Нэгэн цаг үед уран бүтээл, ажил үйлс, амжилтаараа бусдаас ялгарч өөр хоорондоо өрсөлдөгч болон нэгнийгээ хурцалж ирсэн бидний цаг үед амьдарч буй урлаг, спорт, бизнес гээд салбар салбартаа манлайлагч болсон “Мөнхийн өрсөлдөгчид” олон бий. Тэдний төлөөлөл бол С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар нар. Жүдо бөхийн 66 кг-ын жинд Монголд өмнөө барих хоёрхон хүчтэн байдаг гэхэд “алдас” болохгүй биз ээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУ-ын хэмжээний мастер С.Мияарагчаа нар. Харин энэ хоёр жүдочийн эрэмбийг тодорхойлох гэвэл төвөгтэй байх нь ойлгомжтой. Дундговь аймгийн унаган хүү С.Мияарагчаагийн хувьд Монголын анхны кураш бөхийн дэлхийн аварга, жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг жүдочид оролцдог “Мастерс” тэмцээний хошой аварга болж “топ” гэдгээ харуулсан гээд л түүний амжилтын цуваа тасрахгүй. Х.Цагаанбаатар гавьяатыг харин Монголын ард түмэн сайн мэднэ. Өнгөрсөн жүдо бөхийн УАШТ-нд С.Мяарагчаатай хамт жин өгсч, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын жинд хүч үзэн хоёр шилдэг өрсөлдөгчөө буулгаж авсан. Ер нь олимп, дэлхийн аваргад оролцох 66 кг-ын тамирчинг сонгоход хүндрэлтэй байдаг талаар олон хүн хуучилж байсан. Учир нь энэ хоёр жүдоч хоёулаа тив дэлхийд нэрээ дуурсгасан хүчтэнүүд болохоор. Магадгүй Монголд биш Дэлхийн хэмжээнд энэ жингийн гол өрсөлдөгчид нь манай Цагаанаа, Мияарагчаа нар байх шүү.




Сэтгэгдэл байхгүй байна