Францын алдарт жүжигчин Бриджит Бардот нь өөрийн шаргал үс, сайхан бие, энхрий царайгаараа кино урлагийн түүхнээ "Тачаангуй муужгай" гэсэн нэрээрээ алдаршсан нэгэн юм. Түүний бүтээсэн олон олон дүрүүд байдаг билээ.Бриджит Бардот нь 1934 оны 9 дүгээр сарын 28-нд Францын Парис хотноо мэндэлсэн.
Католик шашныг чанд мөрддөг гэр бүлээс гаралтай түүний дуулж,бүжиглэх авъяас бага байхаас нь л илэрсэн гэдэг. Тэрээр ээжийнхээ дэмжлэг туслалцаатайгаар 15 насандаа “Elle” сэтгүүлийн загвар өмсөгч болсноор амжилт,нэр алдрынхаа хаалгыг нээсэн юм. Тэрээр 1952 онд “Crazy for love” гэсэн кинонд тогложээ. Энэ кинонд тоглохын өмнө тэрээр найруулагч Рожер Вадимтай аль хэдийн нэр холбогдсон байсан бөгөөд Бриджит Бардот нь 18 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш нэг жилийн дараа буюу анхныхаа кинонд тоглосон жилдээ найруулагч Рожертэй гэрлэж, таван жилийн дараа салсан юм. Бриджит Бардот Америкийн үзэгчдийн анхаарлыг ихээр татсан Европын цөөн хэдэн эмэгтэй жүжигчдийн нэг.
Тэрээр Мерилин Монротой өрсөлдөж,”тачаангуй муужгай” хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд “Doktor at Sea”, “Helen of Troy”, “Act of Love starring Kirk Douglas” зэрэг англи хэл дээр бүтээгдсэн хэд хэдэн кинонд туслах дүрийг бүтээжээ.Үүний сацуу Франц хэл дээр тоглосон кинонууд нь орчуулагдан орон орны үзэгчдийн хүртээл болсон нь түүнд асар богино хугацаанд өндөр нэр алдрыг авчирсан юм.Хатагтай Бардот 1959 онд Жайкес Чаррейртэй гэрлэсэн ба жилийн дараа өөрийн ганц хүү болох Николас Жайкес Чаррейрыг төрүүлжээ.Энэ хугацаанд Бардот томоохон дүрүүдээ бүтээж эхэлсэн бөгөөд энэ нь түүний жүжигчнийхээ хувьд өсч дэвжих боломжийг олгосон юм.1960-аад оны сүүлээр хоёр дахь нөхөр Чаррейрээс салсан нэрт хатагтай Германы саятан Гантер Сашчтай гэрлэж,түүнтэй гурван жил амьдарчээ.

Хатагтай Бардот нь зөвхөн алдартай жүжигчин байгаад зогсохгүй загварын нүүр царай болсон гайхамшигтай мэдрэмжтэй нэгэн байв. Бриджит Бардот усны хувцас болон Америкт дуулиан тарьж байсан монокини үргэлж боловч битүү бус усны хувцас -ыг моодонд оруулсан юм. Тэрээр Мерилин Монро, Жаклин Кеннеди нарын адил тухайн жилүүдийн загварыг тодорхойлдог байсан бөгөөд тиймдээ ч Анди Вархолын бүтээлээ туурвих онгод нь болж байсан. 40 нас хүрэхийнхээ өмнөхөн буюу 1973 онд хатагтай Бриджит Бардот шоу бизнесээс гарч, амьтны эрхийг хамгаалан өмгөөлөгчөөр ажиллах болсон тухайгаа нийтэд зарласан байна. 1986 онд тэрээр өөрийн өмч хөрөнгийг зарж, ”Бриджит Бардот”-ын санг байгуулсан юм. Энэ сан нь дэлхий дахинд амьтны эрхийг хамгаалах ашгийн бус байгууллага гэдгээр үйл ажиллагаа нь нийтийн дунд танигджээ. Бриджит Бардот амьтны эрхийн асуудлаар дэлхий дахинд ялангуяа Францад өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн байжээ.








Сэтгэгдэл байхгүй байна