“Mongolian beauty-2012” наадмын тэргүүн байрын эзэн, “Шилмэл загвар” компанийн гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг Б.Дулмаа саяхан Олон улсын мэргэжлийн супер моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, Азийн топ модель өргөмжлөлийн эзэн болсон билээ. Нэгэн цагт энэхүү өргөмжлөлийг топ модель Д.Болормаа хүртэж байсан нь анхных. Отгон Азийн топ моделийн тухайд 18 настай, айлын ганц охин. 2012 онд “Радуга” дунд сургуулийг төгссөн, аав нь зураач, ээж нь хөгжимчин мэргэжилтэй урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн нэгэн. Багадаа үеийнхнээсээ нуруу туруу өндөр учраас тэмээ, анааш, тогоруу зэрэг нэр хоч зүүдэг ч түүнээсээ хэзээ ч ичиж байгаагүй харин ч бахархдаг байсан гэнэ. Монгол моделиудын шинэ үеийн давалгааг төлөөлж буй Б.Дулмаа Монголын загвар өмсөгчдийг дэлхийн загварын тайзнаа гаргахад хувь нэмрээ оруулах хүсэл мөрөөдөлтэй гэсэн шүү. Хоосон толгой, хувцасны өлгүүрээрээ дуудагддаг муу нэр, луу данстай үе үеийн загвар өмсөгчдийн араас оролгүй, өөрийнхөө ертөнцийг өөрөө бүтээх их ирээдүйг түүнд хүсье. Цэл залуу, цэцэг шиг 18 насаа хайрлаж яваарай, Дулмаа.



Сэтгэгдэл (3)