
Дургүй хүргэсэн хэнбугайд ч жинтэйхэн шанаа өгчихдөг Улсын начин, жудо бөхийн Олон улсын хэмжээний мастер Б.Одхүү Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд ид бяраа гайхуулдаг аатай, арал чацтай бөхчүүдийн нэгэнд зүй ёсоор багтдаг байлаа. Ааг омог ихтэй начин маань сав л хийвэл бусдад бяр чадлаа үзүүлчих гээд байдаг гэмтэй. Нэг бус удаа бусадтай гар зөрүүлж, үүнээсээ болж зүлэг ногоон дэвжээн дээрээсээ цагдаа нарт баривчлагдаж явлаа хэмээн шуугиулж байсан Б.Одхүү начин барилдахын хажуугаар шаггүй сайн нохой зодоончин. Уг нэршил нь мэргэжлийн тулаан гэгддэг нохойн зодооныг анх манайд зохиогдоход тэрээр ялалт байгуулж байсан түүхтэй. Угаас хийморь юугаа даатгаж, үндэсний бөхөө дээдэлдэг Монголчууд эр хүний хийморь лундаанд харш гаж хэмээн энэ спортод ая муутай ханддагийг хэлэх үү, Б.Одхүү начинг нохой зодооны рингэнд гарч, нударга зангидсанаас хойш хэл аманд орооцолдож, хэцүү нэртэд морилж, хийморьгүй боллоо гэцгээх нь бий. Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг Япон хороололд байрлах “Garden” ресторанд танхайрч, улсын заан Ц.Баярсайхан, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарыг зодсон хэмээн хэвлэлээр нэг шуугиж байлаа. Харин энэ хэрэг хэрхэн шийдэгдсэнийг ихэд нууцалж байсан ч түүнийг Хан-Уул дүүргийн шүүхэд хаалттай шүүж 4.6 жилийн хорих ял оноогоод байгаа гэнэ лээ.


Сэтгэгдэл (1)