МЗХ-ны ерөнхийлөгчийн хариулт

1. Залуучуудын байгууллагын тэргүүний албыг авснаас тань хойш жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хооронд байгууллагын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

-МЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг авсанаас хойш 413 хоног өнгөрч энэ хугацаанд байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр өөрчлөлтүүдийг хийсэн байна. Тодруулбал, МЗХ-ны бүтцийн хувьд 413 хоногын өмнөхтэй харьцуулбал гүйцэтгэх хороонд 12 орон тооны хүн ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар 56 орон тооны ажилтан ажиллаж байна. УИХ, НИТХ-д Залуучуудыг дэмжих лобби бүлэгтэй боллоо. Мөн салбар бүрийн залуучуудын асуудал, мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн бөгөөд 17 хороо байгуулахаар төлөвлөснөөс 8 хороо байгуулагдаж үйл ажиллагаагаа тус бүрийн чиглэлийн дагуу эхлүүллээ.

    Аймаг, орон нутаг, тусгай салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад залуучуудын чуулганыг зохион байгуулж үйл ажиллагааг эрчимжүүлснээс гадна байгууллага бүр дээр салбар зөвлөл байгуулах ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар залуучуудын зөвлөлтэй байгууллагын тоо 56 хүрсэн байна. Залуучуудын холбооны бүрэлдэхүүн өргөжихийн хэрээр залуучуудтайгаа улам ойр болж аж амьдралыг дэмжих бодлого илүү бодитой тусгагдаж шийдэл нь илүү үр дүнтэй болж байна.

    МЗХ-ны санхүүжилтийг ил тод болгох үүднээс байгууллагын улирлын санхүүгийн тайланг “Залуучуудын үнэн” сонинд нийтлэн нийтэд танилцуулдаг жишиг тогтсон, мөн залуу хүн бүрт залуучуудын ордонг нээлттэй болгох зорилгоор аливаа үйл ажиллагааг өөрийн байранд ямар нэг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн нь олон залуучуудын нэгдэл, холбоодыг төрөлх ордондоо үйл ажиллагаа явуулж залуучууд шуугисан байгууллага болох нөхцлийг бүрдүүллээ.

    МЗХ-ны бодлого, үйл ажиллагаагаа хүүхэд залуучуудын болон нийгмийн өмнө тулгамдсан асуудлууд уруу чиглүүлж эхнээсээ шийдлээ олж үр дүнд хүрч байгааг залуучууд маань бэлхнээ харж байгаа. Тухайлбал “Паркаа аваръя” хөдөлгөөн, “Авлига би авахгүй, би өгөхгүй ” аян,  “Спирт үү? Спорт уу?” аян,  хүүхэд залуучуудын тодотголтой барилга, обьектуудын үйл ажиллагааг сэргээх зэрэг ажлуудыг дурдаж болно. Энэ жилийн бүх үйл ажиллагаа “ОРОЛЦЪЁ” уриан дор явагдаж байна.

2. Залуус нам дагаж аливаа нийгэм, хүмүүнлэгийн чанартай бүтэц, байгууллагад харьяалагддаг гэсэн шүүмжлэл бий. Үнэхээр намгүйгээр залуу хүн аливаад хүрэхэд хэцүү нийгэмд бид амьдраад байна гэж үү?
-Аливаа улс төрийн намын харьяаллаар хүнийг ялгаварлан гадуурхах улмаар эрхэнд нь халдах үзэгдэл сүүлийн 20 жилийн хугацаанд бидний дунд оршсоор байна. Мэдээллийн хурд, хэмжээ нэмэгдэхийн хэрээр энэ чиглэлийн олон асуудал ил болж эмч хүн намаар ялгаварлан үүргээ биелүүлээгүй улмаас эрдэнэт хүний амь нас хохироосон, иргэдийн хурлын дарга өөрийн машинаар хүн дайрсан зэрэг хэргүүд ил болж сонсогдох болсон нь хэнд ч тогтолцоонд асуудал байгааг харуулсаар байна.  


    Хэдийгээр хүн сонгох сонгогдох эрхээ эдлэх, өөрийн үзэл бодлын дагуу улс төрийн намыг сонгож гишүүнчлэлттэй болох нь зүйн хэрэг ч үзэл бодол нь төлөвшөөгүй залуучуудыг бусдын нөлөөгөөр нам гэх их талцалд татан оруулж ажиллаж хөдөлмөрлөх, амжилт гаргах жилүүдийг нь нам ялсан он жилүүдээс хамааруулж үргэлж нам гэх, улс төр гэх эдгээр үгсээс хараат хялбар амьдралыг хайсан хэлбэрт шилжүүлж, бялдууч, зусарч, танил тал, ах дүү, даргадаа найдсан иргэн болгон төлөвшүүлэхийг бид өөгшүүлж болохгүй.

    Намын дэргэдэх “төрийн бус байгууллага” нь улс төрийн үйл ажиллагааг явуулж оюутан залуучууд, эмэгтэйчүүдийг намын үзэл бодлоор хувааж байгаа нь нийгэмд маш том хагарал үүсгэж байна. Бид НЭГ МОНГОЛ.

3. МЗХ улс төрийн хүчнээс ангид байж чаддаг уу, тийм бол юугаар нотлох вэ?
-Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, залуучуудын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг залуучуудын үндэсний төв байгууллага.


     Нийт бүтцийн болон салбар байгууллагын удирдлагын 35 орчим хувь нь Монгол ардын нам, 20 орчим хувь нь Ардчилсан нам, үлдсэн хувь нь нам бус болон бусад намын гишүүд байдаг. Аливаа нэг улс төрийн хүчний харьяанд хамааралгүй байдгийг манай дүрэм, үзэл баримтлал, дээрх тоо баримт болон бидний явуулж буй олон талт үйл ажиллагаа нотолж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

4. Та Засгийн газрын агентлаг, тэр дундаа мэдээлэл технологийн салбарт удирдах алба хашиж байсан хүн. Энэ салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр холбооны зүгээс тодорхой ажил хийх үү?
-Энэ салбар бол төрийг залуучуудад нээлттэй болгох “багаж” нь шүү дээ. Өнөөдөр залуучуудын оролцоог бодитой буюу идэвхтэй, хяналттай, хэмжигдэхүйц байлгаж чадах боломжийг бүрдүүлэгч нь мэдээлэл харилцаа холбооны технологи. Иймд залуу хүн бүрийн МХХТ боловсролыг дэмжиж өдөөх нь манай ардчиллын дархлаа бас баталгаа нь юм. Мэдээлэлтэй хүн сонголтоо өөрөө хийж хэзээ ч үзэл суртал, худал хуурмагт автдаггүй юм. Төрийг нээлттэй болгохын төлөө өөрт олдсон боломж бүрийг ашиглах болно. Залуучуудыг оролцуулахгүй байгаа асуудал бүрийн ард авлига, цөөнхийн ашиг сонирхол, хууль бус явдал байдаг нь нэгэнт ил болжээ.

5. Нийслэлд ирж боловсрол эзэмшиж байгаа залуусын олонх нь орон нутагт нь ажлын байр байхгүйн улмаас Улаанбаатарт суурьшин ажилладаг. Залуус орон нутгаа хөгжүүлэх сэтгэлтэй байгааг та анзаарсан байх. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Орон нутагт зах зээлтэйгээ уялдаж ажлын байр эдийн засгийн өсөлтийг дагаж шинээр бий болж эхэлж байна. Бид орон нутагт ажлын байр байхгүй гэхээсээ илүү залуучуудын маань хувьд тухайн орон нутагт амьдрах нөхцөл нь гологддог гэдгийг хэлэх хэрэгтэй. Орон нутаг хүн амьдрах таатай орчин орон байр, үзвэр үйлчилгээ бий болохын хэрээр бидний хэлдгээр төвлөрөл бий болно.

    Орон нутгийн залуучуудын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор “Авлигагүй орон сууц” төслийг Засгийн газартайгаа хамтран 21 аймагт санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус төслийн хүрээнд залуучуудын нөхцөл шаардлагад нийцсэн хямд, төсөр хараат бус дэд бүтэцтэй сүүлийн үеийн инженерийн шийдэл бүхий  орон сууц, хаусуудыг барих ба эхний ажлыг Эрдэнэт хотоос эхлүүлэхээр зах зээлийн судалгааг аваад байна.

    Бас нэг зүйлийг бид шийдвэрлэхгүй бол болохгүй асуудал болоод байна. Энэ бол уул уурхайд ажилж байгаа залуучуудтай холбоотой сөрөг асуудлууд юм. Энэ чиглэлээр бид тодорхой асуудлыг хөндөж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025