээр “Сити” дээд сургуулийнхаа алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэх 15 жилийнхээ ойг тэмдэглээд тун завгүй явна. Хэдхэн жилийн өмнө “Сэрэлт” уран сайхны киног санагдуулам “Монголжингоо” хэмээх хар цагаан дүрс бичлэг бүхий киноны зохиолыг бичин найруулж, олныг алмайруулж байсан энэ хатагтайн хувийн амьдрал харин тун сонирхолтой. Цагтаа Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын зүрх сэтгэлийг эзэмдэж, түүнээс хайрын захиа хүртэл авч явсан гэдэг. “Баяртай ч явсан гунигтай ч явсан санаанаас гардаггүй
Багын нутгийн минь унаган охин билээ л гэж
Барин тавин айлтгах зүрхнийхээ үгийг бичлээ
Байгалмаа мэнд амар байна уу” хэмээн эхлэх алдарт найрагчийн бичсэн хайрын захианы эзэн Ц.Байгалмаа хатагтайн гэр бүлийн хүнийг ч танихгүй хүн ховор. Монголын томоохон хуульчдын нэг экс гишүүн Д.Дэмбэрэлцэрэн хэмээх эрхэм 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар бүрэн эрхээсээ татгалзаж байсан удаатай. Тухайн үед ид сенсааци тарьж байсан алдарт “Хадгаламж зээлийн хоршоо”-ны хэрэгт нэр холбогдож явсан төрийн томчуудын нэг түүнийг хувь хүн талаасаа харин тулхтай, даруу төвшин түшээдийн нэг байсан гэх юм билээ. Ямартай ч агуу их Р.Чойномоос хайрын захиа авч, алдар суугаа мандуулсан хуульчийн гэргий түүнд хоёр хүү төрүүлж өгчээ. Том хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хуульч бөгөөд бага нь ээжийнхээ сургууль болоод бизнест тусалдаг бизнесмен залуу бий.

Харин Ц.Байгалмаа хатагтайн бэр болох аз загвар өмсөгч, жүжигчин, сэтгүүлч М.Мөнхжаргалд оногджээ.
Хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын сэтгүүлчийн ангийг дүүргэсэн авьяаслаг сэргэлэн, алаг нүдэн энэ бүсгүйд Ц.Байгалмаа захирал сургуулийнхаа ажлын голыг даатгадаг гэнэ лээ. “S&I” хамтлагийн “Намайг сэргээсэн хайр” дууны клипэнд тоглосноор олны анхааралд өртсөн цэвэрхэн бор, царайлаг бүсгүй М.Мөнхжаргал загвар өмсөгч, фото модель болон тайзнаа ид гунхаж явах үедээ олон эрчүүдийг хойноосоо гүйлгээд амжсан сайхан бүсгүй. Загварын цуутай бүсгүйчүүдийн нэгэн адил нэг хэсэг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүүгийн найз бүсгүйгээр тодорч, тун ч халуун дотно хамтдаа авахуулсан зураг нь хэвлэлээр нэг гарч байсан залуу насны задгай намтар ч түүнд бий. Тэрээр Ц.Байгалмаа захирлын бага хүү Д.Мөнх-Эрдэнэтэй гэр бүл болоод удаж буй бөгөөд хосууд хоёр ч хүүхдийн эцэг эх болжээ. “Өнөөдөр” сонин дараа нь “Боловсрол” телевизэд хөтлөгч, Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвар харуулж байгаад “City” дээд сургуулийн сургалтын албаны даргын үүрэг хүлээн таг болсон М.Мөнхжаргал саяхан болж өнгөрсөн “Камертон-2“ шоуг хөтлөж байсныг уншигчид маань анзаарсан биз ээ. 
Сэтгэгдэл (6)