Орой дээрээ салхинд намирах огт үсгүй олны танил эрхмүүд өч төчнөөн байдаг. Төрөлхийн халзан, төрсөн хойноо хусуулсан гээд... Тэгвэл тэдгээр нөхдийн заримыг нь уншигч танд танилцуулъя. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга
Улс төрд ид гялалзаж явахдаа Казиногийн тухай хууль санаачилж, УИХ-д өргөн барьсныхаа төлөө шүүхээс ял сонсож байсан энэ эрхэм төрөлхийн халзан. Үргэлж хүндтэй албанд дээгүүр эрэмбэлэгдэж ирсэн нь түүний энэ үс багатай ч үнэ цэнэтэй толгойтой холбоотой гэдэг.

Реппер Gee
Үндсэн мэргэжил нь сэтгүүлч, үг хэллэг нь үнэн хийгээд хурц реппер залууг би хувьдаа үстэй байхыг нь үзээгүй. Тэр үргэлж хусуулдаг эс бөгөөс ургахаа байсан гэх хоёрхон сонголт бий.

Дуучин Т.Дэлгэрмөрөн
Үргэлж стиль, имижээ өөрчилж, загвар бүрийн хувцасыг ёоз, дүүзээр нь сольж байдаг энэ эрхэм ганцхан зүйлдээ үнэнч. Мэдээж тэр нь хүний урманд цухуйх ганц ч үсгүй өл халзан толгой.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
АН-ын ааг бярыг мэдрүүлж, өнгөрсөн сонгуульд амжилт гаргахад хамгийн их хувь нэмэр оруулж, “үсээ халзартал” толгойгоо гашилгасан эрхэм бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат. Түүний энэ үс төрөлхийнх бөгөөд улс төрд орсон тэр цагаас хойш эрхэм гишүүнийг энэ л үсээр нь ялгах болсон.

Жүжигчин Ж.Мөнхсайхан
Өл халзан Мөнхөөг хүн бүр мэднэ. Парик зүүж хаа нэгтээ тайзнаа гардагийг эс тооцвол Ж.Мөнхсайхан мөнхийн халзан хүмүүсийн нэгэнд зүй ёсоор багтана.

Дуучин BX
Өвөрмөгц стиль, дуу хоолой басхүү “korea” маягийн үсээрээ анхлан олонд танигдсан энэ эрхэм халзан болоод нэг их удаагүй. Түүний энэхүү шинэ хэв маяг нь харин зохисон эсэхийг уншигч та дүгнээрэй.

Яруу найрагч Ж.Мөнхбат
Магнай хэсэгтээ үсгүй МАН-ын үнэнч жагсагч Ж.Мөнхбатыг олон хүн танина. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан төрийг эсэргүүцэн шүгэл тачигнуулж явсан түүний үс ийм ахархан байдгийг зарим хүмүүс “хүчирхэг” хэмээн тайлбарлах юм билээ. Халзан болох нь эрчүүдийн генийн давуу талыг илэрхийлдэг бөгөөд тэд бусадтай харьцуулахад байгалиасаа хүчирхэг байдаг гэнэ. Тэгээд л түүнийг хэл амтай болоод халзан болохоор нь хүчирхэг гэсэн аж.

Ер нь гялалзсан толгойтой эрчүүдийн давуу тал толгой дээрээ бичигдсэн байдаг ба энэ нь тэдний нийгэм дэх байр суурь өсөхөд ч нөлөөлж магадгүй гэнэ лээ. Тэгэхээр энэ хүчирхэг хэмээх тодотгол хусуулсан эрхмүүдэд бус дээр дурьдсан хийгээд дурьдаагүй үлдээсэн төрөлхийн халзан нөхдөд туйлын их хамаатай байх нь.
Сэтгэгдэл байхгүй байна